YouVersion Logo
Search Icon

ШАСТИРЫН ДЭЭД 27

27
1Энэ бол Израилийн хөвгүүд, эцгүүдийн бүлүүдийн тэргүүнүүд болох мянгат, зуутын дарга нар болон бүлгүүдийн хамаг хэрэгт хаанд үйлчилдэг түшмэдийн тооллого юм. Тэрхүү бүлгүүд тус бүрдээ хорин дөрвөн мянган хүнтэй бөгөөд жилийн бүх сарын туршид сар бүр солигддог байв. 2Забдиелын хүү Иошобеам нь нэгдүгээр сард алба хаах нэгдүгээр бүлгийг захирдаг байв. Түүний бүлэгт хорин дөрвөн мянган хүн байв. 3Тэрээр Перезийн хөвгүүдээс гаралтай бөгөөд нэгдүгээр сарын хувьд их цэргийн бүх дарга нарын тэргүүлэгч байв. 4Ахо хүн Додаи болон түүний бүлэг нь хоёрдугаар сард алба хаах бүлгийг хариуцаж байв. Түүний бүлгийн ахлах түшмэл Миклот юм. Түүний бүлэгт хорин дөрвөн мянган хүн байв. 5Гуравдугаар сард их цэргийн гурав дахь жанжин буюу тэргүүлэгч бол тахилч Иехоиадагийн хүү Бенаиа юм. Түүний бүлэгт хорин дөрвөн мянган хүн байв. 6Энэ Бенаиа нь гучин баатрын дотроос хүчирхэг нэгэн бөгөөд уг гучийг захирдаг байв. Түүний бүлгийн захирагчаар түүний хүү Аммизабад байжээ. 7Дөрөвдүгээр сард дөрөв дэх нь Иоабын дүү Асахел болон удаах нь түүний хүү Зебадиа болой. Түүний бүлэгт хорин дөрвөн мянган хүн байв. 8Тавдугаар сард тав дахь нь Изра хүн ахлагч Шамхут байв. Түүний бүлэгт хорин дөрвөн мянган хүн байв. 9Зургадугаар сард зургаа дахь нь текои хүн Иккешийн хүү Ира болой. Түүний бүлэгт хорин дөрвөн мянган хүн байв. 10Долдугаар сард долоо дахь нь Ефраимын хөвгүүдээс гаралтай пелон хүн Хелез байв. Түүний бүлэгт хорин дөрвөн хүн байжээ. 11Наймдугаар сард найм дахь нь зерачуудаас гаралтай хушат хүн Сиббекаи болой. Түүний бүлэгт хорин дөрвөн мянган хүн байв. 12Есдүгээр сард ес дэх нь бениаминчуудаас гаралтай анатот хүн Абиезер байв. Түүний бүлэгт хорин дөрвөн мянган хүн байв. 13Аравдугаар сард арав дахь нь зерачуудаас гаралтай Нетофат хүн Махараи байв. Түүний бүлэгт хорин дөрвөн мянган хүн байв. 14Арван нэгдүгээр сард арван нэг дэх нь Ефраимын хөвгүүдээс гаралтай пиратон хүн Бенаиа болой. Түүний бүлэгт хорин дөрвөн мянган хүн байв. 15Арван хоёрдугаар сард арван хоёр дахь нь Отниелын нетофат хүн Хелдаи байв. Түүний бүлэгт хорин дөрвөн мянган хүн байв.
16Израилийн овгуудыг хариуцахаар реубенчүүдийн ахлах түшмэл нь Зихрийн хүү Елиезер, симеончуудад Маакагийн хүү Шефатиа, 17Левид Кемуелийн хүү Хашабиа, Ааронд Задок, 18Иудад Давидын ах нарын нэг болох Елиху, Иссахарт Микаелын хүү Омри, 19Зебулунд Обадиагийн хүү Ишмаиа, Нафталид Азриелын хүү Иеремот, 20Ефраимын хөвгүүдэд Азазиагийн хүү Хошеа, Манассегийн хагас овогт Педаиагийн хүү Иоел, 21Гилеад дахь Манассегийн хагас овогт Зехариагийн хүү Иддо, Бениаминд Абнерын хүү Иаасиел, 22Данд Иерохамын хүү Азарел нар болой. Эдгээр нь Израилийн овгуудын ноёд байв. 23Харин ЭЗЭН израильчуудыг тэнгэрийн одод мэт олон болгоно хэмээн айлдсан учраас Давид хорин настай болон түүнээс дооших насны хүмүүсийг тоолсонгүй. 24Зеруиагийн хүү Иоаб тэднийг тоолж эхэлсэн боловч дуусгаагүй. Үүнээс болж Бурханы уур хилэн Израиль дээр буугаад тэдний тоо Давид хааны Шастирын бүртгэлд ороогүй билээ.
25Адиелын хүү Азмавет хааны агуулахыг хариуцав. Уззиагийн хүү Ионатан нь хөдөө, хот, тосгон, цайзууд дахь агуулахуудыг хариуцав. 26Келубийн хүү Езри нь газар хөрс боловсруулж байсан ажилчдыг хариуцсан байв. 27Рамат хүн Шимеи усан үзмийн талбайг хариуцав. Шифмит хүн Забди дарсны агуулахуудад хадгалагдсан усан үзмийн ургацыг хариуцав. 28Гедер хүн Баал-ханан нь Шефела дахь чидун мод, ялам моддыг хариуцав. Тосны агуулахыг Иоаш хариуцав. 29Шаронд бэлчиж буй үхэр сүргийг Шарон хүн Шитраи хариуцав. Адлаигийн хүү Шафат хөндийнүүдэд байх үхэр сүргийг хариуцав. 30Ишмаел хүн Обил тэмээнүүдийг, меронот хүн Иедеиа илжигнүүдийг хариуцав. 31Хагри хүн Иазиз нь хонин сүргийг хариуцав. Эд бүгд Давид хааны харьяалагдах хөрөнгөний харгалзагчид байв.
32Бас Давидын авга ах Ионатан ухаантай зөвлөгч бөгөөд гүүш байв. Хахмонийн хүү Иехиел нь хааны хөвгүүдийг асарч байв. 33Ахитофел нь хааны зөвлөх, архе хүн Хушаи нь хааны анд байв. 34Бенаиагийн хүү Иехоиада, Абиатар нар Ахитофелыг залгамжилжээ. Иоаб нь хааны их цэргийн жанжин байв.

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in