YouVersion Logo
Search Icon

ЕГИПЕТЭЭС ГАРСАН НЬ 5

5
1Үүний дараа Мосе, Аарон нар Фараонд очиж
—Израилийн Бурхан ЭЗЭН ийнхүү айлдаж байна. “Миний ард түмнийг явуул. Тэд цөлд Надад баярын ёслол үйлдэг” гэж хэлэв. 2Харин Фараон
—ЭЗЭН гэгч хэн болоод, Израилийг явуул гэсэн Түүний үгийг би дагах ёстой юм бэ? Би ЭЗЭНийг мэдэхгүй, Израилийг ч явуулахгүй гэж хэлэв. 3Тэд
—Еврейчүүдийн Бурхан бидэнтэй уулзсан. Цөл уруу гурван өдрийн аянд биднийг явуулаач. Бид өөрсдийн Бурхан ЭЗЭНд тахил өргөе. Эс тэгвэл Тэр бидэн дээр тахал болон сэлэмтэй бууна гэцгээв. 4Харин Египетийн хаан тэдэнд
—Мосе, Аарон нар аа! Та нар юунд ард түмнийг ажлаас нь хөндийрүүлнэ вэ? Явж өөрсдийнхөө ажлыг хий гэв. 5Фараон
—Хар, энэ газрын ард түмэн эдүгээ маш олон. Та нар тэдний ажлыг зогсоож байна гэж бас хэлэв. 6Ингээд тэр өдөр Фараон ард түмний дээр буй ажлын дарга нар болон харгалзагчдад зарлиг буулгаж,
7Та нар ард түмэнд тоосго хийхэд нь зориулж урьдынх шигээ сүрэл өгдгөө цаашид боль. Тэд явж, өөрсдөдөө сүрэл хурааг. 8Харин тэдний урьд хийж байсан тоосгыг тэр тоогоор нь хийлгэ. Та нар тоог нь бүү хас. Тэд залхуу учир “Биднийг явуулаач. Өөрсдийн Бурханд тахил өргөе” гэж хашхирч байна. 9Тэдний ажлыг бүр хүнд болговол тэд түүнийгээ хийж, худал үгсийг анхаарахаа болино гэв.
10Ингээд ард түмний ажлын дарга нар ба харгалзагчид гарч ирэн, ард түмэнд
—Фараон ингэж хэллээ. “Би та нарт сүрэл өгөхгүй. 11Та нар явж, олдох газраас нь өөрсдөдөө сүрэл түүцгээ. Харин та нарын ажлаас огтхон ч хасахгүй” гэв. 12Ард түмэн сүрлийн оронд тарианы ёзоор түүхийн тулд Египетийн бүх нутгаар тархав. 13Ажлын дарга нар тэднийг шавдуулж,
—Та нарт сүрэл байсан үе шиг өдрийнхөө ногдсон ажлыг өдөрт нь гүйцэтгэ гэв. 14Израилийн хөвгүүдийн харгалзагчид зодуулж
—Та нар өчигдөр, өнөөдөр яагаад урьдын адил тоогоор тоосго хийж гүйцэтгээгүй вэ? гэж асуугдав. Тэднийг Фараоны ажлын дарга нар томилсон ажээ.
15Израилийн хөвгүүдийн харгалзагчид явж, Фараонд
—Та яагаад өөрийнхөө боолуудад ингэж хандана вэ? 16Таны боолуудад ямар ч сүрэл өгөхгүй атлаа “Тоосго хий” гэж тэд хэлж байна. Үзэгтүн, таны боолууд зодуулж байгаад таны ард түмэн буруутай гэж гомдол мэдүүлэв. 17Харин тэр
—Та нар залхуу, залхуу байна. Тиймээс та нар “Биднийг явуулаач. ЭЗЭНд тахил өргөе” гэцгээж байна. 18Тиймээс одоо явж ажиллацгаа. Та нарт сүрэл өгөхгүй боловч та нар тогтоосон хэмжээгээр тоосго хийх ёстой гэж хэлэв. 19“Та нар өдөр бүрийн тоосгыг огтхон ч хасах ёсгүй” гэснийг Израилийн хөвгүүдийн харгалзагчид сонсоод, өөрсдөд нь уй гашуу учирсныг мэдэв. 20Тэд Фараоныхаас гарч ирээд, тэднийг хүлээн зогсож байсан Мосе, Аарон нартай тааралдав. 21Тэд Мосе, Аарон нарт
—Та нар Фараон болон түүний зарц нарын нүдэнд биднийг жигшүүрт зүйл болгон, биднийг алуулах гэж тэдний гарт сэлэм өгч байгаа тул ЭЗЭН та нарыг хараад шүүх болтугай! гэж хэлэв.
22Мосе ЭЗЭНд буцан ирж,
—Өө, Эзэн, Та яагаад энэ ард түмнийг ийм гайд учруулсан бэ? Та юунд намайг явуулсан юм бэ? 23Би Таны нэрээр ярихаар Фараон уруу ирсэн тэр цагаас хойш энэ ард түмэнд тэр их гай тарив. Та Өөрийнхөө ард түмнийг огтхон ч аварсангүй гэж өгүүлэв.

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in