YouVersion Logo
Search Icon

Марк 5

5
Чөтгөр шүглэсэн хүнийг эдгээв
(Мт 8:28–34; Лк 8:26–39)
1Нуурын чанад эрэг герасчуудын нутагт тэд иржээ. 2Есүсийг завинаас буухад нь бузар сүнстэй хүн тэр даруй булшнаас гарч ирээд Түүнтэй тулгарав. 3Орон байр нь булшнуудын дунд байх агаад гинжинд ч эс хүлэгдэх нэгэн аж. 4Тэр олонтаа гав, гинжтэй байсан ч гинжээ тастаж, гаваа хэсэглэн эвдчихдэг байв. Хэн ч түүнийг номхтгож эс чаджээ. 5Булшин дунд, ууланд өдөр шөнөгүй тэрээр орилж, чулуугаар өөрийгөө балбах аж. 6Есүсийг холоос харсан тэрээр гүйн ирж, Түүнд мөргөв. 7Тэгээд чанга дуугаар хашхиран
—Хамгийн Дээд Бурханы Хүү Есүс ээ, Та надад ямар хамаатай билээ? Би Бурханаар Танаас гуйя. Намайг бүү зовоогооч! гэлээ. 8Учир нь Есүс
—Бузар сүнс чи хүнээс гар гэж айлдсан ажээ. 9Есүс түүнээс
—Нэр чинь хэн бэ? гэж асуусанд тэр
—Бид олуулаа учир намайг Легион#5:9 Легион: Түмт цэрэг гэсэн утгатай. гэдэг гэв. 10Тэгээд өөрсдийг нь энэ нутгаас бүү зайлуулаач гэж тэр Түүнээс хүсэмжлэн гуйв. 11Тэнд уулын бэлд гахайн их сүрэг идшилж байлаа. 12Чөтгөрүүд Есүсээс
—Биднийг гахай уруу явуулаач. Бид тэдний дотор оръё гэж гуйхад 13Есүс тэдэнд зөвшөөрөв. Бузар сүнснүүд гарч, гахайнуудад шүглэв. Хоёр мянга орчим гахайн сүрэг нуурын эгц ганга дээрээс ухасхийж, нууранд унан живцгээлээ.
14Гахайчид зугтаж, үүнийг хот хөдөөгүй ярив. Тэгээд хүмүүс юу болсныг үзэхээр иржээ. 15Тэд Есүс дээр ирээд, «Легион» шүглэж байсан мөнөөх нэгэн хувцаслачихсан, эрүүл саруул сууж байхыг хараад, ихэд айв. 16Үүнийг үзсэн хүмүүс, чөтгөр шүглэсэн хүнд юу тохиолдсоныг болон гахайнууд яасан тухай тэдэнд ярьжээ. 17Тэд Есүсийг нутгаасаа явахыг гуйж эхлэв. 18Есүсийг завинд суух үед чөтгөр шүглэсэн байсан мөнөөх хүн Түүнтэй хамт байхыг гуйсан авч 19Есүс үл зөвшөөрөн, харин түүнд
—Гэртээ, өөрийнхөндөө оч. Эзэн чамд хичнээн ихийг үйлдэж, чамд хэрхэн өршөөлөө үзүүлснийг тэдэнд мэдэгд гэв. 20Тэр явж, Есүс түүнд хичнээн ихийг үйлдсэнийг Декаполиор нэг зарлаж эхлэв. Бүгд гайхацгааж байлаа.
Охиныг амилуулж, эмэгтэйг эдгээв
(Мт 9:18–26; Лк 8:40–56)
21Есүс завиар нөгөө эрэгт дахин гаталж ирэхэд Түүн уруу үй олон хуран цуглажээ. Тэр нуурын дэргэд байв. 22Синагогийн ахлагчдын нэгэн болох Иаир гэгч ирж, Есүсийг хараад хөлд нь унаж
23Бяцхан охин минь үхлийн ирмэгт байна. Та очиж, гараа тавиач. Тэгвэл тэр минь эдгэж, амьд үлдэнэ гэж ихэд хүсэмжлэн гуйв. 24Есүс түүнтэй хамт явахад үй олон Түүнийг дагаж, бүчин шахаж байлаа. 25Арван хоёр жилийн турш, цус алддаг өвчтэй байсан нэгэн эмэгтэй байв. 26Тэр эмэгтэй олон эмчийн гарт шаналж, өөрт байсан бүхнээ зарцуулсан боловч юу ч тус болсонгүй, харин ч улам мууджээ. 27Тэрээр Есүсийн тухай сонсоод, хурсан олны дундуур Түүний ард нь очоод хувцсанд нь хүрэв. 28Учир нь тэр
—Би ядаж Түүний хувцсанд нь хүрчихвэл эдгэрнэ гэж өөртөө хэлжээ. 29Тэр даруй цус гоожих нь зогссонд өвчнөөсөө салснаа биедээ мэдрэв. 30Есүс Өөрөөс нь хүч гарсныг тэр даруй мэдээд, хурсан олны зүг эргэн харж
—Хэн хувцсанд минь хүрэв? гэж асуулаа. 31Шавь нар нь Түүнд
—Үй олон Таныг шахаж буйг Та харж байна шүү дээ. Тэгтэл Та “Хэн Надад хүрэв?” гэх юм гэлээ. 32Есүс үүнийг үйлдэгчийг харах гэж эргэн тойрноо ажиглав. 33Юу болсныг мэдсэн тэр эмэгтэй айж чичирсээр ирж, Есүсийн өмнө унав. Тэгээд бүх үнэнээ хэлжээ. 34Есүс түүнд
—Охин минь, итгэл чинь чамайг аврав. Амар тайван явж, зовлонгоосоо ангижрагтун гэв.
35Түүнийг ийн айлдаж байтал синагогийн ахлагчийн гэрээс хүмүүс ирж
—Охин тань үхсэн. Багшид төвөг удаад яах вэ? гэжээ. 36Гэвч Есүс үүнийг сонсоод,#5:36 эсвэл анхааралгүй эсвэл сонсолгүй синагогийн ахлагчид
—Бүү ай, гагцхүү итгэ гэж хэлэв. 37Тэгээд Тэр Петр, Иаков, Иаковын дүү Иохан нараас өөр хэнийг ч Өөртэйгөө хамт явахыг эс зөвшөөрөв. 38Тэд синагогийн ахлагчийн гэрт ирэв. Уймарч, чангаар уйлж хайлагсдыг Тэр харлаа. 39Оронгуутаа Тэр тэдэнд
—Юунд та нар уймарч уйлалдана вэ? Энэ хүүхэд үхээгүй. Харин унтаж байна гэсэнд 40тэд Түүнийг тохуурхан инээлдэв. Харин Есүс бүгдийг гаргаж, зөвхөн өнөөх хүүхдийн аав ээжийг, Өөртэйгөө байгсдын хамт авч, хүүхдийг тавьсан өрөөнд оров. 41Хүүхдийн гараас барьж, Тэр түүнд
—Талита кум (орчуулбал «Бос, бяцхан охин минь, Би чамд хэлж байна») гэж хэлэв. 42Тэр даруй охин босоод явж эхлэв. Тэр арван хоёр настай байжээ. [Тэр даруй] тэд бүр мэл гайхав. 43Тэр
—Энэ тухай хэн ч мэдэх ёсгүй гэж тэдэнд хатуу сануулаад,
—Охинд идэх юм өг гэлээ.

Currently Selected:

Марк 5: АБ2013

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy