YouVersion Logo
Search Icon

Марк 14

14
Есүсийг алах хуйвалдаан
(Мт 26:1–5; Лк 22:1–2; Иох 11:45–53)
1Алгасал ба Исгээгүй талхны баяр хоёр хоногийн дараа болох байлаа. Ахлах тахилч нар болоод хуулийн багш нар Есүсийг залилан барьж, алахыг оролдож байв.#Гэт 12:1–27 2Тэд
—Ард олны дунд үймээн гаргахгүйн тулд баярын үеэр болохгүй хэмээцгээв.
Есүсийг Бетанд тослов
(Мт 26:6–13; Иох 12:1–8)
3Есүсийг Бетанд, уяман өвчтэй Симоны гэрт тухлан байхад нь цэвэр, үнэт нардын тос бүхий гөлтгөнөн сав барьсан эмэгтэй орж иржээ. Тэр савыг хагалаад Есүсийн толгой дээр тосыг цутгав.#Лк 7:37–38 4Гэтэл зарим нь зэвүүцэн өөр хоорондоо хэлэлцэж
—Юунд энэ тосыг ингэж үрнэ вэ? 5Энэ тосыг гурван зуу гаруй денараар#14:5 денар: Хөдөөгийн ажилчны нэг өдрийн хөлс. зарж, ядууст өгч болох байсан шүү дээ гээд, тэд түүнийг зэмлэжээ. 6Харин Есүс
—Түүнийг орхи. Та нар юунд түүнд төвөг удна вэ? Энэ эмэгтэй Надад сайныг үйлдэв. 7Учир нь та нар үргэлж ядуустай цуг байна. Хэзээ хүссэн цагтаа та нар тэдэнд сайныг үйлдэж чадна. Харин та нар Надтай үргэлж цуг байхгүй.#Дх 15:11 8Тэр хийж чадахаа л хийсэн. Биеийг минь тэр тосолж оршуулгад минь урьдчилан бэлдлээ. 9Үнэнээр Би та нарт хэлье. Сайнмэдээ бүх ертөнцийн хаа ч тунхаглагдсан, энэ эмэгтэйг дурсаж, үйлс нь яригдах болно гэлээ.
Иудас урвахаар болов
(Мт 26:14–16; Лк 22:3–6)
10Арван хоёрын нэг байсан Искариотын Иудас Есүсийг барьж өгөхөөр ахлах тахилч нар уруу явлаа. 11Тэд үүнийг сонсоод баярлаж, түүнд мөнгө өгөхөөр амлав. Тиймээс Есүсийг барьж өгөх аятай завшааныг тэрээр эрэлхийлж эхлэв.
Алгасал баяраар
(Мт 26:17–25; Лк 22:7–14,21–23; Иох 13:21–30)
12Исгээгүй талхны баярын эхний өдөр, Алгасалын хурга нядлах үеэр шавь нар нь
—Танд зориулан Алгасал баярын зоогийг хаана бэлдүүлэхийг Та хүсэж байна вэ? гэв. 13Есүс шавь нараасаа хоёр хүнийг явуулж, тэдэнд
—Хотод ор. Ваартай ус авч яваа хүн та нартай тааралдана. Түүнийг дага. 14Тэр хаашаа орно, тэр гэрийн эзэнд “Багш «Шавь нартайгаа, Алгасал баярын зоог барих зочны өрөө минь хаана байна?» гэж хэлүүлж байна” гээрэй. 15Тэр та нарт дээд давхрын тавилгатай, бэлэн том өрөөг үзүүлнэ. Тэнд бидэнд зоог бэлд гэж хэлэв. 16Шавь нар гарч явж хотод ирээд Түүний айлдсанаар бүхнийг олж, Алгасал баярын зоогийг бэлдэв.
17Орой болоход Есүс арван хоёрынхоо хамт ирэв. 18Тэд тухлан суугаад идэж байх үед Есүс
—Үнэнээр Би та нарт хэлье. Надтай хамт хооллож буй та нарын нэг чинь Надаас урвана#Дуу 41:9 гэлээ. 19Тэд зовсхийн нэг нэгээрээ Түүнд
—Би биш биз дээ? гэцгээв. 20Есүс тэдэнд
—Арван хоёрын нэг, тавганд Надтай гар талх дүрж байгаа нь мөн. 21Хүний Хүү Өөрийнх нь тухай бичигдсэнчлэн явна. Харин Хүний Хүүг бариулах тэр хүн золгүй еэ! Тэр хүн төрөөгүй байсан бол дээр байхсан гэлээ.
Эзэний зоог
(Мт 26:26–30; Лк 22:14–20; 1Ко 11:23–25)
22Тэднийг зооглох зуур Есүс талх аваад, ерөөсний дараа хуваан шавь нартаа өгөөд
