ЕЗЕКИЕЛ 42
42
1Тэгээд тэр хойд зүг уруу чиглэн намайг гаднах хашаанд авчирлаа. Тэрээр тусгаарлагдсан талбай болон барилгын харалдаа орших хойд зүг уруу чиглэсэн танхим уруу намайг дагуулж ирэв. 2Зуун тохой болох түүний уртынх нь дагуу явахад хойд хаалга байсан. Өргөн нь тавин тохой байв. 3Дотоод хашаанд хамаарах хорин тохойны эсрэг талд болон гаднах хашаанд хамаарах засмал замын эсрэг талд гурван давхар дахь хонгилтой харалдаа хонгил байв. 4Танхимуудын өмнө арван тохой өргөнтэй, зуун тохой урттай дотоод зам байв. Тэдгээрийн орох үүднүүд нь хойд талд байв. 5Байшин дахь доод ба дунд давхрын танхимуудаас илүү их зайг хонгилууд эзэлсэн тул дээд давхрын танхимууд илүү бага байв. 6Эдгээр нь гурван давхраар орших бөгөөд хашааны баганатай адил ганц ч багана байсангүй. Тийм учраас дээд давхрын танхимууд нь доод ба дунд давхрынхаас арай бага байв. 7Танхим уруу харсан гаднах хашааны зүгт чиглэсэн гаднах хэрмийн хувьд гэвэл, түүний урт нь тавин тохой байв. 8Учир нь гаднах хашаанд байсан танхимуудын урт нь тавин тохой байв. Харагтун, сүм уруу харсан танхимуудын урт нь зуун тохой байв. 9Эдгээр танхимуудын доод талд нь гаднах хашаанаас тэдэн уруу орох үүд шиг тийм үүд зүүн талд нь байв.
10Тусгаарлагдсан талбай болон байшин уруу харсан, зүүн зүг уруу чиглэсэн хашааны хэрмийн өргөн дотор нь танхимууд байв. 11Тэдгээрийн өмнөх зам нь хойд талын танхимуудын байдалтай адил урт бөгөөд тэдгээрийн өргөний дагуу ба тэдгээрийн бүх гарцууд нь байгууламж болон орох хаалгуудын дагуу байв. 12Танхимуудын өмнө зүг уруу чиглэсэн орох хаалгануудтай адил замын эхэнд үүд байсан ба тэдгээр уруу ороход, зам нь зүүн зүг уруу чиглэсэн хэрмийн урд талд байв.
13Дараа нь тэр надад
—Тусгаарласан талбайн харалдаа буй хойд танхимууд болон өмнөд танхимууд бол ЭЗЭНд ойрхон байгаа тахилч нар хамгийн ариун юмсыг идэх ариун танхимууд юм. Тэнд тэд хамгийн ариун юмс, идээн өргөл, нүглийн төлөөх тахил, гэмийн төлөөх тахил зэргийг тавих болой. Учир нь тэр газар бол ариун юм. 14Тахилч нар дотогш орвол, үйлчлэхдээ өмссөн хувцсаа тэнд нь тайлж, орхилгүйгээр ариун газраас гаднах хашаа уруу гарах ёсгүй. Учир нь тэдгээр хувцаснууд нь ариун юм. Тэд өөр хувцас өмсөх ёстой. Дараа нь тэд ард түмэнд зориулагдсанд хүрч болно гэв.
15Тэр доторх сүмийг хэмжиж дуусаад намайг зүүн зүг уруу харсан дааман хаалганд гадагш авчирч, эргэн тойрныг бүхэлд нь хэмжив. 16Тэр хэмжих саваагаар зүүн талыг хэмжихэд, хэмжих саваагаар таван зуун саваа байв. 17Тэр хойд талыг хэмжихэд, хэмжих саваагаар таван зуун саваа байв. 18Өмнө талд тэр хэмжих саваагаар таван зуун савааг хэмжив. 19Тэрээр баруун тал уруу эргээд, хэмжих саваагаар таван зуун саваа хэмжив. 20Тэр түүнийг дөрвөн талд нь хэмжив. Энэ нь ариун болон бузрыг хооронд нь ялгахаар эргэн тойронд хэрэмтэй бөгөөд урт нь таван зуу, өргөн нь таван зуу байв.
Currently Selected:
ЕЗЕКИЕЛ 42: АБ2004
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society