YouVersion Logo
Search Icon

Иохан 8

8
Завхайрч байгаад баригдсан эмэгтэй
1[Харин Есүс Чидун уул өөд явав. 2Өглөө эрт Түүнийг сүмд дахин ирэхэд хүмүүс бүгд Түүн уруу ирцгээв. Тэр суугаад, тэдэнд зааж эхлэв. 3Завхайрч байгаад баригдсан нэгэн эмэгтэйг Хуулийн багш нар ба фарисайчууд авчраад, голдоо зогсоолоо. 4Тэд Есүст
—Багш аа, энэ эмэгтэйг завхайрч байхад нь үйлдэл дээр нь барьсан юм. 5“Ийм эмэгтэйчүүд уруу чулуу шидэгтүн”#Лев 20:10; Дх 22:22–24 гэж Мосегийн хуульд тушаасан. Харин Та юу гэж хэлэх вэ? гэцгээв. 6Тэд Есүсийг буруутгах шалтаг хайхын тулд Түүнийг сорин ийнхүү асуужээ. Гэтэл Есүс бөхийж, хуруугаараа газарт бичив. 7Харин тэд зогсоо зайгүй асуусанд Есүс цэх зогсоод, тэдэнд
—Та нарын дундаас нүгэлгүй нь эхлээд энэ эмэгтэй уруу чулуу шид гээд, 8Тэр дахин бөхийж, газарт бичив. 9Үүнийг сонсоод, тэд ахмадуудаасаа эхлэн нэг нэгээрээ гарч явсаар ганц Есүс л үлджээ. Өнөөх эмэгтэй тэндээ зогссоор л байв. 10Есүс цэх зогсож, тэр эмэгтэйд
—Эмэгтэй, тэд хаана байна? Чамайг хэн ч шийтгэсэнгүй юу? гэсэнд 11тэр
—Эзэн, хэн ч шийтгэсэнгүй гэв. Есүс
—Би ч чамайг шийтгэхгүй. Яв. Үүнээс хойш дахин нүгэл бүү үйлд гэлээ.]#8:11 ЗБ ба эртний орчуулгуудад хаалт дахь хэсэг байхгүй. (8:1–11) Энэ хэсгийг заримд нь Иох 21:24-ийн ард, заримд нь Лк 21:38-ийн ард оруулсан байдаг ба нэгэн гар бичмэлд Иох 7:36-ийн ард оруулсан нь бий.
Есүс—Ертөнцийн гэрэл
12Тэгээд Есүс тэдэнд дахин
—Ертөнцийн гэрэл бол Би байгаа юм. Намайг дагадаг хүн харанхуй дотор явахгүй, харин амийн гэрэлтэй болно гэж айлдав.#Мт 5:14; Иох 9:5 13Тэгтэл фарисайчууд Түүнд
—Та Өөрийгөө гэрчилж байна. Таны гэрчлэл үнэн биш гэсэнд#Иох 5:31 14Есүс хариуд нь тэдэнд
—Хэдийгээр Би Өөрийнхөө тухай гэрчилж байгаа ч, гэрчлэл минь үнэн байна. Учир нь Би хаанаас ирснээ, хаашаа явахаа мэднэ. Харин та нар Миний хаанаас ирснийг мөн хаашаа явахыг мэдэхгүй. 15Та нар махбодын дагуу шүүдэг бол Би хэнийг ч шүүхгүй. 16Харин хэрэв Би шүүвэл шүүлт минь үнэн байна. Учир нь шүүх үед Би ганцаараа биш, харин Намайг илгээсэн Эцэг Надтай хамт байдаг. 17“Хоёр хүний гэрчлэл үнэн” гэж танай хуульд ч бичигдсэн байдаг.#Дх 19:15 18Би Өөрийнхөө тухай Гэрчлэгч бөгөөд Намайг илгээсэн Эцэг Миний тухай гэрчилдэг гэв. 19Тэгтэл тэд
—Таны Эцэг хаана байна? гэхэд Есүс
—Та нар Намайг ч, Эцэгийг минь ч танихгүй. Хэрэв та нар Намайг таньсан бол, Эцэгийг минь ч мөн таних байсан гэж хариулав. 20Есүс сүмд зааж байхдаа энэ үгсийг эрдэнэсийн сан хөмрөг дотор айлджээ. Хэн ч Түүнийг барьсангүй. Учир нь Түүний цаг хараахан болоогүй байлаа.
Үхэлээ зөгнөв
21Есүс тэдэнд дахин
—Би явна. Та нар Намайг эрсээр, нүглийнхээ дотор үхнэ. Би хаашаа явна, та нар тэнд очиж чадахгүй гэж айлдав. 22Тэгтэл иудейчүүд
—“Би хаашаа явна, та нар тэнд очиж чадахгүй” гэж хэлснээрээ Тэр Өөрийгөө егүүтгэх гээгүй байлтай? гэв. 23Есүс тэдэнд
—Та нар доороос, Би дээрээс юм. Та нар энэ ертөнцийнх, Би энэ ертөнцийнх биш. 24Тиймээс Би “Та нар нүглийнхээ дотор үхнэ” гэж та нарт хэлсэн. Хэрэв та нар Би байгаа гэдэгт итгэхгүй бол та нар нүглийнхээ дотор үхнэ гэлээ. 25Тэгээд тэд Түүнд
—Та хэн юм бэ? гэхэд нь Есүс
—Эхнээсээ та нарт өгүүлж байгаа Тэр байна.#8:25 эсвэл Би яагаад бүгдийг та нарт ярих ёстой билээ? 26Та нарын тухай ярих, шүүх зүйл Надад олон бий. Харин Намайг Илгээгч нь үнэн бөгөөд Түүнээс сонссон юмсаа Би ертөнцөд хэлдэг гэж айлдав. 27Тэр тэдэнд Эцэгийнхээ тухай хэлснийг тэд ойлгосонгүй. 28Тиймээс Есүс [тэдэнд]
—Та нар Хүний Хүүг өргөвөл, Би байгаа гэдгийг мөн Би юуг ч Өөрөөсөө хийдэггүй, харин Эцэгийн Надад зааснаар Би эдгээрийг ярьдаг гэдгийг мэдэх болно. 29Намайг Илгээгч нь Надтай байгаа. Би үргэлж Түүнд тааламжтай зүйлсийг үйлддэг учир Тэр Намайг ганцааранг минь орхисонгүй гэв. 30Ийн айлдахад нь Түүнд олноороо итгэв.
