ШАСТИРЫН ДЭЭД 15
15
1Давид өөртөө зориулан Давидын хотод гэрүүд бариулав. Бас тэрээр Бурханы авдарт зориулан газар бэлтгэн, түүнд майхан босгов. 2Тэгээд Давид
—Бурханы авдрыг левичүүдээс өөр хэн ч өргөн зөөж болохгүй. Учир нь Бурханы авдрыг зөөлгөж, Өөртөө үүрд мөнх үйлчлүүлэхээр ЭЗЭН тэднийг сонгосон билээ гэв. 3Давид өөрийн бэлтгэсэн газарт ЭЗЭНий авдрыг авчруулахаар бүх Израилийг Иерусалимд цуглуулав. 4Давид Аароны хөвгүүдийг болон левичүүдийг хамтад нь цуглуулжээ. Үүнд: 5Кохатын хөвгүүдээс захирагч Уриел болон түүний төрөл садангийн зуун хорин хүн, 6Мерарийн хөвгүүдээс захирагч Асаиа болон түүний төрөл садангийн хоёр зуун хорин хүн, 7Гершомын хөвгүүдээс захирагч Иоел болон түүний төрөл садангийн зуун гучин хүн, 8Елизафаны хөвгүүдээс захирагч Шемаиа болон түүний төрөл садангийн хоёр зуун хүн, 9Хеброны хөвгүүдээс захирагч Елиел болон түүний төрөл садангийн наян хүн, 10Уззиелийн хөвгүүдээс захирагч Амминадаб болон түүний төрөл садангийн зуун арван хоёр хүн байв. 11Дараа нь тахилч Задок, Абиатар нарыг болон левичүүд болох Уриел, Асаиа, Иоел, Шемаиа, Елиел, Амминадаб нарыг Давид дуудан 12тэдэнд
—Та нар бол левичүүдийн эцгүүдийн бүлүүдийн тэргүүлэгчид билээ. Израилийн Бурхан ЭЗЭНий авдрыг миний түүнд зориулан бэлтгэсэн газарт авчрахын тулд өөрсдийгөө болон хамаатан садангуудаа ариусга. 13Эхний удаа та нар түүнийг үүрээгүйгээс болж бидний Бурхан ЭЗЭН бидэнд дүрсхийн уурласан юм. Яагаад гэвэл бид зааврын дагуу Түүнийг эрж хайгаагүй билээ гэж хэлэв. 14Ингээд Израилийн Бурхан ЭЗЭНий авдрыг авчрахын тулд тахилч нар болон левичүүд өөрсдийгөө ариусгав. 15ЭЗЭНий үгийн дагуу Мосегийн тушааснаар левичүүдийн хөвгүүд Бурханы авдрыг дамнуургаар өргөн, мөрөн дээрээ үүрч явав.
16Тэгээд баяр баяслын дууг өргөхөөр босоо ятга, ятга, цан хөгжмүүдтэй хамт дуулах дуучдаар хамаатнуудаас нь томилох тухай Давид левичүүдийн захирагчидтай ярилцав. 17Ингээд Иоелын хүү Хеманыг болон түүний төрөл саднаас Береиагийн хүү Асафыг левичүүд томилжээ. Мөн тэдний төрөл садан болох Мерарийн хөвгүүдээс Кушаиагийн хүү Етаныг болон 18тэдний хамт хоёрдугаар зэргийн хамаатнууд буюу хаалгач нар болох Зехариа, Бен, Иазиел, Шемирамот, Иехиел, Унни, Елиаб, Бенаиа, Маасеиа, Маттитиа, Елифеле, Микнеиа, Обедедом, Иеиел нар байв. 19Дуучид болох Хеман, Асаф, Етан нар гуулин цан цохихоор томилогджээ. 20Зехариа, Азиел, Шемирамот, Иехиел, Унни, Елиаб, Маасеиа, Бенаиа нар аламотод нийцүүлэн босоо ятга тоглов. 21Маттитиа, Елифеле, Микнеиа, Обед-едом, Иеиел, Азазиа нар шеминитэд нийцүүлэн ятга дарав. 22Левичүүдийн захирагч Кенаниа нь дуулах үүргийг даан авчээ. Тэрээр авъяастай байсан тул дуулах зааврыг өгч байв. 23Берекиа, Елкана нар авдрын сахиулууд байв. 24Тахилч нар болох Шебаниа, Иошафат, Нетанел, Амисаи, Зехариа, Бенаиа, Елиезер нар Бурханы авдрын өмнө бүрээ үлээв. Обедедом, Иехиа нар мөн авдрын сахиулууд байв.
25Обед-едомын гэрээс ЭЗЭНий гэрээний авдрыг баяр баясгалантайгаар нүүлгэн авчрахаар Израилийн ахмадууд болон мянгатын дарга нарын хамт явсан хүн нь Давид байв. 26ЭЗЭНий гэрээний авдрыг зөөсөн левичүүдэд Бурхан тусалсан тул тэд долоон бух, долоон хуцаар тахил өргөв. 27Авдрыг үүрсэн бүх левичүүд, дуучид болон дууны удирдаач Кенаниа нарын адил Давид нарийн маалингаар хийсэн дээл өмсөв. Давид бас маалинган ефод өмссөн байв. 28Ийнхүү бүх Израиль уухайн дуугаар, эвэр бүрээ болон бүрээ үлээн, цан хөгжмийг чанга дуугарган, босоо ятга ба ятгын аялгуутайгаар ЭЗЭНий гэрээний авдрыг авчирчээ.
29ЭЗЭНий гэрээний авдар Давидын хот уруу ойртон ирэх үед Саулын охин Микал цонхоор хараад, Давид хааны үсэрч цовхчин, баярлан тэмдэглэж байхыг үзээд, зүрх сэтгэлдээ түүнийг басамжлав.
Currently Selected:
ШАСТИРЫН ДЭЭД 15: АБ2004
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society