ЕЗЕКИЕЛ 8
8
1Зургаа дахь жилийн зургадугаар сарын тавны өдөр, би гэртээ сууж байсан ба Иудагийн ахмадууд миний өмнө сууж байлаа. Тэр үед Эзэн БУРХАНы мутар тэнд миний дээр буув. 2Тэгэхэд би харсан бөгөөд харагтун, хүний дүртэй төстэй зүйл үзэгдэв. Түүний ууцнаас дооших нь гал мэт, Түүний ууцнаас дээших нь улайссан төмөр мэт харагдав. 3Тэр гарын дүрс мэт юмыг сунган, миний толгой дээрх туг үснээс барив. Тэгэхэд Сүнс намайг газар тэнгэрийн хооронд өргөж, Бурханы үзэгдлүүдийн дотор намайг Иерусалим уруу авч яван, атаархал төрүүлэгч атаархлын шүтээний суудал байрлах дотор хашааны хойд хаалганы үүдэнд авчрав. 4Харагтун, талд миний үзсэн дүрстэй адил Израилийн Бурханы цог жавхлан нь тэнд байв.
5Тэгээд Тэр надад
—Хүний хүү, одоо хойд зүг уруу нүдээ өргө гэв. Тийнхүү би хойд зүг уруу нүдээ өргөн харахад, харагтун, тахилын ширээт хаалганы хойд талд үүдэнд атаархлын тэр шүтээн байв. 6Тэгээд Тэр надад
—Хүний хүү, чи тэдний юу үйлдэж буйг болон Би Өөрийн ариун газраас хол байхаар Израилийн гэрийн энд үйлдэж буй аугаа жигшүүрүүдийг харж байна уу? Гэсэн ч чи үүнээс илүү их жигшүүрт хэргийг харах болно гэв.
7Дараа нь Тэр намайг хашааны үүдэнд авчрав. Намайг харахад, харагтун, хананд нэгэн нүх байв. 8Тэр надад
—Хүний хүү, одоо ханыг нүхэл гэв. Тиймээс би ханыг нүхлэхэд, харагтун, нэгэн үүд байв. 9Тэгээд Тэр надад
—Дотогш орж, тэдний энд үйлдэж буй бузар жигшүүрт юмсыг хар гэв. 10Тиймээс би орж харахад, харагтун, мөлхөгчдийн аливаа хэлбэр болон араатан амьтад болон бузар зүйлийг Израилийн гэрийн хамаг шүтээнүүдтэй хамт эргэн тойронд ханан дээр сийлсэн байв. 11Израилийн гэрийн далан ахмадууд өөрсдийнхөө дунд зогсож буй Шафаны хүү Иаазаниатай хамт тэдний урд зогсож байсан. Хүн бүр гартаа бойпор барьж, утлагын үүлэн анхилуун үнэр уугиж байв. 12Тэгээд Тэр надад
—Хүний хүү, чи Израилийн гэрийн ахмадууд харанхуйд, хүн бүр өөрийн сийлмэл хөргийн өрөөнд юу үйлдэж буйг харав уу? Учир нь тэд “ЭЗЭН биднийг хардаггүй. ЭЗЭН энэ нутгийг орхив” хэмээдэг гэв. 13Тэр надад
—Гэсэн ч чи тэдний үйлдэж буй илүү их жигшүүрт хэргийг харах болно гэв.
14Дараа нь Тэр намайг ЭЗЭНий өргөөний хойшоо харсан хаалганы үүд уруу авчирлаа. Харагтун, эмэгтэйчүүд Таммузын төлөө уйлан тэнд сууцгааж байв. 15Тэр надад
—Хүний хүү, чи харсан уу? Гэсэн ч чи эдгээрээс ч илүү их жигшүүрт хэргийг харах болно гэв.
16Дараа нь тэр намайг ЭЗЭНий өргөөний дотоод хашаан дотор авчрав. Харагтун, үүдний танхим болон тахилын ширээний хооронд нуруугаа ЭЗЭНий сүм уруу, нүүрээ зүүн зүгт харуулсан хорин тав орчим хүн ЭЗЭНий сүмийн үүдэнд байлаа. Тэд зүүн зүгт наранд мөргөж байв. 17Тэр надад
—Хүний хүү, чи үүнийг харж байна уу? Иудагийн гэрийнхэн энэ газрыг хүчирхийллээр дүүргэж, Намайг дахин давтан уцаарлуулснаараа тэдний энд үйлдсэн жигшүүрт хэргийг үйлдэх нь тэдний хувьд хэтэрхий хөнгөн байна гэж үү? Харагтун, тэд өөрсдийн хамарт мөчир хатгаж байна. 18Тийм учраас Би үнэхээр хилэн дотор үйлдэнэ. Миний мэлмий өрөвдөхгүй, Би хэлтрүүлэхгүй. Тэд Миний чихэнд чанга дуугаар хашхирсан ч Би тэднийг сонсохгүй гэсэн.
Currently Selected:
ЕЗЕКИЕЛ 8: АБ2004
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society