Лук 6
6
Амралтын өдрийн тухай
(Мт 12:1–8; Мк 2:23–28)
1Тэр нэгэн Амралтын өдөр, тариан талбайгаар дайран өнгөрч явахад шавь нар нь тариан түрүү шувтран авч гартаа цайруулан иджээ.#Дх 23:25 2Гэтэл фарисайчуудын зарим нь
—Та нар чинь Амралтын өдөр хууль бусыг юунд үйлдэнэ вэ? гэхэд 3Есүс
—Давид болон түүнтэй хамт байгсад өлсөхдөө юу хийснийг та нар уншаагүй гэж үү?#1См 21:1–6 4Тэр Бурханы өргөөнд орж, зөвхөн тахилч нараас өөр хэн ч идэж үл болох тавиг талхнаас авч идсэн төдийгүй мөн нөхдөдөө өгсөн шүү дээ гээд,#Лев 24:9 5тэдэнд
—Хүний Хүү бол Амралтын өдрийн ч Эзэн мөн гэлээ.
Хатангир гартай хүн
(Мт 12:9–14; Мк 3:1–6)
6Өөр нэгэн Амралтын өдөр Түүнийг синагогт орж, сургаалаа зааж байхад тэнд баруун гар нь хатангиршсан хүн байжээ. 7Фарисайчууд ба хуулийн багш нар Түүнийг буруутгах шалтаг олохын тулд тэр хүнийг Есүс, Амралтын өдөр эдгээх эсэхийг нь ажиглан ширтэж байлаа. 8Харин Тэр тэдний бодлыг мэдээд, хатангир гартай хүнд
—Босоод, урагшаа гарч ир гэсэнд тэр босож урагшаа гарлаа. 9Есүс тэдэнд
—Би та нараас асууя, Амралтын өдөр сайныг эсвэл ёрын мууг үйлдэх, амь аврах эсвэл амь хөнөөхийн аль нь хуульд нийцэх вэ? гээд, 10тэднийг бүгдийг нь тойруулан харснаа түүнд
—Гараа сунга гэв.#6:10 ЗБ-т ууртай хэлэв. Тэр тэгсэнд гар нь зүгээр болсон байлаа. 11Харин тэд уур хилэнгээр дүүрч, Есүсийг хэрхэх талаар өөр хоорондоо ярилцацгаав.
Арван хоёр элчийг сонгов
(Мт 10:1–4; Мк 3:13–19)
12Тэр өдрүүдэд Есүс залбирахаар ууланд гарч, бүхэл шөнийг Бурханд залбирсаар өнгөрөөв. 13Өглөө болоход Тэр шавь нараа Өөр дээрээ дуудаад, тэднээс арван хоёрыг сонгон, элч нар гэж нэрлэв. 14Эдгээр нь Петр гэж нэрлэгдсэн Симон болон түүний дүү Андрей, Иаков, Иохан, Филип, Бартоломай, 15Матай, Томас, Алфайн хүү Иаков, Зеалот гэгдэх Симон, 16Иаковын хүү Иудас, урвагч болсон Искариотын Иудас нар болой.
Есүс сургаал зааж, эдгээж байв
(Мт 4:23–25)
17Тэгээд Тэр тэдний хамт уруудан бэлд бууж ирээд зогсов. Тэнд асар олон дагалдагч нар нь байсан бөгөөд бүх Иудей, Иерусалим, Тир болон Сидоны эрэг хавийн нутгуудаас ирсэн үй олон хүн 18Түүнийг сонсох бас өвчнөө эдгээлгэх гэж иржээ. Мөн бузар сүнсэнд тарчилсан хүмүүс ч илааршиж байлаа. 19Түүнээс хүч гарч, бүгдийг эдгээж байсан учир цугласан олон бүгд Түүнд гар хүрэхийг чармайн байв.
Ерөөлтэй ба золгүй нь
(Мт 5:1–12)
20Есүс шавь нарын зүг харцаа хандуулан
—Ядуус та нар ерөөлтэй еэ! Бурханы хаанчлал та нарынх юм. 21Эдүгээ өлсөж буй та нар ерөөлтэй еэ! Та нар цатгагдах болно. Эдүгээ гашуудан уйлж буй та нар ерөөлтэй еэ! Та нар инээх болно. 22Хүний Хүүгээс болж хүмүүс та нарыг үзэн ядаж, гадуурхан, доромжилж, нэрийг чинь ёрын муу мэтээр үзэж үл ойшоох цагт та нар ерөөлтэй еэ!#1Пт 4:14 23Тэр өдөр баярла, баясан цовхч. Юу гэвэл, харагтун, тэнгэр дэх шагнал чинь агуу билээ. Тэдний эцэг өвгөд эш үзүүлэгчдэд ч тэгж хандсан юм.#2Шс 36:16; Үйл 7:52 24Харин баячууд та нар золгүй еэ! Та нар тайвшралаа дүүрнээр хүлээн авсан. 25Эдүгээ цатгалан буй та нар золгүй еэ! Та нар өлсөх болно. Эдүгээ инээж буй та нар золгүй еэ! Та нар гашуудан уйлах болно. 26Бүгд та нарын тухай сайнаар ярих цагт та нар золгүй еэ! Тэдний эцэг өвгөд хуурамч эш үзүүлэгчдэд ч тэгж хандсан юм.
