ҮЙЛС 9
9
1Эзэний дагалдагчдыг алж хядна гэж заналхийлэн, Саул тэргүүн тахилч уруу очиж, 2тэр Замд хамаарагдах эрэгтэй, эмэгтэй хэнийг ч болов барьж хүлж, Иерусалимд хүргүүлэхийн тулд Дамаскийн синагогуудад захидал илгээхийг түүнээс хүсжээ. 3Саул замд явж байлаа. Тэр Дамаскт дөхөн ирж байтал гэнэт тэнгэрээс гэрэл гарч түүнийг хүрээлэн гэрэлтэхэд, 4Саул газар хөсөр унав. Тэгээд
—Саул аа, Саул аа, юунд чи Намайг хавчина вэ? гэх дууг сонсоод,
— 5Эзэн, Та хэн бэ? гэжээ. Тэгтэл Тэр
—Би бол чиний хавчиж мөшгөөд байгаа Есүс байна. 6Бос, хот уруу оч. Чиний юу хийх ёстойг чамд хэлэх болно гэв. 7Түүнтэй хамт явж байсан хүмүүс дуу сонссон боловч хэнийг ч хараагүй тул дуугүй зогсож байлаа. 8Саул газраас босов. Нүд нь нээлттэй хэрнээ тэр юу ч харж чадахгүй байлаа. Тэд түүнийг гараас нь хөтөлсөөр Дамаскт авчрав. 9Ийнхүү тэр гурван өдөр юу ч харсангүй, юу ч идсэнгүй, юу ч уусангүй.
10Дамаскт Ананиа гэгч нэгэн дагалдагч байлаа. Эзэн түүнд үзэгдлээр
—Ананиа гэж айлдахад тэр
—Би энд байна, Эзэн гэв. 11Эзэн түүнд
—Бос, “Шулуун” хэмээх гудамжин дахь Иудагийн гэрт очиж Тарсын Саул гэгчийг асуу. Үзэгтүн. Тэр яг одоо залбирч, 12Ананиа гэгч эр орж ирээд, өөрийг нь дахин хараатай болгохын тулд гараа өөр дээр нь тавихыг [үзэгдэлд] харж байна гэв. 13Гэвч Ананиа хариуд нь
—Эзэн, би түүний тухай олон хүнээс, Иерусалим дахь Таны ариун хүмүүст тэр хичнээн их хор хүргэснийг сонссон. 14Тэгээд тэр энд Таны нэрийг дуудсан бүхнийг хүлж, шоронд хаях эрх мэдлийг ахлах тахилч нараас авсан юм гэв. 15Харин Эзэн түүнд
—Яв, учир нь тэр бол харь үндэстнүүд, хаад болон Израилийн хөвгүүдийн өмнө Миний нэрийг үүрэхийн тулд Миний сонгогдсон сав бөгөөд 16Миний нэрийн төлөө хэр их зовох учиртайг Би түүнд үзүүлнэ гэжээ. 17Ананиа явж, гэрт орж түүн дээр гараа тавиад,
—Саул дүү минь, ирэх замд чинь чамд үзэгдсэн Эзэн Есүс чамайг хараатай болгож, Ариун Сүнсээр дүүргэхийн тулд намайг илгээв гэлээ. 18Тэр даруй түүний нүднээс хайрс мэт зүйл унаж, тэр дахин хараатай болов. Тийнхүү тэр босон, баптисм хүртээд, 19хооллож хүч оров.
Саул Дамаскт байсан дагалдагчдын хамт хэд хоног тэндээ байлаа. 20Тэгээд төдөлгүй тэрээр синагогуудад
—Тэр бол Бурханы хүү мөн хэмээн Есүсийг тунхаглаж эхлэв. 21Түүнийг сонссон бүхэн гайхширсаар
—Энэ хүн чинь Иерусалимд энэ нэрийг дуудсан болгоныг устгаж, бас тэднийг хүлж, ахлах тахилч нарт хүргэх зорилготой энд ирсэн хүн биш бил үү? гэцгээж байлаа. 22Харин Саул улам л хүчийг олж, Есүс бол Христ мөн гэдгийг нотлон Дамаскт амьдрагч иудейчүүдийг сандаргах болов.
