2 САМУЕЛ 20
20
1Бениамин хүн Бихрийн хөвгүүн Шеба гэгч нэгэн үймээн дэгдээгч тэнд байв. Тэр эвэр бүрээ үлээн
—Давидад өгөх хувь гэж бидэнд байхгүй.
Иессийн хөвгүүнээс залгамжлан авах өв бидэнд үгүй.
Израиль аа, хүн бүр тус тусынхаа майхан уруугаа буцацгаа
гэж байв. 2Ийнхүү Израилийн бүх хүн Давидыг дагахаа больж, Бихрийн хөвгүүн Шебаг дагав. Гэвч иудачууд Иордан голоос Иерусалим хүртэл өөрсдийн хааны дэргэд баттай үлдэв.
3Давид Иерусалимд буй гэртээ ирэв. Хаан гэрээ сахиулахаар үлдээсэн арван бага эхнэрээ авч, хянагчаар харгалзуулан тэжээж байв. Гэвч хаан тэдэн уруу очсонгүй. Тэгээд тэд бэлэвсэн эмэгтэй мэт амьдарч, үхэн үхтлээ түгжигдмэл байв.
4Хаан Амасад
—Иуда хүмүүсийг гурав хоногийн дотор дуудан цуглуул. Чи өөрөө мөн энд байж байгаарай гэв. 5Тэгээд Амаса Иуда хүмүүсийг дуудахаар явсан боловч тогтоосон хугацаанд хийсэнгүй, удаашруулав. 6Давид Абишаид
—Одоо, бидэнд Бихрийн хөвгүүн Шеба Абсаломаас ч илүү гайтай боллоо. Чи миний цэргүүдийг дагуулж, түүнийг мөшгөн хөө. Эс тэгвээс тэр бэхлэгдсэн хотод орогнож, бидний хяналтаас гарч магад гэв. 7Тэгээд Иоабын эрчүүд, Херет болон Пелетийн бүх хүчит эрчүүдийн хамт түүний араас хөдлөв. Тэд Бихрийн хөвгүүн Шебаг нэхэн хөөхөөр Иерусалимаас гарав. 8Тэднийг Гибеон дахь нэгэн бул чулууны дэргэд байхад, Амаса тэдэнтэй уулзахаар ирэв. Иоаб цэргийн хувцсаа өмссөн байсан бөгөөд хуйтай илдээ ташаандаа зүүсэн байв. Тэгээд түүнийг урагшаа алхахад, илд нь сугарав. 9Иоаб Амасад
—Ах минь, та амар байна уу? хэмээн өгүүлээд, Амасаг үнсэхээр баруун гараараа сахлыг нь атгав. 10Харин Амаса Иоабын гарт буй илдийг эсэргүүцэх зэвсэггүй байв. Иоаб түүний хэвлий уруу дүрсэнд, гэдэс нь газарт гоожив. Тэгээд түүнийг дахин дүрсэнгүй. Амаса ч үхэв. Дараа нь Иоаб болон түүний дүү Абишаи нар Бихрийн хөвгүүн Шебаг нэхэн хөөв. 11Иоабын залуусын нэг нь Амасагийн дэргэд зогсоод
—Иоабыг таашааж, Давидын төлөө явах хүн байвал, Иоабыг дагагтун гэв. 12Амаса замын голд цусандаа хутгалдан хэвтэж байв. Тэр залуу бүх хүмүүсийн хөдөлгөөнгүй зогсохыг хараад, Амасаг замаас тал газар уруу аваачив. Түүний хажуугаар өнгөрөгч бүгд хөдөлгөөнгүй зогсохыг хараад, түүнийг дээлээр бүтээв. 13Амасаг замаас холдуулмагц, Бихрийн хөвгүүн Шебаг хөөхөөр бүгд Иоабын араас дагав. 14Шеба Абел хүртэл, бүр Бет-Маака, Бер хүртэл Израилийн бүх овог аймгуудаар явав. Тэд цугларан нэгдэж, түүний араас дагалаа. 15Хүмүүс түүний орогносон Абел, Бет-маакаг бүслэн ирж хотын харалдаа далан босгов. Энэ нь бэхлэлт болгон босгосон хамгаалалтын хажууд байв. Иоабтай хамт байсан бүх хүмүүс хэрмийг эвдэж нураахыг оролдов. 16Тэр үед тэр хотоос нэгэн ухаалаг эмэгтэй
—Сонсооч, сонсооч. “Нааш ир. Чамд хэлэх юм байна” гэж Иоабт хэлээч гэж хашхирав. 17Иоабыг түүн уруу ойртоход, тэр эмэгтэй
—Чи Иоаб мөн үү? хэмээн асуув. Тэрээр
—Би байна гэхэд, тэр эмэгтэй
—Шивэгчин миний үгийг сонсооч гэхэд
—Би сонсож байна гэв. 18Тэгээд тэр эмэгтэй ийнхүү ярив.
—Урьд хүмүүс “Тэд Абелд зөвлөлдөх нь лавтай” гэж хэлэн маргааныг эцэслэдэг байв. 19Би Израилийн энхийг сахидаг, үнэнч итгэлт хүмүүсийн нэг. Чи Израилийн эх болох хотыг устгах гэж байна. Чи юуны учир ЭЗЭНий өвийг залгих нь вэ? гэв. 20Иоаб хариуд нь
—Огт тийм бус. Хоосруулж устгах гэдэг нь надаас хол байг! 21Хэргийн учир үүнд биш юм. Харин Бихрийн хөвгүүн Шеба гэгч Ефраимын уулархаг нутгийн нэгэн хүн Давид хааныг эсэргүүцэв. Зөвхөн түүнийг тушааж өгвөл би энэ хотоос холдоно гэхэд тэр эмэгтэй Иоабт
—Түүний толгойг хэрэмний дээрээс чам уруу шидэн унагаая гэв. 22Тэр эмэгтэй ухаалгаар хамаг ардууд дээр очив. Тэд Бихрийн хөвгүүн Шебагийн толгойг огтолж, Иоаб уруу шидэв. Тэгээд Иоаб эвэр бүрээ үлээхэд, хүмүүс хотоос таран явж, тус тусынхаа майхан уруу буцацгаав. Иоаб ч мөн адил Иерусалим уруу хаан дээр буцаж ирэв.
23Иоаб Израилийн бүхий л цэргийн удирдагч болов. Иехоиадагийн хөвгүүн Бенаиа херетчүүд болон пелетчүүдийн удирдагч байв. 24Адорам албадлагын ажил хянагч, Ахилудын хөвгүүн Иехошафат бичээч, 25Шева гүүш, Задок болон Абиатар нар тахилч, 26иар хүн Ира Давидын тахилч байв.
Currently Selected:
2 САМУЕЛ 20: АБ2004
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society