YouVersion Logo
Search Icon

ЕГИПЕТЭЭС ГАРСАН НЬ 12

12
1ЭЗЭН Египетийн нутагт Мосе, Аарон нарт
2Энэ сар нь та нарт саруудын эхлэл болно. Энэ нь та нарт жилийн тэргүүн сар байх болно. 3Израилийн бүх чуулганд ийнхүү хэл. “Энэ сарын арванд хүн бүр эцгийнхээ бүлийн дагуу өөрсдөдөө нэг хургыг ав. Бүл бүрийн төлөө нэг хургыг ав. 4Хэрэв хурга авахад ам бүл дэндүү цөөхөн байвал хамгийн ойрхон хөрштэйгөө хамтран, хүмүүсийнхээ тооны дагуу нэг хургыг аваад, хүн бүрийн идэх хэмжээгээр хургыг хуваа. 5Та нарын хурга өө сэвгүй, нэг настай эр хурга байх ёстой. Та нар түүнийгээ хонь, эсвэл ямаанаас ав. 6Уг сарын арван дөрвөн хүртэл түүнийг байлгаж, нар шингэх үед Израилийн бүх чуулганы цуглаан нь тэдгээрийг нядал. 7Тэд бас цуснаас нь авч, тэрхүү хургыг идэх айлын хаалганы баруун зүүн хатавчинд ба тотгонд цуснаас нь нялах ёстой. 8Тэд галд шарсан махыг нь исгээгүй талх ба гашуун ногоотой хамт тэр шөнөдөө идэх ёстой. 9Түүний аль ч хэсгийг нь түүхийгээр, эсвэл бүхлээр нь усанд чанаж идэж болохгүй. Харин түүний толгой, гуяыг гэдэс дотортой нь галд шаран ид. 10Та нар түүний аль ч хэсгийг өглөө болтол үлдээж болохгүй. Өглөө болоход үлдсэнийг нь галд шатаа. 11Та нар түүнийг идэхдээ бүсээ бүсэлж, хөлдөө шаахайгаа углаад, гартаа таягаа бариад, яаравчлан ид. Энэ бол ЭЗЭНий Дээгүүр Өнгөрөх баяр юм. 12Би тэр шөнө Египет орон даяар явж, Египетийн нутаг дахь уугануудыг, хүн, мал гэж ялгалгүй бүгдийг цохиж, Египетийн бүх бурхдад ял шийтгэл буулгана. Би бол ЭЗЭН. 13Цус нь та нарын байгаа гэр дээр та нарын төлөө тэмдэг болно. Би Египет газрыг цохих үед цусыг хараад, та нарын дээгүүр өнгөрөх учир сүйрлийн ямар ч гамшиг та нар дээр буухгүй. 14Энэ өдөр та нарын хувьд дурсгал болж, та нар үүнийг ЭЗЭНий баяр болгон, үе уламжлан түүнийг улиран үргэлжлэх зарлиг болгон тэмдэглэ.
15Та нар долоо хоног исгээгүй талхыг идэх ёстой бөгөөд эхний өдөрт хөрөнгийг өөрсдийн гэрээс зайлуул. Эхний өдрөөс долоо дахь өдөр хүртэл ямар нэг исгэсэн зүйлийг идэгч аливаа хүн Израилиас таслагдах болно. 16Эхний өдөрт болон долоо дахь өдөрт ариун цуглаан хий. Энэ өдрүүдэд хүн бүрийн идэх юмыг л бэлдэхээс өөр ямар ч ажил та нар бүү хий. 17Та нар бас Исгээгүй Талхны баярыг тэмдэглэ. Учир нь яг энэ өдөр Би та нарын цэргийг Египетийн нутгаас гаргасан юм. Тиймээс та нар энэ өдрийг үе уламжлан, улиран үргэлжлэх зарлиг болгон тэмдэглэ. 18Тэргүүн сард, уг сарын арван дөрөвний үдшээс хорин нэгний үдэш хүртэл та нар исгээгүй талхыг идэх ёстой. 19Долоо хоногийн туршид та нарын гэрүүдэд ямар ч хөрөнгө бүү олдог. Учир нь аливаа исгэсэн юмыг идэгч нь харь хүн ч бай, нутгийн уугуул хүн ч бай, тэр хүн Израилийн чуулганаас таслагдана. 20Та нар исгэсэн ямар ч юмыг бүү ид. Та нар оршин буй бүх газартаа исгээгүй талх ид” гэв.
21Мосе Израилийн бүх ахмадуудыг дуудан, тэдэнд
—Явцгаа. Өөрсдийн бүлийн дагуу өөрсдөдөө хурга авч, Дээгүүр Өнгөрөх баярын хургыг нядал. 22Та нар багцалсан хиссоп аваад, саван доторх цусанд дүрээд, тэрхүү саван доторх цуснаас хаалганы тотго ба хоёр хатавчинд түрх. Өглөө болтол нэг ч хүн өөрийн гэрийн хаалганы гадна бүү гар. 23ЭЗЭН египетчүүдийг цохихоор өнгөрөх болно. Хаалганы тотго ба хоёр хатавчин дахь цусыг хараад ЭЗЭН уг хаалган дээгүүр өнгөрч, та нарыг цохихоор гэрт чинь орохыг устгагчид зөвшөөрөхгүй. 24Та нар энэ үйл явдлыг өөрсдөдөө болон үр хүүхдүүддээ зарлиг болгож мөнхөд тэмдэглэ. 