ЕЗЕКИЕЛ 18
18
1Дараа нь ЭЗЭНий үг надад ирж,
— 2Израилийн газрын тухай “Эцгүүд нь гашуун усан үзмийг идэж, харин хүүхдүүдийнх нь шүд мохно” хэмээх энэхүү зүйр үгийг та нар өгүүлснээрээ юуг хэлэхийг хүсдэг вэ? 3Би Өөрийн амьд буйгаар тангараглая. Та нар үнэхээр энэ зүйр үгийг Израильд дахин хэрэглэхгүй» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна. 4“Харагтун, бүх сүнс Минийх юм. Эцгийн сүнс, хөвгүүний сүнстэй адил Минийх юм. Нүглийг үйлдэгч сэтгэл нь үхэх болно. 5Гэвч хэрэв хүн нь зөвт бөгөөд шударга, үнэн зөвийг үйлдэн, 6уулын бунхан дээр үл идэн, Израилийн гэрийн шүтээнүүд уруу нүдээ өргөлгүй, хөршийнхөө эхнэрийг эс бузарлан, сарын тэмдгийнх нь үед эмэгтэйд хүрдэггүй бол, 7хэрэв хүн хэнийг ч үл дарлан, харин өртөнд барьцааных нь юмыг буцааж өгдөг бол, дээрэм тонуул хийдэггүй, харин өлссөн хүнд өөрийн талхыг өгч, нүцгэн хүнд хувцас нөмөргөдөг бол, 8хэрэв тэр мөнгийг хүүтэй зээлүүлдэггүй, эсвэл өсгөж авдаггүй бол, хэрэв тэр өөрийн гараа гэм буруугаас татаж, хүн хүний хооронд үнэн шүүхийг гүйцэлдүүлдэг бол, 9хэрэв тэр итгэлтэйгээр хандахын тулд Миний тогтоол болон Миний зарлигаар алхдаг бол тийм хүн зөвт хүн бөгөөд заавал амьдарна” гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.
10“Дараа нь тэр цус урсгадаг, эдгээр зүйлсийн алийг нь ч ах дүүдээ хийдэг хэрцгий хүүтэй болж болох юм. 11Хэдийгээр тэр өөрөө эдгээр зүйлсийн алийг нь ч хийгээгүй боловч хүү нь уулын бунхан дээр хүртэл идэж, хөршийнхөө эхнэрийг бузарлаж, 12ядуу болон үгээгүйг дарлан, дээрэм тонуул хийж, барьцааг буцаадаггүй, харин шүтээнүүд уруу нүдээ өргөж, жигшүүрт хэргийг үйлддэг, 13мөнгийг хүүтэйгээр зээлүүлж, өсгөж авдаг. Тэр амьдрах уу? Тэр амьдрахгүй. Тэр эдгээр бүх жигшүүрт юмсыг үйлдсэн учир тэр заавал үхэх болно. Түүний цус түүний өөрийнх нь толгой дээр байх болно.
14Одоо харагтун, эцгийнхээ үйлдсэн бүх нүглийг ажигласан бөгөөд ажиглахдаа түүнчлэн үйлдээгүй хүүтэй хүн байжээ. 15Тэр уулын бунхан дээр үл идэн, Израилийн гэрийн шүтээнүүд уруу нүдээ үл өргөн, хөршийнхөө эхнэрийг эс бузарлан, 16хэнийг ч үл дарлан, барьцааны юмыг үл даран, дээрэм тонуул хийлгүй, харин өлссөн хүнд өөрийн талхыг өгч, нүцгэнд хувцас нөмөргөн, 17тэр ядуучуудаас гараа аван, хүү эсвэл нэмэгдлийг үл аван, харин Миний зарлигийг гүйцэлдүүлж, Миний тогтоолыг дагаж явдаг. Тэр эцгийнхээ гэм буруугийн төлөө үхэхгүй, заавал амьдарна. 18Түүний эцгийн хувьд гэвэл, тэр авилгалыг үйлдэн, ах дүүгээ тонон, өөрийн ард түмний дунд сайн бусыг үйлдсэн учраас харагтун, тэр өөрийн гэм буруугийн төлөө үхнэ.
