YouVersion Logo
Search Icon

ЕГИПЕТЭЭС ГАРСАН НЬ 37

37
1Безалел хуайс модоор авдар хийсэн бөгөөд түүний урт нь хоёр тохой хагас, өргөн нь нэг тохой хагас, өндөр нь нэг тохой хагас ажээ. 2Тэр түүнийг дотор гаднагүй шижир алтаар бүрээд, түүнийг бүхэлд нь тойруулан алтан эмжээр хийжээ. 3Тэр авдарт зориулж дөрвөн хөл дээр нь дөрвөн алтан цагиргуудыг, нэг талд нь хоёр цагираг, нөгөө талд нь хоёр цагираг байхаар хийжээ. 4Тэгээд хуайс модоор дамнуургууд хийж, тэдгээрийг шижир алтаар бүрэв. 5Авдрыг зөөхийн тулд дамнуургуудаа авдрын хажуу талууд дахь цагиргуудад хийв. 6Тэр шижир алтаар өршөөлийн суудлыг хийсэн бөгөөд түүний урт нь хоёр тохой хагас, өргөн нь нэг тохой хагас ажээ. 7Тэр хоёр алтан херубуудыг хийсэн. Тэдгээрийг өршөөлийн суудлын хоёр үзүүрт давтан хийв. 8Нэг херубыг нэг захад нь, нөгөө херубыг нөгөө захад нь буюу херубуудыг хоёр үзүүрт нь өршөөлийн суудалтай нэгтгэн хийв. 9Херубуудын далавчнууд дээш дэлгэгдсэн бөгөөд далавчаараа өршөөлийн суудлыг бүрхсэн байв. Тэдний нүүр нь бие бие уруугаа харсан ба херубууд нь өршөөлийн суудал уруу харсан байв.
10Тэгээд тэр хуайс модоор урт нь хоёр тохой, өргөн нь нэг тохой, өндөр нь нэг тохой хагас ширээ хийв. 11Тэрээр түүнийг шижир алтаар бүрж, бүхэлд нь тойруулан алтан эмжээр хийв. 12Мөн түүнийг бүхэлд нь тойруулан алганы энгээр хөвөө хийв. Хөвөөг бүхэлд нь захлан алтан эмжээр хийв. 13Тэр түүнд дөрвөн алтан цагираг цутгаад, тэднийг дөрвөн хөлийнх нь дөрвөн өнцөгт байрлуулав. 14Хөвөөний дэргэд цагиргууд буюу ширээг зөөх дамнуургуудад зориулсан тогтоогчууд байжээ. 15Ширээг зөөх дамнуургуудыг тэр хуайс модоор хийж, тэднийг алтаар бүрэв. 16Ширээн дээрх хэрэгслүүд болох ундаан өргөлийг хийх таваг, сав, аяга, хундага мэтийг тэр шижир алтаар хийжээ.
17Тэгээд тэр шижир алтаар дэнлүүний суурийг бүтээв. Тэрээр дэнлүүний суурийг давтаж, суурь болон ишийг түүний хундаганууд, болцуунууд, цэцгүүдийг түүнтэй нэгтгэн холбов. 18Дэнлүүний суурийн хажуугаас нь гарах зургаан салаа байсан бөгөөд нэг хажуугаас нь дэнлүүний суурийн гурван салаа гарч ирж, нөгөө талаас нь дэнлүүний суурийн гурван салаа гарч ирж байв. 19Гурван хундага нь нэг салаан дахь болцуу ба цэцэг мэт гүйлсийн дэлбээнүүдийн хэлбэртэй хийгджээ. Нөгөө гурван хундага нь нөгөө салаан дахь болцуу ба цэцэг мэт гүйлсийн дэлбээнүүдийн хэлбэртэй хийгджээ. Дэнлүүний сууриас гарч ирэх зургаан салааны хувьд ийм байв. 20Дэнлүүний сууринд гүйлсийн дэлбээнүүдийн хэлбэртэй буюу болцуу ба цэцэгтэй нь адил дөрвөн хундага байлаа. 21Дэнлүүний сууриас гарах зургаан салааны хувьд үүнээс гарсан эхний хос салааны доор нэг болцуу, хоёр дахь хос салааны доор нэг болцуу, гурав дахь хос салааны доор нэг болцуу байв. 22Тэдгээрийн болцуунууд болон салаанууд нь дэнлүүний суурьтайгаа нэгдмэл байв. Бүхэлдээ энэ нь шижир алтаар давтаж хийгдсэн нэг бүтээл байжээ. 23Тэр түүний долоон дэнлүүг галын чимхүүр ба тавиуруудтай нь хамт шижир алтаар хийв. 24Дэнлүүний суурь болон бүх хэрэгслийг нэг талант шижир алтаар бүтээв.
25Тэгээд тэр хуайс модоор утлагын тахилын ширээг хийсэн ба эврүүд нь түүнтэй нэгдмэл байв. Түүний урт нь нэг тохой, өргөн нь нэг тохой дөрвөлжин бөгөөд өндөр нь хоёр тохой байв. 26Тэрээр оройг болон хажуу талуудыг нь бүхэлд нь тойруулаад, эврүүдийнх нь хамтаар уг тахилын ширээг шижир алтаар бүрэв. Тэр бүхэлд нь тойруулан алтан эмжээр хийв. 27Түүнийг зөөх дамнуургуудыг тогтоох хоёр алтан цагиргийг эмжээрийнх нь доор, хоёр эсрэг талд нь хийжээ. 28Тэрээр хуайс модоор дамнуургуудыг хийж, тэднийг алтаар бүрэв. 29Тэрээр ариун тослох тос болон сүрчиг найруулагчдын бүтээгдэхүүн болох цэвэр, анхилуун утлагыг амтлагчаар хийв.

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in