25ЭЗЭН амласан ёсоороо та нарт өгөх тэр газар уруу орох үедээ та нар энэ ёслолыг тэмдэглэ. 26Та нарын хүүхдүүд “Энэ ёслол ямар учиртай юм бэ?” гэж хэлэх үед 27та нар “Энэ бол ЭЗЭНий Дээгүүр Өнгөрөх баярын тахил юм. Тэр египетчүүдийг цохих үедээ Египетэд байгаа Израилийн хөвгүүдийн гэрч нарын дээгүүр өнгөрч, бидний гэр орныг аварсан” гэж хэл хэмээсэнд, ард түмэн доош мэхийн, хүндэтгэн мөргөв. 28Израилийн хөвгүүд явж, Мосе, Аарон нарт ЭЗЭНий тушаасан ёсоор үйлдсэн билээ.
29Шөнө дөлөөр, сэнтийдээ залрагч Фараоны ууган хүүгээс эхлээд, гянданд хоригдож байгаа хүний ууган хүүг хүртэл, мөн малын бүх анхны төл, Египет газар дахь бүх анхны төрөгсдийг ЭЗЭН цохилоо. 30Тэр шөнө Фараон хийгээд түүний бүх зарц нар, бүх египетчүүд боссон бөгөөд Египетэд асар их уйлаан майлаан боллоо. Учир нь үхэл хагацал нүүрлээгүй нэг ч айл тэнд байсангүй. 31Шөнө Фараон Мосе, Аарон нарыг дуудаж
—Та нар болон Израилийн хөвгүүд босож, миний ард түмний дундаас зайл. Та нар хэлснээрээ явж, ЭЗЭНд үйлчил. 32Та нар хэлснээрээ хонио, үхрээ аваад яв. Мөн намайг ч ерөөгөөч гэв. 33Египетчүүд
—Бид бүгд үхэх нь гээд, ард түмнийг яаруулан, нутгаасаа бушуухан гаргах гэв. 34Тиймээс ард түмэн исгээгүй зуурсан гурилыг хийсэн савнуудаа хувцсандаа боогоод, мөрөн дээрээ үүрэв. 35Израилийн хөвгүүд Мосегийн үгээр үйлдэв. Тэд египетчүүдээс мөнгөн эдлэл, алтан эдлэл болон хувцас нэхжээ. 36ЭЗЭН египетчүүдийн нүдэнд ард түмнээ таалан соёрхсонд, тэдний нэхсэнээр египетчүүд өгсөн. Тийнхүү тэд египетчүүдийг дээрэмдсэн билээ.
37Израилийн хөвгүүд Рамесесаас Суккотод хүрэхэд, хүүхдүүдээс гадна, зургаан зуун мянга орчим явган цэрэг эр байсан. 38Холилдсон үй олон хүмүүс, хонь, үхэр, асар олон тооны мал сүрэг тэдэнтэй хамт гарав. 39Тэд Египетээс авч гарсан зуурсан гурилаараа исгээгүй талх хийжээ. Учир нь тэд Египетээс хөөгдөн гарч, саатах боломжгүй байсан бөгөөд өөрсдөдөө ямар ч хоол бэлтгэж чадаагүй юм.
40Израилийн хөвгүүд Египетэд нутагласнаас хойш дөрвөн зуун гучин жил болжээ. 41Дөрвөн зуун гучин жилийн эцэст, яг энэ өдөр ЭЗЭНий бүх цэргүүд Египетийн нутгаас гарав. 42Энэ бол Египетийн нутгаас тэднийг гаргасны төлөө ЭЗЭНд баяр тэмдэглэх шөнө юм. Энэ шөнө бол Израилийн бүх хөвгүүдийн үе уламжлан бэлэгшээх ЭЗЭНд зориулагдсан шөнө юм.
43ЭЗЭН Мосе, Аарон нарт
—Дээгүүр Өнгөрөх баярын ёс нь ийм байна. Ямар ч харь хүн үүнээс идэж болохгүй. 44Харин та нарын мөнгөөр худалдаж авсан боол чинь хөвч хөндүүлсний дараа үүнээс идэж болно. 45Түр оршин суугч, эсвэл хөлсний зарц үүнээс идэж болохгүй. 46Үүнийг нэг гэр дотор идэх ёстой. Та нар махнаас нь ямар ч хэсгийг гэрээс гадагш гаргаж болохгүй, ямар ч ясыг нь хугалж болохгүй. 47Израилийн бүх чуулган үүнийг үйлдэгтүн. 48Хэрэв та нартай хамт явж байгаа харь хүн ЭЗЭНд Дээгүүр Өнгөрөх баярыг тэмдэглэе гэвэл, түүний бүх эр хүйстэн хөвч хөндүүлсний дараа тэрээр үүнийг үйлдэхээр ойртог. Тэр хүн уугуул нутгийнхантай адил болно. Харин хөвч хөндүүлээгүй ямар ч хүн үүнээс идэж болохгүй. 49Уугуул нутгийнханд болон та нарын дунд аялагч харь хүнд нэг л хууль байг гэж айлдав. 50Бүх Израилийн хөвгүүд Мосе, Аарон нарт ЭЗЭНий тушаасан ёсоор үйлдэв. 51Яг тэр өдөр ЭЗЭН Израилийн хөвгүүдийг цэргийн бүлгүүдийнх нь дагуу Египетийн нутгаас гаргав.

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in