ҮЙЛС 14
14
1Икониумд тэд иудейчүүдийн синагогт цугтаа орж, тийнхүү ярьсанд иудейчүүд болон грекчүүд үй олноороо итгэцгээв. 2Харин үл итгэгч иудейчүүд харь үндэстнүүдийн бодол санааг үймүүлж, тэднийг ах дүүсийн эсрэг турхирч байлаа. 3Тиймээс тэд Эзэнд найдан зоригтой ярьж, тэнд нэлээд хугацаагаар байжээ. Эзэн Өөрийн нигүүлслийн үгээ гэрчлэн, тэдний гараар дамжуулан гайхамшиг, тэмдгүүдийг соёрхож байлаа. 4Гэвч хотынхон хуваагдаж, нэг хэсэг нь иудейчүүдийн, нөгөө хэсэг нь элч нарын талд оров. 5Харь үндэстнүүд болон иудейчүүд захирагчдынхаа хамт хүч хэрэглэх гэж, мөн тэдэн уруу чулуу шидэх гэж оролдсонд, 6тэд үүнийг мэдээд Лукаоны хотууд болох Лустр, Дерб уруу болон тэр хавийн нутаг уруу зугтав. 7Тэд тэнд сайн мэдээг үргэлжлүүлэн тунхаглав.
8Лустрт төрөлхийн хөл нь мэдээгүй, хэзээ ч явж үзээгүй нэгэн хүн сууж байлаа. 9Паулын ярихыг тэр хүн сонсож байв. Паул түүн дээр харцаа тогтоогоод, түүнд эдгэрэх итгэл байгааг харж, 10чангаар
—Хөл дээрээ цэх зогс гэхэд тэр үсрэн босоод, алхаж эхлэв. 11Паулын үйлдсэн зүйлийг харсан олон түмэн дуугаа өндөрсгөн лукаон хэлээр
—Бурхад хүний дүрээр бидэн уруу буун иржээ гэцгээж байлаа. 12Тэд Барнабыг Зевс, Паулыг Хермес гэж нэрлэв. Учир нь Паул голлон ярьж байсан юм. 13Хотын гадна байдаг Зевсийн дуганы тахилч нь бух, цэцгийн баглаа авчирч, ард олны хамт өргөл барих гэв. 14Харин элч Паул, Барнаб нар үүнийг сонсоод, хувцсаа хүү татаад, олон түмэн уруу яаран очиж, хашхиран
— 15Эрчүүд ээ, та нар юунд ингэнэ вэ? Бид та нартай адил хүмүүс байна шүү дээ. Та нарыг эдгээр дэмий хоосон зүйлээ орхиж тэнгэр, газар, тэнгис хийгээд тэдгээрт орших бүхнийг бүтээсэн амьд Бурхан уруу эргээсэй гэсэндээ бид та нарт сайн мэдээг тунхаглаж байгаа юм. 16Өнгөрөгч үеүдэд Тэр бүх үндэстнүүдэд өөр өөрсдийнхөө замаар явахыг нь зөвшөөрсөн. 17Гэвч Тэр Өөрийгөө гэрчгүйгээр орхиогүй билээ. Тэр та нарт сайныг үйлдэн, тэнгэрээс хур бороо оруулж, үр жимстэй улирлыг хайрлаж, зүрхийг тань хоол хүнс, баяр баяслаар цатгадаг гэв. 18Ийнхүү ярьсан ч, өөрсдөд нь тахил өргөх гэсэн олон түмнийг тэд арай чамай хориглож байлаа.
19Гэвч Антиох болон Икониумаас ирсэн иудейчүүд олон түмнийг өөрсдөдөө татаж, Паул уруу чулуу шидэцгээв. Тэгээд түүнийг үхсэн гэж бодоод тэд хотоос гарган хаяжээ. 20Харин дагалдагчид түүнийг тойрон зогсож байтал Паул босож хот уруу оров. Маргааш нь тэр Барнабтай хамт Дерб уруу явжээ. 21Тэр хотод тэд сайн мэдээг тунхаглан, олон хүнийг дагалдагч болгов. Дараа нь тэд Лустр, Икониум болон Антиох уруу буцахдаа 22дагалдагчдын сэтгэлийг бэхжүүлж, үргэлж итгэлтэй байгаарай гэж урамшуулан,
—Бид олон зовлон туулж байж Бурханы хаанчлалд орох ёстой гэлээ. 23Тэд чуулган бүрд ахлагчдыг томилж, мацаг барин залбирч, тэднийг өөрсдийнх нь итгэдэг Эзэнд тушаав. 24Ингээд тэд Писидийг дайран Памфулд ирцгээв. 25Тэд Пергэд үгийг тараагаад, Аттал уруу явж 26тэндээсээ Антиох уруу усан онгоцоор явав. Антиохт тэд өөрсдийн биелүүлсэн ажлын төлөө Бурханы нигүүлсэлд тушаагдаж байжээ. 27Тэд хүрч ирээд, чуулганыг цуглуулж, Бурхан өөрсөдтэй нь хамт юу хийсэн болон итгэлийн үүдийг харь үндэстнүүдэд Тэр хэрхэн нээснийг тэд ярьж өглөө. 28Ингээд тэд дагалдагчдын хамт удаан хугацаагаар байв.
Currently Selected:
ҮЙЛС 14: АБ2004
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society