YouVersion Logo
Search Icon

ЕГИПЕТЭЭС ГАРСАН НЬ 7

7
1ЭЗЭН Мосед
—Үз. Би чамайг Фараонд Бурхан шиг болгосон. Чиний ах Аарон эш үзүүлэгч чинь болно. 2Миний чамд тушаасан бүхнийг чи хэл. Чиний ах Аарон “Израилийн хөвгүүдийг нутгаасаа явуул” хэмээн Фараонд хэлэх болно. 3Гэвч Би Фараоны зүрхийг хатууруулж, Өөрийн тэмдэг ба Өөрийн гайхамшгуудыг Египетэд олон болгоно. 4Фараон та нарыг сонсохгүй үед Би Өөрийн мутрыг Египет дээр тавьж, агуу шийтгэлүүдээр дамжуулж, Өөрийн цэргүүд болох Өөрийн ард түмэн Израилийн хөвгүүдийг Египетийн нутгаас гаргана. 5Би Өөрийн мутраа Египет дээр сунгаж, Израилийн хөвгүүдийг тэдний дундаас гаргахад египетчүүд Намайг ЭЗЭН гэдгийг мэдэх болно гэв. 6ЭЗЭНий өөрсдөд нь тушаасан ёсоор Мосе, Аарон нар үүнийг хийв. Тэд тийнхүү хийв. 7Тэд Фараонд хэлэх үед Мосе наян настай, Аарон наян гурван настай байв.
8ЭЗЭН Мосе, Аарон нартай ярин
9Фараон та нарыг “ Гайхамшиг үзүүл” гэвэл, чи Ааронд “Таягаа авч, могой болгохоор Фараоны өмнө түүнийг хая” гэж хэл хэмээн айлдав. 10Мосе, Аарон нар Фараон уруу очиж, ЭЗЭНий тушаасан ёсоор яг тийнхүү үйлдэв. Аарон таягаа Фараон ба түүний зарц нарын өмнө хаяхад тэр нь могой болов. 11Фараон ч бас мэргэд ба илбэчдийг дуудав. Египетийн илбэчид ч бас өөрсдийн илбээрээ нэгэн адил үйлдэв. 12Тэд бүгдээрээ өөрсдийн таягуудаа хаяж, тэдгээр нь могой болсон боловч Аароны таяг тэдний таягуудыг залгив. 13Гэсэн ч Фараоны зүрх хатуурч, ЭЗЭНий айлдсанчлан тэр тэднийг сонссонгүй.
14ЭЗЭН Мосед
—Фараоны зүрх хатуу юм. Тэр ард түмнийг явуулахаас татгалзаж байна. 15Өглөө Фараон уруу оч. Түүнийг ус уруу ирэхэд, түүнтэй уулзахаар чи Нилийн эрэг дээр зогс. Могой болсон таягаа чи гартаа барь. 16Чи түүнд “Еврейчүүдийн Бурхан ЭЗЭН намайг чам уруу илгээж «Миний ард түмнийг явуул. Тэд цөлд Надад үйлчилнэ» гэсэн. Харагтун. Гэтэл чи одоо болтол сонссонгүй. 17Иймээс ЭЗЭН айлдаж байна. «Чи үүгээр Намайг ЭЗЭН гэдгийг мэдэх болно. Үзэгтүн, би гартаа байгаа таягаараа Нилийн усыг цохиход тэр нь цус болно. 18Нилд буй загас үхэж, Нил мөрөн өмхийрч, египетчүүд Нилээс ус уухад хэцүү болно»” гэж хэл хэмээн айлджээ. 19ЭЗЭН Мосед
—Чи Ааронд “Таягаа авч, гараа Египетийн усан дээгүүр, тэдний гол мөрөн, горхи, цөөрөм, бүх усан сангууд дээгүүр сунга. Тэдгээр нь бүгд цус болог. Египетийн бүх нутаг даяар модон, чулуун саванд цус байх болно” гэж хэл хэмээн айлдав.
20Мосе, Аарон нар ЭЗЭНий тушаасан ёсоор үйлдэв. Тэр таягаа өргөж, Фараон ба түүний зарц нарын нүдний өмнө Нилийн усыг цохисонд, Нилийн бүх ус нь цус болон хувирав. 21Нилийн загас үхэж, Нил өмхийрсөнд, египетчүүд Нилийн уснаас ууж чадахгүй болсон. Египетийн бүх газарт цус байв. 22Гэвч Египетийн илбэчид ч илбээрээ түүн шиг үйлдсэнд, Фараоны зүрх хатуурч, ЭЗЭНий айлдсанчлан тэр тэднийг сонссонгүй. 23Фараон буцаж ордондоо оров. Тэр үүнд зүрхээ хандуулсангүй. 24Египетчүүд бүгдээрээ Нилийн уснаас ууж чадахгүй болсон учир, уух ус олохын тулд Нилийн эргэн тойронд газар ухав. 25ЭЗЭН Нилийг цохисноос хойш долоо хоног өнгөрөв.

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in