YouVersion Logo
Search Icon

Нахум 3

3
Зайлшгүй мөхөл
1Худал ба дээрмээр дүүрсэн, цуст хот хөөрхий еэ!
Олз золионууд нь хэзээ ч эс холдоно.
2Ташуур тасхийх дуу, дугуйнуудын таржигнах чимээ,
Морьдын пижигнээн, үсрэн дүүлэх тэрэгнүүдийн түжигнээн.
3Морьтонгууд мордож,
Илднүүд гялалзаж, жаднууд гялтганана.
Олон үхэгсэд, үй олон хүүр, тоймгүй олон цогцос.
Хүмүүс цогцоснууд дээр бүдэрч унана.
4Энэ бүхэн нь янхны завхай тачаалаас,
Илбэчдийн нууц амраг,
Дур булаам нэгнээс болсон юм.
Тэр өөрийн янхандалтаар үндэстнүүдийг худалдаж
Ард түмнүүдийг ид шидээр татдаг.
5“Харагтун, Би чиний эсрэг байна” гэж
Түг түмдийн ЭЗЭН тунхаглаж байна.
“Би чиний банзлуудыг нүүрэнд чинь хүртэл сөхөж,
Чиний нүцгэнийг үндэстнүүдэд,
Чиний ичгүүрийг хаанчлалуудад үзүүлнэ.
6Би чиний дээр бузар юмыг хаяж,
Чамайг олиггүй болгоно.
Чамайг үзвэр мэт тавих болно.
7Чамайг харах хүн бүхэн чамаас зайлан,
«Ниневе сүйтгэгдсэн!
Түүний төлөө хэн гашуудах вэ?» гэж хэлнэ.
Чамайг тайвшруулагчдыг Би хаанаас хайх вэ?”
8Усаар хүрээлэгдэн,
Нил мөрний дэргэд байрласан
Но-амоноос чи илүү дээр гэж үү?
Гол нь түүний цайз болж,
Далай нь түүний хана байсан.
9Етиоп болон Египет нь
Түүний хэмжээ хязгааргүй хүч чадал нь байсан.
Пут, Луб нар түүний туслагчдын дунд байсан.
10Гэсэн ч тэр цөлөгдөж, олзлогдон явсан.
Гудамж бүрийн эхэнд балчир хүүхдүүдийг нь
хэмхэртэл чулуудсан.
Тэд хүндэтгэлтэй хүмүүсийнх нь төлөө шавга татаж,
Бүх агуу хүмүүсийг нь дөнгөлсөн.
11Та нар ч мөн согтож, нуугдан,
Дайснаас хоргодох газрыг хайх болно.
12Та нарын бүх бэхлэлт бол
Боловсорсон жимстэй инжрийн мододтой адил юм.
Тэднийг сэгсрэхэд л тэд
Идэгчийн аманд унадаг.
13Харагтун, танай ард түмэн бол та нарын дундах эмэгтэйчүүд юм.
Нутгийн чинь үүд хаалганууд
Дайснуудад чинь өргөнөөр нээлттэй байна.
Дааман хаалганы чинь хөндлүүдийг гал залгижээ.
14Өөртөө зориулан бүслэлтэндээ ус татаж ав!
Бэхлэлтүүдээ бэхжүүл.
Шаварт явж, наалданг шаврыг зуурч,
Тоосго шатаах зуухнуудаа засварла.
15Тэнд гал чамайг шатааж,
Илд чамайг цавчин унагах болно.
Дэвхрэг мэт тэр чамайг сүйтгэх болно.
Өөрийгөө царцаа мэт олшруул.
Өөрийгөө дэвхрэг мэт олон болго.
16Чи өөрийнхөө худалдаачдыг
Тэнгэрийн оддоос илүү олон болгосон.
Харин тэд дэвхрэг адил тонож, нисэн одож байна.
17Чиний харуулууд царцаа мэт юм.
Чиний өрлөг жанжингууд
Хүйтэн өдөр чулуун ханан дээр сууцгааж буй
сүрэг царцаатай адил.
Нар мандахад тэд зугтаж,
Тэдний байгаа газрыг хэн ч мэдэхгүй.
18Өө, Ассирийн хаан аа.
Чиний хоньчид унтаж,
Язгууртнууд чинь хэвтэж байна.
Чиний ард түмэн уулсаар тарсан агаад
Тэднийг цуглуулан авчрах хэн ч алга.
19Чиний бэртэнгид ямар ч эмчилгээ байхгүй.
Чиний шархнууд эдгэршгүй.
Чиний тухай сонссон бүгд
Чам дээр алгаа таших болно.
Чиний байнгын харгислалд өртөөгүй хүн гэж бий юу?

Currently Selected:

Нахум 3: АБ2013

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in