2 САМУЕЛ 6
6
1Давид Израилийн гучин мянган шилдэг эрсийг бүгдийг нь дахин цуглуулав. 2Давид босож, херубуудын дээр залрагч түмэн цэргийн ЭЗЭНий нэрээр дуудагдсан Бурханы авдрыг авчрахаар өөртэйгөө хамт байсан бүх хүмүүстэйгээ Баале-иуда уруу явав. 3Толгодын дээр байх Абинадабын гэрээс авчрахын тулд тэд Бурханы авдрыг шинэ тэргэн дээр тавив. Абинадабын хөвгүүд болох Узза, Ахио нар шинэ тэргийг хөтөлж явлаа. 4Толгодын дээр байх Абинадабын гэрээс тэд Бурханы авдрыг шинэ тэргээр зөөж ирсэн бөгөөд Ахио авдрын урд алхаж явжээ. 5Тэр үед Давид болон Израилийн бүх гэр хуш модон хөгжмийн зэмсгүүд болон ятга, лир, хэнгэрэг, товшуур, цан дуугарган ЭЗЭНий өмнө баярлаж байв.
6Харин тэд Наконы үтрэмд ирэх үед үхэр нь Бурханы авдрыг унагаах шахсан тул Узза түүн уруу хүрч, бариад авав. 7ЭЗЭНий уур хилэн Уззагийн эсрэг шатаж, Бурхан хүндэтгэлгүй байдлаас нь болж түүнийг тэр газарт цохисонд тэрээр Бурханы авдрын дэргэд үхэв. 8ЭЗЭН Уззад хилэгнэсэнд Давид уурлав. Тэр газар өнөөдрийг хүртэл Перез-узза хэмээн нэрлэгддэг. 9Тэр өдөр Давид ЭЗЭНээс айн
—ЭЗЭНий авдар надад хэрхэн ирж болох билээ? гэв. 10Давид ЭЗЭНий авдрыг Давидын хотод шилжүүлэн, өөрийн хамт байлгахыг хүссэнгүй. Харин түүнийг гит хүн Обед-едомын гэрт хүргэв. 11Ийнхүү ЭЗЭНий авдар гит хүн Обед-едомын гэрт гурван сар үлдэв. ЭЗЭН Обед-едомыг болон хамаг гэрийнхнийг нь ерөөв.
12Давид хаанд
—Бурханы авдраас болж ЭЗЭН Обед-едомын гэр болон түүнд харьяалагддаг хамаг юмыг ерөөсөн гэж мэдэгдлээ. Давид явж, Бурханы авдрыг Обед-едомын гэрээс Давидын хот уруу баяртайгаар авч ирэв. 13ЭЗЭНий авдрыг дамжлагч хүмүүс зургаан алхам явсны дараа Давид үхэр болон тарган тугалаар тахил өргөв. 14Давид ЭЗЭНий өмнө бүхий л чадлаараа бүжиглэв. Давид маалинган ефод өмссөн байлаа. 15Ийнхүү Давид болон Израилийн хамаг гэр уухайлан, эвэр бүрээ хүнгэнүүлсээр ЭЗЭНий авдрыг авчирч байлаа. 16ЭЗЭНий авдар Давидын хотод орж ирэх үед Саулын охин Михал цонхоор харж, Давид хааныг ЭЗЭНий өмнө цовхчин бүжиглэхийг үзээд зүрх сэтгэл дотроо түүнийг басамжлав. 17Ингээд тэд ЭЗЭНий авдрыг авчран, түүнд зориулан Давидын босгосон майхны дотор түүнийг байранд нь залав. Давид ЭЗЭНий өмнө шатаалт тахилууд болон эвийн тахилуудыг өргөв. 18Давид шатаалт тахил болон эвийн тахилыг өргөж дуусаад түмэн цэргийн ЭЗЭНий нэрээр ардуудыг ерөөв. 19Цаашлаад тэр хамаг ардууд, эрэгтэй ба эмэгтэй Израилийн бүх олон түмэнд хишиг хүртээн, хүн бүрд нэг талх, шарсан мах, атга үзэм өгөв. Дараа нь хамаг ардууд гэр гэртээ харив.
20Харин Давид гэр бүлийнхнээ ерөөхөөр буцаж ирэхэд, Саулын охин Михал Давидыг угтахаар гарч ирээд,
—Израилийн хаан өнөөдөр ямар их онцгойров? Мунхаг хүмүүсийн нэг нь ичгүүргүйгээр нүцгэлдгийн адил өнөөдөр тэр зарц нарынхаа шивэгчдийн нүдний өмнө нүцгэллээ гэв. 21Ингэхэд Давид Михалд
—Чиний эцэг болон түүний хамаг гэрийн дээгүүр намайг сонгож, намайг ЭЗЭНий ард түмэн болох Израилийн хаан болгон томилсон ЭЗЭНий өмнө л би бүжиглэсэн. Тийм учраас би ЭЗЭНий өмнө баярлах л болно. 22Би үүнээс илүү доромжлогдож, өөрийн нүдэнд даруу харагдсан ч, харин чиний хэлсэн тэдгээр шивэгчдэд хүндлэгдэх болно гэв. 23Саулын охин Михал насан эцэс болтлоо үр хүүхэдгүй байв.
Currently Selected:
2 САМУЕЛ 6: АБ2004
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society