Дайснаа хайрлахуй
(Мт 5:38–48; 7:12а)
27Харин сонсогчдод Би хэлж байна. Дайснуудаа хайрла, та нарыг үзэн ядагчдад сайныг үйлд. 28Та нарыг хараагсдыг ерөө, та нарыг доромжлогсдын төлөө залбир. 29Хэрэв хэн нэг нь хацрыг чинь алгадвал нөгөө хацраа ч бас тавьж өг. Дээлийг чинь булаан авагчаас цамцаа бүү харамла. 30Гуйсан хүнд өг, юмыг чинь авсан хүнээс буцааж бүү нэх. 31Тиймээс та нар хүмүүсийг өөрсдөдөө хэрхэн хандаасай гэж хүснэ, өөрсдөө ч тэдэнд тийнхүү ханд.#Мт 7:12 32Хэрэв та нар өөрсдийг чинь хайрлагсдыг л хайрлавал ямар гавьяа та нарт байх вэ? Нүгэлтнүүд хүртэл өөрсдийг нь хайрлагсдыг хайрладаг шүү дээ. 33Та нар өөрт чинь сайныг үйлдэгсдэд л сайныг үйлдвэл та нарт ямар гавьяа байх вэ? Нүгэлтнүүд ч хүртэл ингэдэг бус уу. 34Та нар эргүүлэн авна гэж найдсан хүмүүстээ зээл өгөх аваас та нарт юун онцлол байх билээ? Нүгэлтнүүд хүртэл өгснийхөө чинээг эргүүлэн авахын тулд нүгэлтнүүддээ зээл өгдөг. 35Харин та нар дайснуудаа хайрла, сайныг үйлд, хариу харж бүү зээлдүүл. Тэгвэл шагнал чинь агуу болоод та нар Хамгийн Дээд Нэгэний хөвгүүд байх болно. Учир нь Тэр Өөрөө үл талархагсдад болон ёрын муу хүмүүст ч аятайхан ханддаг юм. 36Эцэг чинь өршөөнгүй байдаг шиг өршөөнгүй бай.
Бусдыг шүүх нь
(Мт 7:1–5)
37Бусдыг бүү шүү, тэгвэл шүүгдэхгүй. Бусдыг бүү ялла, тэгвэл яллагдахгүй. Уучлагтун, тэгвэл та нар мөн уучлагдана. 38Өгөгтүн, тэгвэл та нарт өгөгдөх болно. Тэгэхдээ шахагдсан, чигжсэн мөн бялхсан сайн хэмжээгээр өвөр дээр чинь асгарах болно. Өөрсдийнхөө хэмжсэн хэмжээсээр та нар хариуд нь хэмжигдэх болно гэлээ. 39Тэр мөн тэдэнд сургаалт зүйрлэлээр
—Сохор нь сохортоо газарчилж чадна гэж үү? Хоёулаа нүхэнд унах биш үү?#Мт 15:14 40Шавь нь багшийнхаа дээр байдаггүй. Бүрэн суралцах аваас хэн ч багш шигээ болж болно.#Мт 10:24–25; Иох 13:16, 15:20 41Өөрийн нүдэн дэх дүнзээ анзаараагүй атлаа юунд чи ах дүүгийнхээ нүдэн дэх үртсийг харна вэ? 42Нүдэндээ байх дүнзийг мэдээгүй атлаа ах дүүдээ “Ах минь, би нүдэнд чинь байгаа үртсийг аваадахъя” гэж чи яаж хэлж чадна вэ? Хоёр нүүрт чи эхлээд өөрийнхөө нүднээс дүнзээ авч хая. Тэгвэл чи ах дүүгийнхээ нүднээс үртэс авч хаяхдаа сайн харах болно.
Мод ба үр жимс
(Мт 7:16–20; 12:33–35)
43Мод сайн аваас муу жимс үл гаргана, мод муу бол сайн жимс эс гарна. 44Аливаа мод үр жимсээрээ танигдана. Сундуу бутнаас инжрийг, эгэл бутнаас усан үзэм эс түүнэ.#Мт 12:33 45Сайн хүн зүрхнийхээ сайн баялагаас сайныг гаргана. Муу хүн нь муу баялагаасаа муу муухайг гаргадаг. Учир нь зүрх юугаар бялхана, ам түүнийг нь ярьдаг.#Мт 12:34
Хоёр өөр суурь
(Мт 7:24–27)
46Та нар Намайг “Эзэн, Эзэн” гэж дууддаг хэрнээ юунд хэлснийг минь үйлддэггүй юм бэ? 47Над уруу ирж, үгийг минь сонсоод үүний дагуу үйлдэгч нь хэнтэй адил болохыг та нарт Би харуулъя. 48Тийм хүн нь барьж буй байшингийнхаа суурийг, газраа гүн ухаад хадан дээр суурилуулсан хүнтэй адил юм. Үер болж, гол халин байшинг дайрсан боловч хөдөлгөж чадсангүй. Учир нь байшин бат бөх баригдсан ажээ. 49Харин сонсоод, үүний дагуу эс үйлддэг нь газар дээр суурь тавилгүй байшин барьсан хүнтэй адил юм. Гол үерлэж байшинг дайрахад тэр дороо нурав. Тэр байшингийн сүйрэл асар их байлаа гэж сургалаа.
Currently Selected:
Лук 6: АБ2013
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.