Гашуудал 3
3
Бурханы хувиршгүй хайр
1Бурханы хилэнт савааг амсаж
Зовлон зүдүүр үзсэн хүн гэвэл би юм.
2Түүнд туугдаж, гэрэл ч үгүй харанхуйд би орсон
3Тэрээр мутар юугаа өдөржин бас
Миний эсрэг олонтаа эргүүлсэн.
4Арьс махыг минь хатааж,
Яснуудыг минь хэмхчив.
5Уй гашуу, хүнд бэрхшээлд унаган
Гарах газаргүй болгон хашив.
6Галавын үеийн цогцос мэт
Харанхуйд намайг суулгав.
7Гарч зугтаалгахгүйгээр
Намайг Тэр хашив.
Гав гинж нь хүртэл даах үүрэхэд хүнд
8Хашхиран, тусламж дуудсан ч
Залбирлыг минь бас хаажээ.
9Замыг минь цавчсан чулуугаар хааж,
Жимийг минь тахир болгов.
10Баавгай мэт Тэр намайг отон хэвтэв.
Арслан мэт гэтэв.
11Зам юугаас минь угзран гаргаж хэсэгчлэн тастав.
Сүйрэл болгов, намайг.
12Нум юугаа Тэрээр татжээ.
Сумных нь бай би байлаа.
13Бөөрийг минь саадагныхаа сумаар нэвт сүлбэв.
14Өөрөө би ард олны тохуурхал болжээ
Өдөр тутмынх нь элэглэл дуу мөн ажээ.
15Гашуун өвсийг хоол болгон идүүлэв.
Шарилж мэт ундааг бас Тэр уулгав.
16Хайрга зажлуулж шүд хугалав,
Хөөрхий намайг тоосонд хутгав.
17Амар амгалангаас амь минь хагацав.
Амсах жаргалыг бас мартав.
18Иймд “Хүч чадал минь ч,
ЭЗЭНээс хүлээх найдвар минь ч бас мөхөв” гэж би өчлөө.
19Зовлон зүдүүр болон тэнүүчлэлээ бодох тусам
Шарилж ба хор мэт гашуун.
20Ахуй сэтгэл минь үүнийг санах тусам
Алд биедээ агшиж гудайв.
21Гэвч оюун бодолдоо тунгаах тусам
Найдвар бас надад байна аа.
22ЭЗЭНий хайр энэрэл дуусдаггүй
Өршөөл юунд нь төгсгөл үгүй.
23Өглөө бүр энэ нь цоо шинэ.
Таны итгэлт байдал юутай аугаа вэ.
24“ЭЗЭН миний хувь” гэж
Амин сэтгэлээсээ Би өгүүлдэг
“Түүнд л хамаг найдлага минь буй”
25Хүсэн хүлээгсэд хийгээд
Өөрийг нь хайгсдад ЭЗЭН сайн.
26ЭЗЭНий авралыг тэрээр чимээгүйхэн хүлээх нь сайн.
27Залуу насандаа буулгыг үүрэх нь сайн.
28Тохогч нь Тэр тул ганцаар суун, чимээгүй бай.
29Хошуу юугаа шороонд хийг,
Үүнд найдвар байж магад.
30Хацраа бас цохигчид өг,
Зэмлэлээр тэр дүүрэг.
31Эзэн татгалзсан ч мөнхөд бус.
32Энэлэлд Тэр хүргэсэн ч
Энэрэл хайр нь аугаа тул өршөөл нь бат.
33Хэнийг ч зовоож, энэлгэхийг
үл хүсэгч нь Тэр билээ.
34Нутгаа хоригдлуудын хөлд талхлуулж,
35Хамгийн Дээд Нэгэний оршихуйн өмнө
Шударга хүн үгүйсгэгдэж,
36Хэн нэгний хэрэг явдал хэлбэрэхэд
Эзэн хардаггүй гэж үү?
37Эзэн л тушаагаагүйсэн бол
хэн хэлээд л хэрэгжүүлчихдэг билээ?
38Сайн ба сайн бус нь
Хамгийн Дээд Нэгэний амнаас л гардаг бус уу?
39Ийн атал гэм нүглийн шийтгэл буулаа гэж
Амьсгаат нэгэн нь гоморхоно гэж үү?
40Зам мөрөө нягтлаад,
ЭЗЭНий зам уруу эргэцгээе.
41Зүрхээ тэнгэр дэх Бурхандаа хандуулж
Гараа бас сунгая.
42Нүгэл үйлдэн, тэрсэлсэн
Биднийгээ Та эс уучлав.
43Хилэн тань Таныг бүрхжээ,
Бид хөөгдөн мөшгөгдөв.
Өршөөл үгүйгээр биднийг бас хядав.
44Үүл Таныг бүрхжээ,
Залбирал минь эс нэвтэрнэм.
45Биднийгээ ард түмнүүдийн дундах ялгадас хог болгов,
46Бүх дайсан маань бидний эсрэг
Ам юугаа ангайв
47Цочрол гансрал нөмрөн унал сүйрэлд оров.
48Гол мэт нулимс минь урсана,
Ард олны охин минь сүйрчээ.
49Нүдний минь нулимс тасрах ч, татрах ч үгүй агаад
50Тэнгэрээс ЭЗЭНийг доош өнгийх хүртэл
Энэ маань үргэлжилнэ.
51Хот болон охидоо хэрхсэнийг
Нүд минь үзээд, зүрх минь зүсэгдэв.
52Шалтаггүйгээр дайсандаа
шувуу мэт харвуулав.
53Чулуугаар таглуулж,
нүхэн дотор чимээгүй болов.
54Толгой дээр минь ус урсав.
“Амь таслагдав” гэж би хэлэв.
55Гүнээс нэрийг тань би дуудлаа, ЭЗЭН!
56“Сонороо бүү холдуулаач!
Гуйж байна, Тайтгарал минь” гэх дууг минь
Та сонссон.
57Дуудахад минь Та ойртон ирээд
“Бүү ай!” гэж наддаа бас айлдав.
58Ай Эзэн, сэтгэлийн минь хэрэг өмгөөлөл олж,
Амь амьдрал минь золилт хүртэв.
59Ай ЭЗЭН, дарамтыг минь харжээ.
Хэргийг минь Та шүүгээч.
60Та харсан билээ,
Өс хонзон, далд явуулга бүгдийг.
61ЭЗЭН, Та сонссон билээ,
Зэмлэл хийгээд далд явуулга бүхнийг.
62Дайрагчдын маань уруул хийгээд шивнээ нь
Өдөржин миний эсрэг байна.
63Сууж, босохыг нь алдалгүй хараач.
Тэдний шог дуу нь намайг өгүүлнэ.
64ЭЗЭН, Та хариу цохиоч,
Гарынх нь үйлсэд хариулаач.
65Хатуу зүрхээр тэдэнд хандаж,
Хараал тань тэдний дээр байг.
66Уурандаа тэднийг мөшгөөч
Устгаач тэднийг ЭЗЭНий тэнгэр дороос!
Currently Selected:
Гашуудал 3: АБ2013
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.