Леви 18
18
Бэлгийн харьцааны тухай
1ЭЗЭН, Мосед айлдахдаа
— 2Израилийн хөвгүүдтэй ярин “Би та нарын Бурхан ЭЗЭН билээ. 3Та нар өөрсдийн амьдарч байсан Египет нутагт хийгддэг зүйлсийг хийж болохгүй. Мөн та нарыг Миний аваачиж буй Канаан нутагт хийгддэг зүйлсийг ч та нар хийх ёсгүй. Тэдний тогтоолуудаар та нар явах ёсгүй. 4Та нар шийдвэрүүдийг минь хэрэгжүүлэн зарлигуудыг минь сахиж, эдгээрийн дотор явагтун. Та нарын Бурхан ЭЗЭН Би билээ. 5Та нар Миний зарлиг, Миний шийдвэрүүдийг сахигтун. Эдгээрийг үйлддэг хүн эдгээрээр амьдарна. Би ЭЗЭН.#Нех 9:29; Езк 18:9, 20:11–13; Лк 10:28; Ром 10:5; Гал 3:12
6Та нарын хэн нь ч нүцгэн биеийг нь гаргах гэж цусан төрөлдөө ойртож үл болно. Би ЭЗЭН. 7Эцгийн чинь нүцгэн бие болох эхийнхээ нүцгэн биеийг чи гаргаж болохгүй. Тэр чиний эх мөн бөгөөд чи түүний нүцгэн биеийг#18:7 нүцгэн биеийг гаргах: Бэлгийн харилцаанд орохоор нүцгэлэх, нүцгэн байгааг нь харах гэсэн утгатай. гаргах ёсгүй. 8Чи эцгийнхээ эхнэрийн нүцгэн биеийг гаргаж болохгүй. Тэр нь эцгийн чинь нүцгэн бие болой.#Лев 20:11; Дх 22:30, 27:20 9Гэрт чинь ч эсвэл гадуур ч төрсөн бай, чи эцгийнхээ охин эсвэл эхийнхээ охин буюу эгч дүүгийхээ нүцгэн биеийг гаргаж болохгүй.#Лев 20:17; Дх 27:22 10Ач эсвэл зээ охиныхоо нүцгэн биеийг ч чи гаргаж болохгүй. Учир нь тэд бол өөрийн чинь нүцгэн бие юм. 11Эцэгт чинь төрсөн, эцгийн чинь эхнэрийн охин нь чиний эгч дүү болдог учир түүний нүцгэн биеийг гаргаж болохгүй. 12Чи авга эгчийнхээ нүцгэн биеийг гаргаж болохгүй. Тэрээр эцгийн чинь ойрын төрөл юм.#Лев 20:19–20 13Чи нагац эгчийнхээ нүцгэн биеийг гаргаж болохгүй. Тэрээр эхийн чинь ойрын төрөл юм. 14Чи авга ахынхаа нүцгэн биеийг гаргаж болохгүй. Мөн түүний эхнэрт ч бүү ойрт. Тэрээр чиний авга бэргэн болой. 15Чи бэрийнхээ нүцгэн биеийг гаргаж болохгүй. Тэрээр хүүгийн чинь эхнэр учир чи түүний нүцгэн биеийг бүү гарга.#Лев 20:12 16Чи бэргэнийхээ нүцгэн биеийг гаргаж болохгүй. Энэ нь ахын чинь нүцгэн бие юм.#Лев 20:21 17Чи эмэгтэйг бас охиныг нь хоёуланг авч, нүцгэн биеийг нь гаргаж болохгүй мөн түүний ач эсвэл зээ охины ч нүцгэн биеийг гаргахаар бүү ав. Тэд ойрын төрөл бөгөөд ингэх нь булай явдал юм.#Лев 20:14; Дх 27:23 18Чи эхнэрийгээ амьд байхад нь түүний эгч дүүтэй гэрлэн нүцгэн биеийг нь гаргаж, тэднийг өрсөлдөгчид бүү болго.
19Мөн сарын тэмдгийн бузартлынх нь үеэр эмэгтэйн нүцгэн биеийг гаргах гэж чи түүнд бүү ойрт.#Лев 20:18 20Чи хөршийнхөө эхнэртэй хурьцаж, түүнээс болж бүү бузарлагд.#Лев 20:10 21Мөн үр удмаа Молехт өргөхөөр өгч болохгүй. Чи Бурханыхаа нэрийг бүү гутаа. Би ЭЗЭН.#Лев 20:1–5 22Эмэгтэйтэй хавьтах адил чи эр хүйстэнтэй бүү хавьт. Энэ нь жигшүүрт зүйл юм.#Лев 20:13 23Аливаа амьтантай хавьтаж, түүгээр бүү бузарлагд. Мөн эмэгтэй хүн амьтантай хавьтахаар түүний өмнө зогсох ёсгүй. Энэ нь гаж явдал болой.#Гэт 22:19; Лев 20:15–16; Дх 27:21
24Эдгээр зүйлийн аль нэгээр өөрсдийгөө бүү бузарла. Учир нь та нарын өмнөөс Миний хөөж байгаа үндэстнүүд энэ бүх зүйлээр өөрсдийгөө бузарласан юм. 25Уг газар нутаг бузар болж, улмаар Би хилэнцийнх нь шийтгэлийг үүн дээр авчирсан бөгөөд уг нутаг оршин суугчдаа бөөлжин гаргажээ. 26Гэвч та нар Миний зарлиг, шийдвэрүүдийг сахиж, танай уугуул ч, та нарын дунд түр амьдарч буй ирмэл ч эдгээр жигшүүрт зүйлийн алийг нь ч бүү хий. 27(Учир нь та нараас урьд энэ нутагт амьдарч байсан хүмүүс энэ бүх жигшүүрт зүйлийг хийсэн бөгөөд газар нутаг нь бузар болжээ.) 28Эс тэгвээс тэр нутгийг бузарласны төлөө та нараас урьд байсан үндэстнийг бөөлжин гаргасан шигээ тэр нь та нарыг мөн бөөлжин гаргах болой. 29Учир нь эдгээр жигшүүрт зүйлийн аль нэгийг хийсэн хэн боловч, тийнхүү үйлдэгч хүмүүс ард олныхоо дундаас таслагдана. 30Иймээс та нараас өмнө хийгдэж байсан эдгээр жигшүүр бузрын аль нэгийг та нар үйлдэхгүй мөн тэдгээрээр өөрсдийгөө бузарлахгүйн тулд Миний журам зааврыг сахигтун. Би та нарын Бурхан ЭЗЭН” гэж тэдэнд хэлэгтүн гэв.
Currently Selected:
Леви 18: АБ2013
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.