YouVersion Logo
Search Icon

ЕЗЕКИЕЛ 12

12
1Тэгээд ЭЗЭНий үг надад ирж,
2Хүний хүү чи тэрслүү гэрийн дунд амьдарч байна. Тэд бол тэрслүү гэр учраас харах нүдтэй боловч эс харж, сонсох чихтэй боловч үл сонсдог. 3Тийм учраас хүний хүү чи өөртөө цөлөгдөхөд зориулан ачааг бэлдэж, тэднийг харж байхад нь өдрөөр цөллөгт яв. Бүр тэднийг харж байхад нь өөрийнхөө газраас өөр газар уруу цөллөгт яв. Тэд тэрслүү гэр боловч ойлгож магадгүй. 4Өөрийн ачааг өдрөөр тэднийг харж байхад нь цөллөгийн ачаа мэт гарга. Дараа нь чи цөллөгт явж буй хүмүүсийн адил тэднийг харж байхад нь үдшээр гарч яв. 5Тэднийг харж байхад хананд нүх гаргаж, түүгээр гарч яв. 6Тэднийг харж байхад ачаагаа мөрөндөө үүрч, харанхуйд авч яв. Би чамайг Израилийн гэрт зориулсан тэмдэг болгож тавьсан учир чи газрыг харж чадахгүй байхаар нүүрээ бүтээх ёстой гэв.
7Тийнхүү би тушаасан ёсоор хийлээ. Өдрөөр би өөрийн ачааг цөллөгийн ачаа мэт гаргасан. Тэгээд үдэш нь би өөрийнхөө гараар ханыг нүхэлсэн. Би харанхуйд гарч, тэднийг харж байхад нь ачаагаа мөрөн дээрээ үүрэн явлаа.
8Өглөө нь ЭЗЭНий үг надад ирж,
9Хүний хүү, тэрслүү гэр болох Израилийн гэр чамд “Чи юуг үйлдэж байна вэ?” хэмээн хэлээгүй юү? 10Тэдэнд “Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Энэ зөн нь Иерусалим дахь ноён хийгээд тэнд буй Израилийн хамаг гэрт хамаатай юм»” хэмээн өгүүл. 11Бас “Би та нарт тэмдэг болно. Миний үйлдсэн шиг тэдэнд ч мөн үйлдэгдэнэ. Тэд олзлогдогсод болж цөллөгт явна” гэж хэл. 12Тэдний дунд буй ноён харанхуйд ачаагаа мөрөндөө үүрэн, гарч явна. Гарч явахын тулд тэд хананд нүх гаргана. Тэр нүүрээ бүтээх болно. Ингэснээр тэр өөрийн нүдээр газрыг харж чадахгүй. 13Би бас түүний дээр Өөрийн торыг хаяж, тэр Миний урхинд орно. Тэгээд Би түүнийг халдеичуудын нутаг дахь Вавилонд аваачна. Тэрээр тэнд үхэх боловч тэр газрыг үзэхгүй. 14Түүнийг хүрээлэгч бүгдийг, туслагчид болон түүний цэргүүдийг Би зүг бүрд тараах болно. Би тэдний араас илдийг сугалах болно. 15Тийнхүү Би тэднийг үндэстнүүдийн дунд тарааж, улсуудын дунд түгээх үед тэд Намайг ЭЗЭН гэдгийг мэдэх болно. 16Гэвч тэд очих үндэстнүүдийнхээ дунд өөрсдийн хамаг жигшүүрт юмсаа ярихын тулд Би тэднээс цөөхөн хүнийг илд, өлсгөлөн болон тахлаас хэлтрүүлэх болно. Тэгснээр тэд Намайг ЭЗЭН гэдгийг мэдэх юм гэв.
17Түүнээс гадна, ЭЗЭНий үг надад ирж,
18Хүний хүү, чичрэн байж талхаа идэн, дагжин, зовниж усаа уу. 19Дараа нь нутгийн ард түмэнд “Израилийн нутаг дахь Иерусалимын оршин суугчдын тухай Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Тэд түгшүүртэйгээр талхаа идэж, айдастайгаар усаа уух болно. Учир нь, тэдний нутаг нь тэнд амьдрагч бүгдийн хүчирхийллээс болж өөрийн элбэг байдлаа тонуулах болно. 20Хүмүүсийн сууж байсан хотууд балгас болж, газар нь эзгүйрнэ. Тиймээс та нар Намайг ЭЗЭН гэдгийг мэдэх болно»” хэмээн өгүүл гэлээ.
21Дараа нь ЭЗЭНий үг надад ирж,
22Хүний хүү, Израиль нутгийн тухай “Өдрүүд урт ба аливаа үзэгдэл үгүй болно” хэмээн өгүүлж буй танай хүмүүст байдаг тэр зүйр үг нь юу вэ? 23Тиймийн тул тэдэнд “Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Би энэ зүйр үгийг болиулна. Тэгснээр тэд үүнийг цаашид зүйр үг болгон Израильд хэрэглэхээ болино». Харин «Өдрүүд нь аливаа үзэгдлийн биелэлтэй хамт ойртож байна» хэмээн тэдэнд хэл. 24Учир нь цаашид ямар ч хуурамч үзэгдэл, зусардах мэргэ төлөг Израилийн гэрийн дотор үгүй болно. 25Учир нь ЭЗЭН Би айлдаж, Миний айлдсан үг болгон биелэгдэх болно. Энэ нь огтхон ч удаашрахгүй. Учир нь тэрслүү гэр ээ, чиний өдрүүдэд Би үгээ айлдаж, түүнийгээ биелүүлнэ» хэмээн Эзэн БУРХАН тунхаглаж байна” гэж өгүүл гэсэн.
26Бас цааш нь ЭЗЭНий үг надад ирж,
27Хүний хүү, харагтун, Израилийн гэр “Түүний үздэг үзэгдэл нь одоогоос олон жилийн хойших үеийнх бөгөөд тэр алс ирээдүйн тухай эш үзүүлж буй” хэмээн ярьж байна. 28Тиймийн тул тэдэнд “Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Миний үгсийн аль нь ч хойшид удаашрахгүй. Миний айлдах ямар ч үг биелэгдсэн байх болно»” хэмээн өгүүл гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна гэж өгүүл хэмээв.

Currently Selected:

ЕЗЕКИЕЛ 12: АБ2004

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in