YouVersion Logo
Search Icon

1 КОРИНТ 11

11
1Би Христийг дуурайдаг шиг намайг дуурайцгаа.
2Та нар бүх зүйл дээр намайг санаж, та нарт би хэрхэн дамжуулж өгсөнчлөн тэдгээр уламжлалыг чанд сахидаг тул та нарыг би магтдаг. 3Гэвч Христ бол эр хүн бүрийн тэргүүн, эр хүн бол эмэгтэй хүний тэргүүн, Бурхан бол Христийн тэргүүн мөн гэдгийг та нар ойлгоосой гэж би хүсэж байна. 4Залбирах эсвэл эш үзүүлэх үедээ толгой дээрээ өмсгөлтэй эр хүн бүр өөрийн толгойгоо гутааж байгаа юм. 5Харин залбирах эсвэл эш үзүүлэх үедээ толгойгоо бүтээгээгүй эмэгтэй хүн бүр өөрийн толгойгоо гутааж буй хэрэг. Энэ нь тэр эмэгтэй үсээ хусуулсантай адил юм. 6Хэрэв эмэгтэй хүн толгойгоо бүтээхгүй бол үсээ бас хяргаг. Гэвч үсээ хяргах, хусуулах нь эмэгтэй хүнд ичгэвтэр байвал тэр өөрийн толгойгоо бүтээг. 7Эр хүн толгойгоо бүтээх ёсгүй. Учир нь эр хүн нь Бурханы дүр ба алдар мөн. Харин эмэгтэй хүн эр хүний алдар юм. 8Учир нь эр хүн эмэгтэй хүнээс бус, харин эмэгтэй хүн эр хүнээс бий болсон. 9Үнэндээ эр хүн эмэгтэй хүний төлөө бүтээгдсэн бус, харин эмэгтэй хүн эр хүний төлөө бүтээгдсэн юм. 10Тиймээс тэнгэр элч нарын улмаас эмэгтэй хүн толгой дээрээ эрх мэдлийн тэмдэг байлгах ёстой. 11Гэвч Эзэн дотор эр хүнгүйгээр эмэгтэй хүн гэж үгүй бөгөөд эмэгтэй хүнгүйгээр эр хүн гэж үгүй юм. 12Учир нь эмэгтэй хүн эр хүнээс бий болсончлон эр хүн эмэгтэй хүнээс төрдөг. Бүх юмс Бурханаас бий болсон. 13Эмэгтэй хүн толгойгоо бүтээхгүй Бурханд залбирах нь зохистой юу? Өөрсдөө шүүцгээ. 14Хэрэв эр хүн урт үстэй байвал энэ нь түүнийг гутаадаг гэдгийг төрөлх байдал өөрөө та нарт сургадаг бус уу? 15Харин хэрэв эмэгтэй хүн урт үстэй байвал энэ нь түүнд алдар юм. Тийм биш гэж үү? Яагаад гэвэл түүний үс нь түүнд өмсгөл болон өгөгджээ. 16Хэрэв хэн нэг нь маргаантай байхыг боддог бол тийм ёс заншил бидэнд ч, Бурханы чуулгануудад ч байхгүй билээ.
17Харин энэ зааврыг өгөхдөө би та нарыг магтахгүй. Яагаад гэвэл та нар хамтдаа цуглахдаа сайжраагүй, харин ч мууджээ. 18Учир нь нэгдүгээрт, та нар чуулган дотор цуглах үедээ дундаа хагаралтай байгааг чинь би сонсов. Зарим талаар би үүнд итгэж байна. 19Учир нь та нарын дунд шалгарсан хүмүүс тодорсон байхын тулд та нарын дунд бүлэглэлүүд гарч ирэх ёстой юм. 20Тиймээс та нар хамтдаа цуглах нь Эзэний Зоогийг идэхийн тулд биш юм. 21Учир нь хүн бүр өөрийнхөө хоолноос урьтаж иддэг бөгөөд нэг нь өлсгөлөн байхад нөгөө нь согтуурч байна. 22Та нарт идэх уух гэр орон байхгүй гэж үү? Эсвэл та нар Бурханы чуулганыг басамжлан, хоосон нэгнийгээ ичээх гэдэг юм уу? Та нарт би юу гэж хэлэх вэ? Та нарыг би магтах уу? Үүний чинь төлөө би та нарыг магтахгүй. 23Учир нь Эзэнээс юу авсныгаа та нарт би дамжуулж өгсөн. Чухамхүү Түүний баригдсан тэр шөнө Эзэн Есүс талх аваад, 24талархлаа өргөж, хуваагаад “Энэ бол та нарын төлөөх Миний бие мөн. Намайг дурсан үүнийг үйлд” гэв. 25Тэрчлэн зоогийн дараа мөн аяга авч “Энэ аяга бол Миний цусаар тогтоогдох шинэ гэрээ мөн. Үүнээс та нар уух болгондоо Намайг дурсан үүнийг үйлд” гэсэн юм. 26Учир нь энэ талхыг идэж, энэ аяганаас уух бүрдээ та нар Түүнийг ирэх хүртэл Эзэний үхлийг тунхагладаг. 27Тиймд хэн нэгэн хүн зохисгүйгээр Эзэний талхыг идэж, аяганаас уух аваас Эзэний бие ба цусны буруутан болно. 28Харин хүн өөрийгөө шалгаж байгаад талхыг идэг, аяганаас ууг. 29Учир нь идэж буй хүн хэрэв биеийг зөв шүүлгүй идэж, уувал өөртөө шийтгэл авчирна. 30Үүнээс болж та нарын дунд мөхөс, өвчтэй хүн олон байгаа бөгөөд мөн цөөнгүй хүн нойрсож байна. 31Хэрэв бид өөрсдийгөө зөв шүүсэн бол шийтгэгдэхгүй байх байсан. 32Харин бид шийтгэгдэхдээ Эзэнээр сахилгажуулагддаг. Ингэснээр бид ертөнцтэй хамт яллагдахгүй юм. 33Тиймд ах дүүс минь, та нар идэхийн тулд цуглавал нэг нэгнийгээ хүлээ. 34Та нар хамтдаа шийтгэлд унахгүйн тулд хэрэв өлссөн хүн байвал тэр хүн гэртээ идэг. Бусад хэргүүдийг би очихдоо зохицуулъя.

Currently Selected:

1 КОРИНТ 11: АБ2004

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in