2 САМУЕЛ 12
12
1Дараа нь ЭЗЭН Натаныг Давид уруу илгээв. Тэр Давид дээр ирж,
—Нэгэн хотод хоёр хүн байжээ.
Нэг нь баян, нөгөө нь ядуу хүн байв.
2Баян хүн нь маш олон хонь болон үхэр сүрэгтэй байжээ.
3Харин ядууд нь өөрөө худалдан авч тэжээсэн нэг бяцхан охин хурганаас өөр юу ч үгүй юмсанжээ.
Хурга түүнтэй болон хүүхдүүдтэй нь хамт өсөн бойжиж,
талхнаас нь идэж, аяганаас нь ууж,
өвөрт нь унтаж, тэр хүнд яг л охины адил байв.
4Нэгэн өдөр баян хүнийд аянчин ирэв.
Өөр дээр нь ирсэн аянчинд зориулан
өөрийн хонь болон үхэр сүргээс төхөөрөхийг баян хүн хүссэнгүй.
Харин тэр ядуу хүний охин хургыг авч,
өөр дээр нь ирсэн хүнд зориулан төхөөрчээ
гэв. 5Тэгэхэд Давид тэр хүнд ихэд хилэгнэж, Натанд хандан
—ЭЗЭНий амьд буйгаар тангараглая. Үүнийг үйлдсэн хүн үхэх ёстой. 6Тэр хүнд энэрэх сэтгэл байсангүй бөгөөд ийм хэрэг үйлдсэн учраас тэр хүн охин хурганы төлөө дөрөв дахин төлөх хэрэгтэй гэв.
7Тэгэхэд Натан Давидад
—Чи бол тэр хүн! Израилийн Бурхан ЭЗЭН ингэж айлдаж байна. “Чамайг Израилийн хаанаар тослон томилсон бөгөөд Саулын гараас аварч гаргасан нь Би билээ. 8Би бас чамд эзний чинь гэрийг мөн түүний эхнэрүүдийг халамжинд чинь өгч, Израиль болон Иудагийн гэрийг ч чамд өгөв. Хэрэв энэ нь дэндүү багадсан бол Би чамд энэ мэт зүйлсийг илүү ихээр нэмж өгөх байсан! 9Юунд чи ЭЗЭНий мэлмийн өмнө мууг үйлдэн түүний үгийг үл тоомсорлов? Чи хит хүн Уриаг илдээр алж, түүний эхнэрийг өөрийн эхнэр болгон авч, түүнийг Аммоны хөвгүүдийн илдээр алуулав. 10Тийм учраас одоо чиний гэрээс хэзээ ч илд салахгүй. Учир нь чи Намайг үл тоомсорлож, хит хүн Уриагийн эхнэрийг өөрийн эхнэр болгон авсан билээ” гэв. 11ЭЗЭН ингэж айлдаж байна. “Үзэгтүн, чиний эсрэг гай зовлонг Би гэрийнхнээс чинь өсгөнө. Би бүр чиний нүдний өмнө эхнэрүүдийг чинь авч, хамтрагчид чинь өгнө. Тэр хүн гэгээн цагаан өдөр чиний эхнэрүүдтэй унтах болно. 12Чи үүнийг нууцаар үйлдсэн бол, Би хамаг Израилийн өмнө, наран доор энэ хэргийг үйлдэнэ” гэв хэмээн хэлэв. 13Тэгэхэд Давид Натанд
—Би ЭЗЭНий эсрэг нүгэл үйлдэв гэв. Натан Давидад
—ЭЗЭН мөн чиний нүглийг зайлуулсан. Чи үхэхгүй. 14Харин хийсэн энэ хэргээрээ чи ЭЗЭНий дайснуудад доромжлох боломжийг өгсөн тул чиний хүү ч заавал үхнэ гэв. 15Ингээд Натан гэр өөдөө буцав. Уриагийн бэлэвсэн эхнэрийн Давидад төрүүлсэн хүүг ЭЗЭН цохисонд тэр хүү хүнд өвчинд нэрвэгдэв. 16Тийм учраас Давид тэр хүүхдийн төлөө Бурханаас гуйн, мацаг барьж, явж, шөнөжингөө газар хэвтэв. 