Ром 14
14
Нэг нэгнээ бүү шүү
1Итгэлээр сул нэгнээ хүлээж ав. Ингэхдээ түүний үзэл бодлынх нь талаар бүү заргалд.#Кол 2:16 2Бүх юмыг идэж болно гэж нэг нь итгэдэг байхад сул нэгэн нь ургамал ногоо иддэг. 3Иддэг нь иддэггүйгээ бүү басамжлаг. Иддэггүй нь иддэгээ бүү шүүг. Учир нь Бурхан түүнийг хүлээн авсан юм. 4Бусдын гэрийн зарцыг шүүгч та хэн бэ? Тэр өөрийн эзний өмнө зогсдог эсвэл унадаг. Эзэн түүнийг босгох чадалтай учир тэр зогсох болно.
5Зарим нь нэг өдрийг нөгөөгөөс нь онцгойлон үздэг байхад, зарим нь өдөр бүрийг адилхан гэж үздэг. Хүн бүр өөрийн бодолдоо бат итгэлтэй байг. 6Өдрийг бодолцогч нь Эзэний төлөө үүнийг бодолцдог. Иддэг нь Эзэний төлөө иддэг. Учир нь Бурханд тэрээр талархал өргөдөг. Иддэггүй нь Эзэний төлөө иддэггүй. Тэр ч Бурханд талархал өргөдөг.
7Бидний хэн нь ч өөрийнхөө төлөө амьдардаггүй. Хэн нь ч өөрийнхөө төлөө үхдэггүй. 8Бид амьдарлаа ч Эзэний төлөө амьдардаг. Бид үхлээ ч Эзэний төлөө үхдэг. Тиймээс амьдарлаа ч, үхлээ ч бид Эзэнийх. 9Учир нь, үхсэн амьд аль алиных нь Эзэн байхын тулд, чухам үүний тулд л Христ үхээд амилсан билээ.
10Тийн атал та юунд ах дүүгээ шүүнэ вэ? Бас та юунд ах дүүгээ басамжилна вэ? Бид бүгдээрээ Бурханы шүүх суудлын өмнө зогсох болно шүү дээ.#2Ко 5:10 11Учир нь
«“Би амьд!
Өвдөг бүр өмнө минь сөгдөж,
Хэл бүхэн Бурханд өчиглөнө” гэж
Эзэн айлдаж байна»#Иса 45:23 (LXX)
гэж бичигдсэн байгаа. 12Тийнхүү бидний хүн бүр өөрийнхөө тайланг Бурханд өгөх болно.
Нэг нэгнээ бүү бүдрүүл
13Иймд цаашид бид бие биенээ шүүхээ больё. Харин ч та нар ах дүүдээ бүдрүүлгийн чулуу эсвэл саад тотгор тавихгүй байя гэж шийдэгтүн. 14Ямар ч юм өөрөө бол бузар биш, харин аливааг бузар гэж үзэгчийн хувьд л тэр нь бузар юм гэдгийг би Эзэн Есүс дор мэдэж итгэсэн юм. 15Хэрэв идэх юмнаас болж ах дүүгээ гомдоовол, та нэгэнт хайрын дагуу явахгүй байна. Та тэр хүнийг идэх юмаараа бүү устга. Учир нь түүний төлөө Христ үхсэн юм. 16Тиймд та нарын хувьд сайн нь бүү муугаар хэлэгдэг. 17Бурханы хаанчлал бол идэх болон уух явдал бус, харин Ариун Сүнс дорх зөвт байдал, амар тайван хийгээд баяр баясгалан нь юм. 18Христэд ийнхүү үйлчилдэг хүн Бурханд таалагдаж, хүмүүсээр сайшаагдана. 19Тиймд амар тайвныг тогтоодог болон бие биенээ босгон байгуулдаг зүйлсийг мөшгөцгөөе.#14:19 ЗБ-т бид үргэлж зорих ёстой эсвэл бид үргэлж зорьдог 20Идэх юмнаас болж Бурханы ажлыг бүү нураа. Үнэндээ бүх юм цэвэр аж. Харин бусдад бүдрүүлгэ болж идэх нь л хүний хувьд муу юм. 21Мах идэхгүй, дарс уухгүй эсвэл ах дүү чинь бүдэрдэг ямар нэгэн зүйлийг үйлдэхгүй байх нь сайн. 22Та өөртөө байгаа итгэлээ Бурханы өмнө өөрийнхөө хувьд л байлга. Зөвшөөрдөг зүйлдээ өөрийгөө ялладаггүй хүн нь ерөөлтэй еэ! 23Харин эргэлзэгч нэгэн нь хэрэв идэх аваас яллагдана. Учир нь итгэлээр бус юм. Итгэлээр бус алив бүхэн нь нүгэл юм.
Currently Selected:
Ром 14: АБ2013
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.