—Май. Энэ Миний бие гэв. 23Тэр аяга авч, талархал өргөөд, тэдэнд өгөхөд бүгд түүнээс уулаа. 24Есүс тэдэнд
—Энэ нь олны төлөө урсах, гэрээний цус минь#Гэт 24:8; Иер 31:31–34 юм. 25Үнэнээр Би та нарт хэлье. Би усан үзмийн дарсыг Бурханы хаанчлалд шинээр уух өдрийг хүртэл дахин уухгүй гэв.
Петрийн үгүйсгэлийг зөгнөв
(Мт 26:31–35; Лк 22:31–34; Иох 13:36–38)
26Магтуу дуулсныхаа дараа, тэд Чидун уул өөд явцгаав. 27Есүс тэдэнд
—Та нар бүгд бүдэрнэ. Учир нь “Би хоньчинг цохино, хонин сүрэг тарж бутарна” гэж бичигдсэн#Зех 13:7 билээ. 28Харин Би амилуулагдсаныхаа дараа та нараас өмнө Галилд очно гэв.#Мт 28:16 29Гэтэл Петр Түүнд
—Бүгд бүдэрлээ ч би тэгэхгүй гэхэд 30Есүс түүнд
—Үнэнээр Би чамд хэлье. Өнөөдөр, энэ шөнө азарган тахиа хоёр удаа донгодохоос өмнө чи Намайг гурвантаа үгүйсгэнэ гэв. 31Гэвч Петр улам баттайгаар
—Би Тантай хамт үхэх ёстой болсон ч Таныг үгүйсгэхгүй гэхэд бүгдээрээ бас тэгж хэлцгээв.
Есүс Гетсеманид залбирав
(Мт 26:36–46; Лк 22:39–46)
32Тэд Гетсемани гэдэг газар ирэхэд Есүс шавь нартаа
—Намайг залбирах зуур энд сууцгааж бай гээд, 33Тэр Петр, Иаков, Иохан нарыг авч явав. Тэгээд түгшиж, шаналж эхлэв. 34Тэгээд тэдэнд
—Сэтгэл минь үхтлээ зовж байна. Энд үлдээд, сэргэг байцгаа гэжээ. 35Есүс жаахан цааш яваад, газар унаж, хэрэв боломжтой бол тэрхүү цаг хажуугаар нь өнгөрөхийг залбирав. 36Есүс
—Ааба,#14:36 Халдеи гаралтай үг арамаар Аав аа Аав аа! Танд бүх юм боломжтой. Надаас энэ аягыг алгасуулаач. Гэвч Миний хүслээр биш, харин Таныхаар болог гэлээ. 37Есүс ирж, тэдний унтаж байхыг хараад Петрт
—Симон, чи унтаж байна уу? Ганц цаг ч сэргэг байж чадсангүй юу? 38Соригдохгүйн тулд сэргэг бай, залбир. Сүнс чухамдаа тэсэн ядаж байна, харин махбод дорой юм гэлээ. 39Есүс дахин явж, өмнөх үгээ хэлэн залбирав. 40Тэр дахин ирээд, нүд нь анилдсанаас унтсан тэднийг харав. Тэд Есүст юу гэж хариулахаа ч мэдсэнгүй. 41Есүс гурав дахь удаагаа ирж тэдэнд
—Та нар унтаж, амарсаар л байна уу? Одоо боллоо. Цаг нь ирлээ. Харагтун, Хүний Хүү нүгэлтнүүдийн гарт тушаагдаж байна. 42Бос, явцгаая. Харагтун, Намайг бариулагч айсуй гэлээ.
Урвалт ба Есүсийг баривчилсан нь
(Мт 26:47–56; Лк 22:47–53; Иох 18:3–12)
43Түүнийг ийн ярьж байх зуур, арван хоёрын нэг Иудас ахлах тахилч нар, хуулийн багш нар болон ахлагчдын илгээсэн илд шийдэмтэй бөөн хүний хамт даруй хүрч ирэв. 44Түүнээс урвасан нэгэн тэдэнд
—Хэнийг би үнсэнэ, Тэр нь мөн. Түүнийг барьж, хамгаалалттай авч яв гэж дохио өгсөн байлаа. 45Иудас ирээд даруй Есүс уруу очиж «Рабби!» гээд Түүнийг үнсэв. 46Тэд Түүнийг гараараа зууран авч баривчлав. 47Гэтэл дэргэд нь зогсогсдын нэг нь илдээ сугалаад тэргүүн тахилчийн зарцыг цохиж, чихийг нь тас цавчжээ. 48Есүс тэдэнд
—Та нар Намайг дээрэмчин барихтай адил санан, илд шийдэмтэй ирээ юү? 49Сүмд өдөр бүр та нартай хамт байж, зааж байхад минь та нар Намайг бариагүй. Гэвч энэ нь Бичвэр биелэгдэхийн тулд юм гэв.#Лк 19:47, 21:37 50Шавь нар бүгд Түүнийг орхин зугтав.
