YouVersion Logo
Search Icon

Дуулал 50

50
Зөв өргөл
Асафын дуулал.
1Хүчит Нэгэн, Бурхан ЭЗЭН айлдаж,
Нар мандахаас жаргах хүртэл
Дэлхийг дуудаж байна.
2Үзэсгэлэнгийн дээд болох Сионоос
Бурхан гэрлээ цацруулж байна.
3Бидний Бурхан ирээд дуугүй байхгүй.
Урд нь залгигч гал,
Эргэн тойронд нь хүчтэй шуурга.
4Тэрээр ард түмнээ шүүхийн тулд
Тэнгэр болон газар дэлхийг дээрээс дуудаж
5“Тахилаар дамжуулан
Надтай гэрээ хийсэн
Бишрэлтнүүдийг минь
Над уруу цуглуул” гэдэг.
6Тэнгэрс зөвт байдлыг нь тунхагладаг.
Учир нь Бурхан Өөрөө шүүгч юм. Села
7“Сонсогтун, ард түмэн минь ээ, Би ярина.
Израиль аа, Би чиний эсрэг гэрчилнэ
Би Бурхан, чиний Бурхан.
8Би тахилуудаас чинь болж чамайг зэмлэхгүй.
Шатаалт тахилууд чинь үргэлж
Миний өмнө болой.
9Би гэрээс чинь бухыг ч,
Хашаанаас чинь хуцыг ч авахгүй.
10Учир нь ойн амьтад бүгд,
Мянган толгод дээрх мал сүрэг Минийх.
11Би уулын шувуу бүрийг мэдэх бөгөөд
Хээр талд хөдлөх бүхэн Минийх.
12Би өлссөн байлаа ч чамд хэлэхгүй байсан.
Учир нь ертөнц хийгээд
Түүнийг дүүргэдэг бүхэн Минийх.
13Би бухнуудын махыг идэж,
Хуцнуудын цусыг уух гэж үү?
14Бурханд талархлын тахилыг өргөж,
Хамгийн Дээд Нэгэнд амлалтуудаа биелүүл.
15Зовлон шаналангийн өдөр Намайг дууд.
Би чамайг аврах бөгөөд
Чи Намайг хүндэтгэнэ.”
16Харин буруутад Бурхан айлдахдаа
“Зарлигуудыг минь зарлан
Гэрээг минь амандаа
Юунд чи тээж байна вэ?
17Үнэндээ чи сахилгажуулалтыг үзэн ядаж,
Үгсийг минь арагшаа хаядаг.
18Чи хулгайчийг харахдаа түүнийг сайшаадаг.
Чи завхайрагчидтай нэгддэг.
19Чи амаа ёрын муугаар явуулдаг бөгөөд
Чиний хэл мэхлэлийг найруулдаг.
20Чи сууж, ах дүүсээ муулан ярьж,
Эхийнхээ хүүг гүтгэдэг.
21Эдгээрийг хийхэд чинь
Би дуугүй байсан.
Намайг өөртэйгөө адил гэж
Чи бодсон.
Одоо Би чамайг зэмлэж,
Нүдний чинь өмнө чамайг буруутгана.
22Бурханыг мартагч нар аа, ухаарагтун,
Эс бөгөөс Би тасчин хаяна.
Та нарыг аврах хүн үгүй.
23Талархлын тахилыг өргөгч нь
Намайг хүндэтгэдэг.
Зөв замаар замнагчдад
Бурханы авралыг Би үзүүлнэ.”

Currently Selected:

Дуулал 50: АБ2013

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in