YouVersion Logo
Search Icon

ЕГИПЕТЭЭС ГАРСАН НЬ 25

25
1Тэгээд ЭЗЭН Мосед айлдсан нь
2Надад зориулан хандив авчир хэмээн Израилийн хөвгүүдэд хэл. Зүрхэндээ хөтлөгддөг хүн бүрээс Надад өгснийг ав. 3Чиний тэднээс авах хандив нь: алт, мөнгө, хүрэл, 4хөх, ягаан, час улаан өнгийн даавуу, нарийн нэхсэн маалинга, ямааны хялгас, 5улаанаар будсан хуцын арьс, далайн гахайн арьс, хуайс мод, 6гэрэлтүүлгийн тос, тослох тос ба анхилуун утлагад зориулсан амтлагч, 7оникс чулуунууд, ефод болон цээживчинд суулгах чулуунууд болой. 8Би тэдний дунд оршин байхын тулд Надад зориулан тэд ариун газрыг бариг. 9Асар болон түүний бүх эд зүйлсийн загвар болгон Миний чамд үзүүлэх бүхний дагуу чи түүнийг барь.
10Тэд хуайс модоор урт нь хоёр тохой хагас, өргөн нь нэг тохой хагас, өндөр нь нэг тохой хагас авдар хийг. 11Чи авдрыг шижир алтаар бүр. Түүний дотор, гадна талыг бүрээд түүнийг тойруулан алтан эмжээр хий. 12Чи түүнд зориулж дөрвөн алтан гархи цутган, авдрын дөрвөн хөл дээр нь байрлуул. Нэг талд нь хоёр гархи, нөгөө талд нь хоёр гархи байна. 13Чи хуайс модоор дамнуурга хийж, алтаар бүр. 14Тэдгээрээр авдрыг өргөхийн тулд авдрын хажуу талын гархинуудад дамнуургуудыг шургуул. 15Дамнуургууд нь авдрын гархинд байх ёстой бөгөөд тэдгээрийг салгаж болохгүй. 16Миний чамд өгөх гэрчлэлийг чи авдар дотор хий. 17Чи өршөөлийн суудлыг шижир алтаар хий. Түүний уртыг нь хоёр тохой хагас, өргөнийг нь нэг тохой хагасаар хий. 18Өршөөлийн суудлын хоёр үзүүрт хоёр херубыг алтаар давтан хий. 19Нэг херубыг нэг үзүүрт, нөгөө херубыг нөгөө үзүүрт хий. Херубуудыг өршөөлийн суудалтай нэгтгэн хоёр үзүүрт нь хий. 20Херубуудын далавчнууд дээш дэлгэгдэн, өршөөлийн суудлыг бүрхэн байх бөгөөд бие биен уруугаа харж байх ёстой. Херубуудын нүүр нь өршөөлийн суудал уруу харсан байна. 21Өршөөлийн суудлыг чи авдран дээр тавьж, Миний чамд өгөх гэрчлэлийг авдар дотор хий. 22Тэнд Би чамтай уулзана. Гэрчлэлийн авдран дээр буй хоёр херубуудын хоорондоос, өршөөлийн суудлын дээрээс Би Израилийн хөвгүүдийн төлөө чамд тушаах бүх зүйлийг Би чамд айлдана.
23Чи хуайс модоор хоёр тохой урттай, нэг тохой өргөнтэй, нэг тохой хагас өндөртэй ширээ хий. 24Чи түүнийг шижир алтаар бүрж, түүнийг тойруулан алтан эмжээр хий. 25Ширээнд зориулан түүнийг тойруулаад алганы энгээр хөвөө хийж, түүнийг тойруулан хөвөөг нь алтаар эмж. 26Түүнд зориулж чи дөрвөн алтан цагираг хийж, дөрвөн хөлийнх нь дөрвөн өнцөгт нь тэдгээрийг байрлуул. 27Цагиргууд нь ширээг зөөх дамнуургуудын тогтоогч болж, хөвөөнд ойр байх ёстой. 28Чи хуайс модоор дамнуургуудыг хийж, алтаар бүр. Тэдгээрээр ширээг зөөх болно. 29Чи ундаан өргөлийг хийх таваг, сав, аяга, хундагыг нь шижир алтаар хий. 30Чи ширээн дээр Оршихуйн талхыг тавьж байнга Миний өмнө байлга.
31Дараа нь чи шижир алтаар дэнлүүний суурийг хий. Дэнлүүний суурийг давтаж, суурь болон ишийг түүний хундага, түүний болцуу ба түүний цэцгүүдийг түүнтэй нэгтгэн холбо. 32Дэнлүүний суурийн хажуугаас зургаан салаа гарах бөгөөд гурван салаа нь түүний нэг хажуугаас, гурван салаа нь түүний нөгөө хажуугаас гарна. 33Гурван хундага нь нэг салаан дахь гүйлсийн дэлбээнүүд буюу болцуу ба цэцэг хэлбэртэй хийгдэг. Мөн гурван хундага нь нөгөө салаан дахь гүйлсийн дэлбээнүүд буюу болцуу ба цэцэг хэлбэртэй хийгдэг. Дэнлүүний сууриас гарсан зургаан салааны хувьд адил хий. 34Дэнлүүний сууринд гүйлсийн дэлбээнүүдийн хэлбэртэй буюу болцуу ба цэцэгтэй нь адил дөрвөн хундага хий. 35Дэнлүүний сууриас гарсан зургаан салааны хувьд үүнээс гарсан эхний хос салааны доор нэг болцуу байж, хоёр дахь хос салааны доор нэг болцуу байж, гурав дахь хос салааны доор нэг болцуу байна. 36Тэдгээрийн болцуунууд ба салаанууд нь дэнлүүний суурьтайгаа нэгдмэл байна. Энэ бүгд шижир алтаар давтаж хийгдсэн нэг бүтээл болно. 37Дараа нь чи түүний долоон дэнлүүг хий. Тэдгээр нь өмнөх орчноо гэрэлтүүлэхийн тулд байрлуулагдах ёстой. 38Галын чимхүүр ба тавиуруудыг нь шижир алтаар хий. 39Дэнлүүний суурийг эдгээр бүх хэрэгслийн хамт нэг талантын шижир алтаар хий. 40Чамд уулан дээр үзүүлсэн загварын дагуу тэднийг хийхийг анхаар.

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in