23Түүнээс хойш олон хоног өнгөрсний дараа иудейчүүд түүнийг алахаар хуйвалдацгаалаа. 24Гэвч тэдний хуйвалдаан Саулд илт болжээ. Тэд түүнийг алахын тулд дааман хаалгануудын дэргэд өдөр, шөнөгүй отож байлаа. 25Гэвч дагалдагчид нь шөнөөр түүнийг том сагсанд суулгаж, хана дагуулан буулгав.
26Саул Иерусалимд ирж, дагалдагчидтай холбоотой болохыг хичээсэн боловч бүгд түүнээс эмээж байлаа. Учир нь тэд түүнийг дагалдагч гэдэгт итгэхгүй байв. 27Харин Барнаб түүнийг элч нар уруу дагуулан ирж, түүний замдаа Эзэнийг хэрхэн харсан, Эзэний түүнд айлдсан болон Дамаскт Есүсийн нэрээр хэрхэн зоригтой ярьсныг нь дүрслэн өгүүлжээ. 28Ийнхүү тэр тэдэнтэй хамт Иерусалимд чөлөөтэй явж, Эзэний нэрээр зоригтой ярьж байлаа. 29Тэр грек хэлтэй иудейчүүдтэй ярилцаж, маргалдахад тэд түүнийг алахыг завджээ. 30Ах дүү нар үүнийг сонсоод, түүнийг Кайсарид хүргэж, Тарс уруу явуулав.
31Ийнхүү бүх Иудей, Галил, Самари даяар чуулган босгон байгуулагдаж, амар тайван байлаа. Ингэхдээ Эзэнээс эмээх айдас болон Ариун Сүнсний тайтгарал дотор явцгаан, тооны хувьд өссөөр байв.
32Нэгэн удаа Петр бүх газраар тойрон явж, Луддад амьдрагч ариун хүмүүс уруу хүрч ирэв. 33Тэнд тэр саа өвчний улмаас найман жил хэвтэрт байсан Айни гэгч хүнтэй тааралджээ. 34Петр түүнд
—Айни, Есүс Христ чамайг эдгээнэ. Бос, ороо зас гэхэд Айни тэр даруй бослоо. 35Лудда болон Шаронд амьдрагсад бүгд түүнийг хараад, Эзэн уруу эргэсэн юм.
36Иоппад Табита (грекээр орчуулбал, Доркас) гэгч дагалдагч байв. Тэр эмэгтэй үргэлж сайн үйлсээр баян, өглөгч харамгүй нэгэн байжээ. 37Яг тэр өдрүүдэд тэрээр өвчлөн нас баржээ. Хүмүүс түүний биеийг угаагаад дээд өрөөнд тавьсан байлаа. 38Петрийг тэнд байгааг дуулаад дагалдагчид Луддагаас Иоппа хүртэл ойрхон тул “Бидэнд уруу даруй ирээч” гэж гуйлган хоёр хүн илгээв. 39Петр босож, тэдний хамт явж очиход, түүнийг дээд өрөөнд оруулав. Бэлэвсэн эмэгтэйчүүд цөмөөрөө түүний хажууд уйлаад зогсож байлаа. Өөрсөдтэй нь хамт байхдаа Доркасын хийдэг байсан цамц, бусад хувцаснуудыг тэд үзүүлж байв. 40Харин Петр тэднийг бүгдийг нь гаргаад, өвдөг сөхрөн залбирч, цогцост хандаж
—Табита, бос гэв. Тэр нүдээ нээн Петрийг хараад, өндийж суулаа. 41Петр гараа өгч түүнийг босгоод, ариун хүмүүс болон бэлэвсэн эмэгтэйчүүдийг дуудаж, тэдэнд түүнийг амьд сэрүүнээр даатгав. 42Энэ явдал Иоппа даяар мэдэгдэж, олон хүн Эзэнд итгэжээ. 43Петр хэд хоног Иоппад үлдэж арьсчин Симоныд байлаа.
Currently Selected:
ҮЙЛС 9: АБ2004
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society