1 ПЕТР 2
2
1Тиймээс та нар бүх л өс хонзон, заль мэх, хоёр нүүр гаргах явдал, атаа жөтөө болон гүтгэлэг бүхнийг хаяж, 2үгийн цэвэр сүүг нялх хүүхдүүд адил хүсэн тэмүүл. Ингэснээр та нар үүгээр авралд хүртлээ өсөх юм. 3Хэрэв та нар үнэхээр Эзэний энэрлийг амссан юм бол тэг. 4Эзэн уруу ир. Тэр бол хүмүүст гологдсон боловч, харин Бурханы өмнө сонгогдсон, үнэт, амьд чулуу билээ. 5Иймд амьд чулуу мэт болсон та нар ч Есүс Христээр дамжуулан Бурханд тааламжит, сүнслэг тахилуудыг өргөх ариун тахилч болохын тулд сүнслэг байшин болон баригдагтун. 6Энэ нь Сударт
“Харагтун. Би Сионд сонгогдсон,
Булангийн үнэт чулууг тавина.
Түүнд итгэгч хүн ичгүүрт орохгүй”
хэмээн бичигдсэн байдаг. 7Тиймээс итгэгч та нарт энэ нь үнэт. Харин үл итгэгчдэд
“Барилгачдын голсон чулуу нь булангийн чулуу болов”
8гээд
“Бүдрүүлэх Чулуу, тээглэх Хад болсон юм”
гэжээ. Тэд үгэнд дуулгаваргүй байдгаас болж бүдэрдэг бөгөөд энэ нь тэдэнд тогтоогдсон аж.
9Харин та нар бол сонгогдсон угсаа, хаант тахилч нар, ариун үндэстэн, Бурханы эзэмшлийн ард түмэн юм. Ингэснээр харанхуйгаас та нарыг Өөрийн гайхамшигт гэрэл уруу дуудсан Түүний давуу чанаруудыг та нар тунхаглах юм. 10Учир нь та нар урьд нь ард түмэн биш байсан боловч, та нар одоо Бурханы ард түмэн болжээ. Та нар өршөөлийг хүртээгүй байсан боловч одоо та нар өршөөлийг хүртсэн байна.
11Хайрт хүмүүс ээ, сэтгэлийн чинь эсрэг дайн хийдэг махан биеийн хүсэл тачаалуудыг цээрлэхийг харь хүмүүс болон түр хугацаагаар байгч та нараас би гуйя. 12Харь үндэстнүүдийн дунд биеэ зөв авч яв. Ингэснээр тэд та нарыг хорон мууг үйлдэгчид хэмээн гүтгэвч, эцэст нь та нарын сайн үйлсийг хараад Түүнийг ирэх өдөр Бурханыг алдаршуулах болно.
13Эзэний төлөө өөрсдийгөө хүний бий болгосон аливаа бүтцэд захируул. Эрх мэдэл бүхий нэгэн болох хаанд ч юмуу 14эсвэл зөвийг үйлдэгчдийг магтаж, мууг үйлдэгчдийг шийтгэхийн тулд түүний илгээсэн захирагчдад ч захируул. 15Сайныг үйлдсэнээрээ та нар мунхаг хүмүүсийн мэдлэггүй байдлыг дуугүй болгох нь Бурханы хүсэл юм. 16Чөлөөт хүн мэт үйлд. Эрх чөлөөгөө муу муухайг далдлах халхавч болгон бүү ашигла, харин Бурханы зарц мэт үйлд. 17Бүх хүнийг хүндэл. Ахан дүүсийн барилдлагааг хайрла. Бурханаас эмээ. Хааныг хүндэл.
18Боолчууд аа, бүхий л хүндлэлээр зөвхөн сайн, дөлгөөн төдийгүй, бас шударга бус авирлагч эздэдээ ч захирагд. 19Учир нь хэрэв хүн шударга бусаар зовохдоо Бурханд ханддаг мөс чанараасаа болж тэвчвэл энэ нь тааллыг олдог. 20Хэрэв та нар нүгэл үйлдээд ширүүн нударгад өртөхдөө тэвчлээ ч, үүнд ямар гавъяа байх билээ? Харин хэрэв та нар зөвийг үйлдээд зовохдоо, үүнийг хүлцэн тэвчвэл, энэ нь Бурханы тааллыг олдог. 21Учир нь та нар энэхүү зорилгын төлөө дуудагдсан билээ. Яагаад гэвэл та нарыг Өөрийнхөө мөрөөр дагуулахын тулд та нарт үлгэр дуурайллыг үлдээн, Христ та нарын төлөө зовлон эдэлсэн. 22Тэр нүгэл үйлдээгүй, Түүний аманд ямар ч заль мэх олдоогүй. 23Тэр зүхэгдэж байхдаа, хариуд нь зүхээгүй. Тэр зовон тарчилж байхдаа заналхийлээгүй, харин шударгаар шүүдэг Нэгэнд Өөрийгөө даатгасаар байлаа. 24Биднийг нүгэлд үхүүлж, зөвт байдалд амьдруулахын тулд Тэр Өөрөө бидний нүглийг модон дээр биедээ үүрсэн. Учир нь та нар Түүний шархаар эдгээгдсэн билээ. 25Учир нь та нар хонь мэт төөрсөөр байсан боловч эдүгээ сэтгэлийн чинь Хоньчин болон Харгалзагчид буцаж ирэв.
Currently Selected:
1 ПЕТР 2: АБ2004
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society