19Гэсэн ч та нар «Яагаад хүү нь эцгийнхээ гэм буруугийн төлөөх шийтгэлийг эс үүрнэ вэ?» хэмээн өгүүлдэг. Хүү нь шударга, үнэн зөвийг үйлдэн, Миний хамаг тогтоолыг сахин тэдгээрийг үйлдсэн үед тэр заавал амьдарна. 20Нүглийг үйлдэгч нь үхэх болно. Хүү нь эцгийнхээ гэм буруугийн төлөөх шийтгэлийг үүрэхгүй, эцэг нь ч хүүгийнхээ гэм буруугийн төлөөх шийтгэлийг үүрэхгүй. Зөвт хүний зөв байдал өөр дээр нь байж, хорон муу хүний хорон муу байдал өөр дээр нь үлдэнэ.
21Гэвч хэрэв хорон муу хүн өөрийн үйлдсэн хамаг нүглээс эргэж, Миний бүх тогтоолыг сахин, шударга, үнэн зөвийг үйлдэх аваас тэр нь заавал амьдарна. Тэр үхэхгүй. 22Түүний үйлдсэн хамаг хилэнц нь түүний эсрэг үл дурсагдана. Түүний үйлдсэн үнэн зөвөөс болж тэр амьдарна. 23Хорон муу хүнийг өөрийнхөө замаас эргэж, амьдрахаас нь илүүгээр түүний үхэлд Би баярлана гэж үү? гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.
24Гэвч зөвт хүн өөрийн үнэн зөвөөс эргэж, хууль бусыг үйлдэж, хорон муу хүний хийх хамаг жигшүүрт хэргийн дагуу үйлдэх аваас тэр нь амьдрах уу? Түүний үйлдсэн бүх зөвт хэргүүд нь түүний үйлдсэн урвалт болон нүглийн төлөө үл дурсагдана. Тэдний төлөө тэр үхэх болно. 25Гэсэн ч та нар “Эзэний зам нь зөв бус юм” хэмээн өгүүлдэг. Одоо сонсогтун, Израилийн гэр ээ! Миний зам нь зөв бус гэж үү? Зөв бус нь та нарын замууд бус уу? 26Зөвт хүн өөрийн үнэн зөвөөс эргэж, хууль бусыг үйлдэж, түүнээсээ болж үхэх аваас тэр нь өөрийн үйлдсэн хууль бусын төлөө л үхэх болно. 27Дахин хорон муу хүн өөрийн үйлдсэн хорон муугаас эргэж, шударга хийгээд үнэн зөвийг хэрэгжүүлэх аваас тэр өөрийн амийг аврах болно. 28Тэр эргэцүүлээд, өөрийн үйлдсэн хамаг гэм буруугаас эргэсэн учраас тэр заавал амьдарна. Тэр үхэхгүй. 29Гэвч Израилийн гэр “Эзэний зам нь зөв бус” хэмээн өгүүлдэг. Израилийн гэр ээ, Миний замууд зөв бус гэж үү? Зөв бус нь та нарын замууд бус уу?
30“Тиймийн тулд Израилийн гэр ээ, Би та нарыг хүн бүрийнх нь байгаа байдлын дагуу шүүнэ” гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна. “Хууль бус нь та нарт бүдрэх чулуу болчихгүйн тулд гэмшиж, өөрсдийн бүх гэм буруугаас эргэ. 31Үйлдсэн хамаг гэм буруугаа чи өөрөөсөө зайлуулж, өөрийгөө шинэ зүрх, шинэ сүнстэй болго. Учир нь Израилийн гэр ээ, яагаад чи үхнэ вэ? 32Учир нь Би үхэгсдийн хэнийх нь ч үхэлд баярладаггүй” гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна. “Тиймээс гэмшиж, амьдар”.
Currently Selected:
ЕЗЕКИЕЛ 18: АБ2004
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society