YouVersion Logo
Search Icon

Леви 6

6
1ЭЗЭН, Мосед айлдахдаа#Тоо 5:5–8
2Хэрэв хүн ЭЗЭНий эсрэг нүгэл үйлдэн, итгэл эвдэж, өөрт нь хадгалуулсан болон гарт нь даатгасан эсвэл хулгайлсан зүйлээр хөршөө мэхлэх эсвэл хөршөөсөө луйвардан авах 3эсвэл алдагдсан зүйлийг олоод түүнийхээ тухайд худал хэлж, хуурамчаар тангараглан хүний үйлдэж болох эдгээр зүйлийн аль нэгээр нүгэл үйлдвэл, 4тэрээр нүгэл үйлдэн ялтай болсон тул хулгайлснаа эсвэл луйвардан авсан зүйлээ эсвэл өөрт нь хадгалуулсныг эсвэл өөр хүний алдсаныг олсноо 5эсвэл хуурамчаар тангарагласан аливаа зүйлээ бүрэн эргүүлж өгч, түүн дээрээ дахин тавны нэгийг нэмээд ялын тахилын өдөртөө эзэмшигчид нь өгөх ёстой. 6Тэгээд тэр ялын тахилд зориулан та нарын үнэлгээний дагуу сүргээс согоггүй нэг хуцыг ЭЗЭНд ялын тахил болгон тахилчид авчраад, 7тахилч түүний эвлэрүүллийг ЭЗЭНий өмнө хийх болно. Өөрийг нь ялтай болгосон эдгээр аль ч хэрэг уучлагдах болно гэлээ.
Тахилын талаарх заавар
8ЭЗЭН, Мосед айлдахдаа
9Ааронд болон хөвгүүдэд нь тушаан “Шатаалт тахилын хууль ийм юм. Шатаалт тахилыг бүхэл шөнөжин өглөө болтол тахилын ширээн дээрх галын хоовонд байлгах бөгөөд тахилын ширээн дээрх гал түүн дээр дүрэлзсээр байх ёстой. 10Тахилч маалинган нөмрөг өмсөх бөгөөд биедээ дотуур хувцастай байх болой. Тахилын ширээн дээр галд шатаасан шатаалт тахилын үнсийг тэр авч, тахилын ширээний хажууд тавиг. 11Тэгээд тэр хувцсаа тайлан өөр хувцас өмсөөд, үнсийг хуарангийн гадна цэвэр газарт аваачиг. 12Тахилын ширээн дээрх гал унтрахгүй, түүн дээрээ үргэлж дүрэлзсээр байна. Тахилч түүн дээр өглөө бүр мод түлээ нэмж, дээр нь шатаалт тахил өрж тавиад эвийн тахилуудын өөхийг шатааг. 13Тахилын ширээн дээрх гал байнга асаж байх ёстой. Энэ нь унтрах ёсгүй.
14Харин идээн өргөлийн хууль ийм болой. Аароны хөвгүүд үүнийг ЭЗЭНий өмнө, тахилын ширээний урд өргөх ёстой. 15Нэг нь идээн өргөлийн сайн гурилаас атгыг, түүний тос болон идээн өргөл дээрх бүх гүглийн хамт авч, ЭЗЭНд тааламжит үнэр буюу дурсгалын хувь хэмээн тахилын ширээн дээр шатааг. 16Үлдэгдлийг нь Аарон болон түүний хөвгүүд идэх бөлгөө. Үүнийг исгээгүй боов болгон ариун газарт идэх ёстой. Тэд үүнийг уулзалтын майхны хашаан дотор идэг. 17Үүнийг хөрөнгөөр исгэн жигнэх ёсгүй. Үүнийг Би галан тахилуудаасаа тэдний хувь болгон өгсөн бөгөөд нүглийн тахил, ялын тахилын адил энэ нь ариунаас ариун болой. 18Аароны хөвгүүдийн дундах эр хүйстэн бүр үүнийг идэж болно. Энэ нь ЭЗЭНий галан тахилуудаас хамаг үеийнхэнд чинь ногдох, улиран үргэлжлэх хувь юм. Тэдгээрт хүрэх хэн боловч ариусгагдана” гэж хэлэгтүн хэмээв.
19ЭЗЭН, Мосед айлдахдаа
20Тослогдсон өдрөө Аарон болон түүний хөвгүүд өргөлдөө ефагийн аравны нэг сайн гурилыг байнгын идээн өргөл болгон, хагасыг нь өглөө, хагасыг нь үдэш ЭЗЭНд өргөнө. 21Үүнийг хайруулын тавган дээр тостой хийсэн байх ёстой. Та нар үүнийг сайтар багсарч авчран идээн өргөлийг хэсэглэн ЭЗЭНд тааламжит үнэр болгон өргөгтүн. 22Түүний байранд тослогдсон, хөвгүүдийнх нь дундах тахилч түүнийг өргөх ёстой. Энэ нь ЭЗЭНий улиран үргэлжлэх хувь ногдол болой. Үүнийг ЭЗЭНд зориулан бүхэлд нь шатаах ёстой. 23Тахилчийн идээн өргөл бүр бүхэлдээ шатаг, үүнийг бүү идэг гэлээ.
24ЭЗЭН, Мосед айлдахдаа
25Ааронтай болон түүний хөвгүүдтэй ярин “Нүглийн тахилын хууль ийм юм. Шатаалт тахилыг нядалдаг газар нүглийн тахилыг ЭЗЭНий өмнө нядлах ёстой. Энэ нь ариунаас ариун ажгуу. 26Нүглийн тахилыг өргөсөн тахилч үүнийг идэх ёстой. Үүнийг ариун газарт, уулзалтын майхны хашаан дотор идэх ёстой. 27Маханд нь хүрэх хэн боловч ариусгагдана. Аливаа цус хувцсан дээр үсрэхэд, цус үсэрсэн хэсгийг та нар ариун газарт угаагтун. 28Үүнийг дотор нь хийж буцалгасан шавар савыг хагалах ёстой. Хэрэв үүнийг хүрэл саванд буцалгасан бол, савыг сайтар цэвэрлэн усаар зайлах ёстой. 29Тахилч нарын дундах эр хүйстэн бүр үүнийг идэх ёстой. Энэ нь ариунаас ариун болой. 30Гэвч ариун газарт эвлэрүүллийг хийхээр цусыг нь уулзалтын майханд аваачсан ямар ч нүглийн тахилыг идэх ёсгүй. Энэ нь галд шатаагдах ёстой” гэж хэлэгтүн хэмээв.

Currently Selected:

Леви 6: АБ2013

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in