ЕЗРА 4
4
1Цөллөгөөс ирсэн хүмүүс Израилийн Бурхан ЭЗЭНд сүм барьж байгааг Иуда, Бениамины дайснууд сонсоод, 2Зеруббабел болон эцгүүдийн бүлүүдийн тэргүүнүүдэд хандан,
—Бид та нартай хамт барилцъя. Учир нь бид та нартай адил танай Бурханыг хайдаг. Биднийг энд авчирсан Ассирийн хаан Есархаддоны өдрүүдээс хойш бид Түүнд тахил өргөсөөр байв гэв. 3Гэвч Зеруббабел, Иешуа болон Израилийн эцгүүдийн бүлүүдийн бусад тэргүүнүүд тэдэнд
—Манай Бурханд өргөө барилцахад та нарт бидэнтэй адил зүйл юу ч байхгүй! Харин Персийн хаан Корешийн бидэнд тушаасан ёсоор Израилийн Бурхан ЭЗЭНд зориулан бид өөрсдөө босгох болно гэв. 4Тэгэхэд тэр газрын ард түмэн Иудагийн хүмүүсийн урмыг нь мохоож, цаашид барихад нь тэднийг айлгаад, 5Персийн Кореш хааны бүх өдрүүдэд Персийн Дариус хааны хаанчлах хүртэл тэдний зөвлөлийг нураалгахаар тэдний эсрэг зөвлөгчдийг хөлсөлжээ.
6Ахашверошийн хаанчлалын үед, түүний хаанчлалын эхэнд тэд Иерусалим ба Иудагийн оршин суугчдын эсрэг буруушаах бичгийг бичив.
7Артаксерксын өдрүүдэд Бишлам, Митредат, Табеел болон түүний бусад хамтрагчид нь Персийн Артаксеркс хаанд захидал бичсэн бөгөөд уг захидлын эх бичиг нь арамей хэлээр бичигдэж арамейгаас орчуулагдсан болно. 8Захирагч Рехум болон гүүш Шимшаи нар Артаксеркс хаанд Иерусалимын эсрэг дараах захидлыг бичив. 9Захирагч Рехум, гүүш Шимшаи болон тэдний бусад хамтрагчид, шүүгчид, бага тушаалын захирагчид, албан хаагчид, нарийн бичгийн дарга нар, Ерехийн хүмүүс, вавилончууд, Сусын хүмүүс болох еламчууд, 10бусад хүмүүс буюу агуу, хүндэт Оснаппарын Самарийн хот хийгээд Евфрат мөрний тэртээх бусад газар шилжүүлэн суурьшуулсан хүмүүс хамт бичив хэмээв. 11Энэ бол тэдний түүнд илгээсэн захианы хуулбар юм. “Артаксеркс хаанд: таны зарц, Евфрат мөрний тэртээх хүмүүс илгээв. 12Эдүгээ танаас ирсэн иудейчүүд бидэн уруу Иерусалимд ирсэн юм. Тэд тэрслүү, хорон муу хотыг дахин босгож, хэрмийг нь барьж дуусган, суурийг нь засаж буйг хаан мэдтүгэй! 13Хэрэв тэр хотыг дахин босгож, хэрмүүдийг нь барьж дуусгах юм бол тэд алба гувчуур, гааль, татварыг төлөхгүй бөгөөд энэ нь хаадын орлогод хохирол учруулна гэдгийг хаан мэдтүгэй! 14Бид ордонд үйлчилдэг учир бидний хувьд хааны доромжлогдохыг үзэх нь үл зохих бөгөөд тиймээс бид үүнийг илгээж, хаанд мэдээллээ. 15Энэ нь таны эцэг өвгөдийн бичлэгийн номуудад судалгаа явуулахын тулд юм. Тэгээд та бичлэгийн номуудаас тэр хот тэрслүү бөгөөд хаан болон мужуудад хохирол учруулагчид, мөн тэд өнгөрсөн өдрүүдэд тэр хотод бослого өдөөж байсан гэдгийг мэдэх болно. Тиймээс тэр хот эзгүй хоосон болсон. 16Хэрэв тэр хот дахин босгогдож, хэрмүүд нь баригдаж дуусвал, үр дүнд нь та Евфрат мөрний тэртээх мужид ямар ч эзэмшилгүй болно гэдгийг бид хаанд мэдээлж байна” гэв.
17Тэгэхэд захирагч Рехум, гүүш Шимшаи болон Самари, Евфрат мөрний тэртээх мужийн бусад нутгуудаар амьдрагч тэдний бусад хамтрагчдад хаан хариу илгээж “Амар тайван болтугай! 18Та нарын бидэнд илгээсэн баримт бичиг орчуулагдаж, надад уншуулсан болой. 19Би зарлиг гарган, судалгаа хийсэнд, тэр хот өнгөрсөн өдрүүдэд хаадын эсрэг босож байсан бөгөөд энэ хотод үймээн бослого болж байсан гэдгийг олж мэдлээ. 20Мөн Иерусалимыг захирдаг хүчирхэг хаад байж, Евфрат мөрний тэртээх бүх мужийг захиран өөрсдөдөө алба гувчуур, гааль ба татвар төлүүлж байсныг олж мэдэв. 21Тиймээс одоо тэдгээр хүмүүсийг ажлаа зогсоож, намайг зарлиг гаргатал тэр хотыг дахин босгож болохгүй хэмээн тушаа. 22Энэ хэргийг гүйцэтгэхдээ хайнга хандахаас болгоомжил. Хаадад хор хохирол учруулахыг ихэсгэх хэрэг юу байна вэ?” хэмээжээ.
23Тэгээд Артаксеркс хааны баримт бичгийн хуулбарыг Рехум, гүүш Шимшаи болон тэдний хамтрагчдын өмнө уншмагц, тэд Иерусалим уруу иудейчүүд уруу яаран очиж, тэднийг зэвсгийн хүчээр зогсоов.
24Тэгээд Иерусалим дахь Бурханы өргөөний ажил зогслоо. Энэ нь Персийн хаан Дариусын хаанчлалын хоёр дахь жил хүртэл зогсов.
Currently Selected:
ЕЗРА 4: АБ2004
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society