ХААДЫН ДЭД 2
2
1ЭЗЭН Елиаг хуй салхиар тэнгэр өөд авах гэж байх үед Елиа Елишатай хамт Гилгалаас явав. 2Елиа Елишад
—ЭЗЭН намайг Бетел хүртэл илгээсэн учир чи энд үлдээч гэсэн боловч Елиша
—ЭЗЭНий амьд буйгаар болон таны амьд буйгаар тангараглаж байна. Би таныг орхихгүй гэв. Тиймээс тэд Бетел уруу явав. 3Тэгтэл Бетел дахь эш үзүүлэгчдийн хөвгүүд Елиша уруу гарч ирээд, түүнд
—ЭЗЭН эзнийг тань таны хажуугаас өнөөдөр авч явах болно гэдгийг та мэдэх үү? гэж хэлэв. Елиша хэлэхдээ
—Тийм ээ, би мэднэ. Дуугүй байгтун гэв. 4Елиа түүнд
—ЭЗЭН намайг Иерихо уруу илгээсэн учир чи энд үлдээч гэсэн боловч Елиша
—ЭЗЭНий амьд буйгаар болон таны амьд буйгаар тангараглаж байна. Би таныг орхихгүй гэж хэлэв. Тиймээс тэд Иериход ирлээ. 5Иерихо дахь эш үзүүлэгчдийн хөвгүүд Елишад дөхөн ирээд, түүнд
—ЭЗЭН эзнийг тань таны хажуугаас өнөөдөр авч явах болно гэдгийг та мэдэх үү? гэж хэлэв. Елиша хариулахдаа
—Тийм ээ, би мэднэ, дуугүй байгтун гэв. 6Тэгэхэд Елиа түүнд
—ЭЗЭН намайг Иордан уруу илгээсэн учир чи энд үлдээч гэхэд Елиша
—ЭЗЭНий амьд буйгаар болон таны амьд буйгаар тангараглаж байна. Би таныг орхихгүй гэв. Ингээд тэр хоёр цааш явав.
7Тэр хоёрыг Иорданы дэргэд зогсох зуур эш үзүүлэгчдийн хөвгүүдээс тавин хүн ирж, харалдаа зайдуу зогсов. 8Елиа нөмрөгөө авч эвхээд усыг цохиход тэр нь хоёр тийш хуваагдсанд тэр хоёр хуурай газраар гатлан гарлаа. 9Тэд гаталж гарсны дараа Елиа Елишад
—Би чамаас авагдахаас өмнө чиний төлөө би юу хийх ёстойг гуйгтун? гэсэнд Елиша
—Таны сүнсийг хоёр дахин илүүгээр над дээр байлгаач гэв. 10Тэр
—Чи хэцүү юм гуйж байна. Хэрэв намайг чамаас авагдаж байхад чи намайг харвал энэ нь чиний төлөө биелнэ. Харин харахгүй бол энэ нь биелэхгүй гэв. 11Тэднийг ярилцсаар явж байтал, харагтун, галт тэрэгнүүд болон галт морьд тэр хоёрыг салгав. Елиа хуй салхиар тэнгэр өөд одов. 12Елиша үүнийг хараад
—Эцэг минь, эцэг минь, Израилийн тэрэгнүүд, тэдгээрийн морьтнуудаа! гэж хашхирав. Тэрээр Елиаг дахин харсангүй. Тэгээд тэр өөрийнхөө хувцсыг зууран хоёр хэсэг болгон урав. 13Тэр мөн Елиагаас унасан түүний нөмрөгийг авч, буцаж, Иорданы эрэг дээр зогсов. 14Елиагаас унасан түүний нөмрөгийг тэр аваад, усыг цохиж,
—Елиагийн Бурхан, ЭЗЭН хаана байна вэ? гэв. Тэр бас усыг цохиход, тэр нь хоёр тийш болон хуваагдав. Елиша гаталж гарлаа.
15Голын цаана Иерихо дахь эш үзүүлэгчдийн хөвгүүд түүнийг хараад,
—Елиагийн сүнс Елиша дээр оршдог гэв. Тэд түүнтэй уулзахаар ирж, түүний өмнө газар бөхийв. 16Тэд түүнд
—Харагтун, таны зарц нарын хамт тавин хүчит эр байна. Тэдэнд явж, таны эзнийг хайхыг зөвшөөрөөч. ЭЗЭНий Сүнс түүнийг өргөн яваад аль нэг уулан дээр, эсвэл аль нэг хөндий уруу хаясан байж магадгүй гэлээ. Елиша
—Бүү илгээгтүн гэж хэлэв. 17Гэвч түүнийг ичтэл тэд ятгахад тэр
—Илгээгтүн гэв. Иймээс тэд тавин эрсийг илгээв. Тэд гурван өдөр эрж хайсан боловч түүнийг олсонгүй. 18Елишаг Иериход байх үед тэд түүн уруу буцаж иржээ. Тэр тэдэнд
—Би та нарт “Битгий яв” гэж хэлээгүй юу? гэв.
19Тэгтэл тэр хотын хүмүүс Елишад
—Харагтун, энэ хотын байдал нь эзэн таны харж байгаачлан тааламжтай боловч ус нь муу, мөн газар нутаг нь үржил шимгүй юм гэв. 20Елиша
—Надад шинэ сав авчирч дотор нь давс хий гэв. Тэд түүнд авчрав. 21Тэрээр усны ундарга уруу очин, түүн уруу давсаа асгаад,
—ЭЗЭН ингэж айлдаж байна “Би энэ усыг цэвэршүүлсэн юм. Энд дахин үхэл ба үргүйдэл байхгүй болно гэв. 22Ийнхүү Елишагийн хэлсэн үгийн дагуу ус цэвэршсэн нь өнөөдрийг хүртэл байна.
23Дараа нь тэр тэндээс Бетел уруу явав. Түүнийг замаар явж байтал хотоос залуу хөвгүүд гарч ирээд, түүнийг дооглон, түүн уруу
—Халзан толгойт оо, чи дээшээ яв. Халзан толгойт оо, чи дээшээ яв гэцгээв. 24Тэрээр арагшаа харж, ЭЗЭНий нэрээр тэднийг хараав. Тэгэхэд хоёр эм баавгай модон дотроос гарч ирээд, тэднээс дөчин хоёр хөвгүүнийг тастчин хаяв. 25Тэр тэндээс Кармел уул уруу яваад, тэндээс Самари уруу буцав.
Currently Selected:
ХААДЫН ДЭД 2: АБ2004
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society