17Түүний гэрийнхний ахлагчид дэргэд нь зогсон, түүнийг газраас босгох гэсэн боловч Давид босохыг хүссэнгүй бөгөөд тэдэнтэй хамт хоол ч идсэнгүй. 18Долоо дахь өдөр хүүхэд нь нас баржээ. Давидын зарц нар хүүхдийг нас барсныг Давидад хэлэхээс айж байв. Учир нь “Хүүг амьд байх үед бид хааныг ятгахад тэр бидний үгийг сонсоогүй. Хаан өөртөө ямар нэгэн муу юм хийж магадгүй тул хүүхэд нь нас барсныг хаанд яаж хэлэх вэ?” гэлцэж байв. 19Харин Давид зарц нарынхаа шивнэлдэхийг хараад, хүүхэд нас барсныг ойлголоо. Ийнхүү Давид зарц нараасаа
—Хүү нас барсан уу? гэж асуухад тэд
—Тийм ээ, тэр нас барав гэв. 20Ингээд Давид газраас босож, угаал үйлдэн, биеэ тослоод, хувцсаа сольжээ. Тэр ЭЗЭНий өргөөнд орж, хүндэтгэн мөргөв. Дараа нь гэртээ харин, хоол бэлтгүүлж, идэв. 21Тэгтэл зарц нар нь
—Таны үйлдсэн энэ хэрэг ямар учиртай юм бэ? Хүүхэд амьд байхад та мацаг барьж, уйлж байсан, харин хүүхэд нас барахад та босож, хоол идлээ гэлцэв. 22Давид
—Хүүг амьд байх үед би мацаг барин, уйлж байсан нь “ЭЗЭН намайг нигүүлсэж, хүүг амьдруулах магад” хэмээн санасны учир юм. 23Гэтэл одоо хүүхэд нас барчихлаа. Би юунд мацаг барих ёстой билээ? Би түүнийг дахин эргүүлж авчирч чадах уу? Би түүн уруу очих болно. Гэвч тэр над дээр эргэж ирэхгүй гэв.
24Тэгээд Давид эхнэр Батшебагаа тайтгаруулан, түүн дээр орон, түүнтэй унтав. Тэр эмэгтэй хүү төрүүлсэнд түүнийг Соломон хэмээн нэрлэв. ЭЗЭН одоо түүнийг хайрласан бөгөөд 25эш үзүүлэгч Натанаар үг илгээн, ЭЗЭНий төлөө түүнийг Иедидиа хэмээн нэрлэлээ.
26Иоаб Аммоны хөвгүүдийн Раббагийн эсрэг тулалдан, хаан хотыг эзэлж авав. 27Иоаб Давидад элч нарыг илгээн
—Би Раббагийн эсрэг дайтан, усны хотыг хүртэл эзлэн авав. 28Тийм учраас одоо, ардуудаас үлдсэн хүмүүсийг хамтад нь цуглуулж, тэр хотын эсрэг хуарагнан, түүнийг эзлэн авагтун. Эс тэгвээс би өөрөө энэ хотыг эзэлж аван, энэ хот миний нэрээр нэрлэгдэх болно гэж хэлүүлэв. 29Иймээс Давид бүх цэргээ цуглуулж, Рабба уруу очин, түүний эсрэг дайтан, хотыг эзэлж авав. 30Тэгээд тэдний хааны титмийг толгойноос нь авав. Титмийн хүнд нь нэг талант алт бөгөөд үнэт чулуу суулгасан байв. Тэр титмийг Давидын толгойд өмсгөв. Тэр хотоос Давид маш их хэмжээний зүйлсийг олз болгон авав. 31Давид бас тэр хотод байсан хүмүүсийг авчран, хөрөө, хурц төмөр зэмсэг болон төмөр сүхээр хийх ажилд тавьж, тоосго цохиулав. Аммоны хөвгүүдийн бүх хотод Давид энэ мэтээр үйлдэв. Тэгээд Давид болон хамаг ардууд Иерусалим уруу буцав.
Currently Selected:
2 САМУЕЛ 12: АБ2004
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society