YouVersion Logo
Search Icon

Сургаалт үгс 8

8
Мэргэн ухааны бэлэг
1Мэргэн ухаан дуудаагүй гэж үү?
Бодрол дуугаа хадаагаагүй гэж үү?#Сур 1:20–21
2Замын дэргэдэх өндөрлөгийн оройд ч,
Жимүүдийн бэлчирт ч тэрээр зогсоно.
3Гулдан хаалганы дэргэд, хотод орох газарт,
Хаалгануудын үүдэнд ч тэрээр чангаар хашхирна.
4“Хүмүүс ээ, та нарыг би дуудаж байна.
Дуу хоолой минь хүний хөвгүүдэд хандана.
5Гэнэнчүүд ээ, саруул ухааныг ухагтун,
Мулгуучууд аа, зүрхний ухаарлыг авагтун.
6Сонсогтун, учир нь би сурвалжит зүйлсийг ярина.
Уруулаа нээхэд минь чигч шударга зүйлс гарна.
7Учир нь ам минь үнэнийг өгүүлдэг.
Уруул минь гэм бурууг жигшдэг.
8Амнаас минь гарах үг бүр зөвт
Аливаа муруйж хазайсан хийгээд гажсан юм
Тэдгээр дотор огт үгүй.
9Тэдгээр нь ухаарагч нэгэнд тов тодорхой бөгөөд
Мэдлэгийг олж авагсдад зөв зүйтэй юм.
10Цалин цагаан мөнгийг бус, сургамжийг минь авагтун,
Шилж авсан алтнаас мэдлэгийг авсан нь дээр.
11Мэргэн ухаан нь эрдэнэсээс ч илүү үнэтэй
Хүсэл татагч бүхэнтэй ч зүйрлэшгүй билээ.
12Мэргэн ухаан би хэрсүү ухаантай хамт оршдог бөгөөд
Мэдлэг, хянамгай чанарыг олдог.
13ЭЗЭНээс эмээхүй нь ёрын мууг үзэн ядах явдал юм.
Бардамнал, ихэмсэг зан,
ёрын муу зам хийгээд гажсан амыг би жигшдэг.
14Зөвлөгөө хийгээд саруул ухаан нь минийх.
Би болбоос ухаарал мөн.
Хүч нь минийх.
15Хаад надаар хаанчилдаг.
Захирагчид надаар шударга ёсыг тогтоодог.
16Захирагчид, язгууртнууд,
Газрыг зөвтөөр шүүдэг бүхэн надаар захирдаг.
17Намайг хайрлагсдыг би хайрлана.
Намайг хичээнгүйлэн хайгсад намайг олно.
18Баялаг, алдар суу,
үргэлжид байх хөрөнгө ба зөвт байдал надад бий.
19Үр жимс минь алтнаас ч,
Шижир алтнаас ч илүү дээр.
Үр ашиг минь цалин цагаан мөнгөнөөс ч дээр.
20Би шударга ёсны харгуйгаар,
шударга шүүлтийн жимээр явдаг нь
21Намайг хайрлагсдад эд хөрөнгийг хүртээж
Эрдэнэсийн санг нь дүүргэхийн тулд юм.
Бүтээл ба мэргэн ухаан
22Эрт цагийн үйлсээсээ өмнө, замынхаа эхнээс авахуулан
ЭЗЭН намайг бүтээсэн.#Илч 3:14
23Өнө мөнхөөс, газрын цаг хугацааны эхлэлээс
Би тогтоогдсон байсан.
24Оёоргүй гүн үгүйд, оргилох булаг оргүйд
би гарсан юм.
25Уулс толгодыг босгохын өмнө,
би гарсан юм,
26Газар дэлхий, тариан талбай хийгээд
Ертөнцийн тоосонцрын дээжийг ч
Тэр бүтээгээгүй байхад,
27Тэнгэрийг бүтээж,
Оёоргүй гүний гадаргуу дээр
тойрог хязгаарыг сийлж байхад
Би тэнд байсан.
28Дээр нь огторгуйг тогтоох үед мөн оёоргүй гүний булгууд бий болоход,
29Тушаалыг нь ус зөрчихгүйн тулд
Тэнгист зарлигаа тогтоож байхад,
Газрын суурийг тавихад
Би тэнд байсан юм.
30Би тэгэхэд хажууд нь урлаач,
Өдрөөс өдөрт бахдал нь байж
Өмнө нь үргэлж баярлаж байсан.
31Түүний дэлхий ертөнцөд баясаж,
Хүний хөвгүүдээр бахдан байв.
32Иймээс хөвгүүд минь, намайг сонсогтун,
Замыг минь сахигсад ерөөлтэй еэ.
33Сургамжид дуулгавартай байж ухаантай бологтун,
Тэдгээрийг бүү үл тоомсорло.
34Дааман хаалганы минь дэргэд өдөр бүр харуулдан
Үүдний минь хатавчинд хүлээж,
намайг сонсдог хүн ерөөлтэй еэ.
35Намайг ологч нь амийг үнэхээр олж,
ЭЗЭНээс тааллыг нь хүртэх атал
36Надад нүгэл үйлддэг нь өөрийгөө хорлоно.
Намайг үзэн ядагч бүхэн үхлийг хайрлагчид болой” гэв.

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in