51Нүцгэн биен дээрээ маалинган нөмрөг нөмөрсөн нэгэн залуу эр Есүсийг дагаж байлаа. Хүмүүс түүнийг барьж автал 52тэр нөмрөгөө хаяад, нүцгэн чигээрээ зугтжээ.
Иудейн зөвлөлийн өмнө
(Мт 26:57–68; Лк 22:54–55,63–71; Иох 18:13–14,19–24)
53Тэд Есүсийг тэргүүн тахилчийнд авчрав. Бүх ахлах тахилч нар, ахлагчид болон хуулийн багш нар цугласан байлаа. 54Петр тэргүүн тахилчийн хашаанд ортлоо Есүсийг алсуур дагажээ. Тэр бараа бологчдынх нь дунд сууж, галд дулаацан байв. 55Ахлах тахилч нар болон Зөвлөл даяараа Есүсийг хөнөөхийн тулд Түүний эсрэг гэрчлэл хайгаад юу ч олсонгүй. 56Учир нь олон хүн Есүсийн эсрэг хуурамч гэрчлэл өгсөн боловч гэрчлэлүүд нь таарахгүй байлаа. 57Зарим нь босоод, Есүсийн эсрэг хуурамчаар гэрчлэн
58“Гараар баригдсан энэ сүмийг Би устгаж, гурван хоногийн дотор гараар баригдаагүй өөрийг босгоно” гэж Түүний хэлэхийг сонссон гэв.#Иох 2:19 59Үүнд ч тэдний мэдүүлгэ таарахгүй байлаа. 60Тэргүүн тахилч босож, голлон зогсоод, Есүсээс
—Чамд хариулах юм алга уу? Чиний эсрэг эд нар юу гэрчилж байгаа юм бэ? гэж асуув. 61Гэвч Есүс дуугүй байж, юу ч хариулсангүй. Тэргүүн тахилч дахиж Түүнээс асуун
—Чи Магтаалт Нэгэний Хүү, Христ мөн юм уу? гэлээ. 62Есүс
—Би мөн. Та нар Хүний Хүүг Хүчит Нэгэний баруун талд заларч, тэнгэрийн үүлсээр ирэхийг харах болно гэв.#Дуу 110:1; Дан 7:13 63Тэргүүн тахилч дээлээ хүү татан
—Бидэнд өөр гэрчийн хэрэг байна уу? 64Бурханыг доромжлохыг нь та нар сонслоо. Та нар юу гэж бодож байна?#Лев 24:16 гэв. Есүс үхэх ёстой гэж бүгд яллав. 65Зарим нь өөдөөс нь нулимж, нүдийг нь боогоод нударгалан жанчиж эхлэн
—Эш үзүүлээдэх! гэж байв. Бараа бологчид нь Есүсийн нүүрийг алгадаж байлаа.
Петр Есүсийг үгүйсгэсэн нь
(Мт 26:69–75; Лк 22:56–62; Иох 18:15–18,25–27)
66Петрийг хашааны доохнуур байтал тэргүүн тахилчийн шивэгчингүүдийн нэг нь ирж, 67дулаацаж байгаа Петрийг үзээд түүнийг ширтэж
—Чи ч бас Назарын Есүстэй хамт байсан шүү дээ гэв. 68Тэр харин үүнийг үгүйсгэж,
—Юу ярьж байгааг чинь би мэдэх ч үгүй, ойлгох ч үгүй байна гэв. Петр гарч хашааны үүд уруу дөхөв. [Азарган тахиа донгодов.]#14:68 ЗБ-т хаалт дахь хэсэг байхгүй. 69Өнөөх зарц эмэгтэй түүнийг хараад, тэнд байгсдад дахин
—Энэ тэдний нэг байна гэжээ. 70Гэвч Петр үүнийг дахиад л үгүйсгэжээ. Тэгтэл удалгүй тэнд байгсад Петрт
—Чи гарцаагүй тэдний нэг мөн. Учир нь чи Галилынх юм байна гэлээ. 71Гэтэл тэр хараал тавин, тангараглаж
—Та нарын яриад байгаа энэ хүнийг би мэдэхгүй гэв. 72Тэр мөчид азарган тахиа хоёр дахь удаагаа донгодлоо. Тэгээд Петр
—Азарган тахиа хоёр удаа донгодохоос өмнө чи Намайг гурвантаа үгүйсгэнэ гэж Есүсийн өөрт нь айлдаж байсныг саналаа. Тэр асгартал#14:72 эсвэл гараа саван уйлав.

Currently Selected:

Марк 14: АБ2013

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in