Жинхэнэ шавь нар
31Есүс Өөрт нь итгэсэн иудейчүүдэд
—Хэрэв та нар үгэн дотор минь байвал үнэхээр Миний дагалдагчид байна. 32Тэгээд та нар үнэнийг ойлгож, үнэн та нарыг чөлөөлнө гэв. 33Тэд хариуд нь Түүнд
—Бид Абрахамын удам бөгөөд хэзээ ч хэнд ч боолчлогдож байгаагүй. “Та нар эрх чөлөөтэй болно” гэж Та юунд хэлнэ вэ? гэв.#Мт 3:9; Лк 3:8 34Есүс тэдэнд
—Үнэнээр үнэнээр Би та нарт хэлье. Нүгэл үйлдэгч бүр нүглийн боол мөн. 35Боол гэрт мөнхөд байдаггүй, харин хүү л мөнхөд байдаг. 36Иймээс Хүү та нарыг чөлөөлвөл та нар үнэхээр эрх чөлөөтэй болно. 37Та нар бол Абрахамын үр удам гэдгийг Би мэднэ. Гэвч та нарын дотор Миний үг байх зайгүй учир та нар Намайг алахыг оролдож байна. 38Эцэгтэйгээ байхдаа харсан зүйлсээ Би ярьдаг. Та нар ч гэсэн эцгээсээ сонссон зүйлсээ л үйлддэг шүү дээ гэв.
Есүс ба Абрахам
39Тэд Түүнд
—Бидний эцэг бол Абрахам гэсэнд Есүс тэдэнд
—Хэрэв та нар Абрахамын хүүхдүүд байсан бол Абрахамын үйлдсэнийг үйлдэхсэн.#8:39 ЗБ-т Хэрэв та нар мөн юм бол… үйлд. 40Гэтэл Бурханаас үнэнийг сонсоод, та нарт хэлсэн Хүнийг буюу Намайг одоо та нар алахыг оролдож байна. Абрахам ийм юм хийгээгүй. 41Та нар эцгийнхээ үйлсийг л хийж байна гэж айлдсанд тэд Түүнд
—Садар самуунаас бид төрөөгүй. Бидэнд Бурхан хэмээх нэг л Эцэг байгаа гэв. 42Есүс тэдэнд
—Хэрэв Бурхан та нарын Эцэг байсан бол та нар Намайг хайрлах байсан. Би Бурханаас ирсэн билээ. Би Өөрөө ирээгүй, харин Тэр Намайг илгээсэн юм. 43Миний юу хэлж байгааг та нар яагаад ойлгохгүй байна вэ? Энэ нь та нар үгийг минь сонсож чадахгүй байгаагийн учир юм. 44Та нар эцэг диаволаасаа гаралтай тул эцгийнхээ хүслийг үйлдэхийг хүсдэг. Тэр чинь эхнээсээ алуурчин байсан бөгөөд түүнд үнэн үгүй тул үнэн дотор зогсдоггүй. Тэр худалч бөгөөд худал хуурмагийн эцэг учир худал хэлэхдээ чухам өөрөөсөө хэлдэг. 45Харин Би үнэнийг хэлдэг тул та нар Надад итгэхгүй байна. 46Намайг нүгэлтэй гэж нотлох хүн та нарын дотор байна уу? Тэгвэл Би үнэнийг хэлэхэд та нар яагаад Надад үл итгэнэ вэ? 47Бурханых нь Бурханы үгсийг сонсдог. Та нар Бурханых биш учир үүнийг сонсдоггүй гэлээ. 48Иудейчүүд Түүнд
—Та бол Самарийнх, Танд чөтгөр шүглэсэн гэж бид зөв хэлсэн бус уу? гэцгээхэд 49Есүс
—Надад чөтгөр шүглээгүй. Харин Би Эцэгээ хүндэтгэдэг, та нар Намайг хүндэтгэдэггүй. 50Гэвч Би Өөрийн алдрыг хайдаггүй. Харин хайдаг, шүүдэг Нэгэн бий. 51Үнэнээр үнэнээр Би та нарт хэлье. Үгийг минь сахидаг хүн үхлийг хэзээ ч үзэхгүй гэсэнд 52иудейчүүд Түүнд
—Чөтгөр шүглэснийг чинь одоо мэдлээ. Абрахам мөн эш үзүүлэгчид ч үхсэн. Та тэгэхэд “Хэрэв хүн үгийг минь сахивал үхлийг хэзээ ч амсахгүй” гэж хэлж байна. 53Бидний өвөг Абрахам ч үхсэн. Түүнээс ч Та агуу юм уу? Бас эш үзүүлэгчид ч үхсэн. Та Өөрийгөө хэн болгоод байна? гэв. 54Есүс
—Хэрэв Би Өөрийгөө алдаршуулбал Миний алдар юу ч биш. Харин Намайг алдаршуулдаг нь Эцэг минь бөгөөд та нар “Тэр бидний Бурхан” гэдэг шүү дээ. 55Та нар Түүнийг таньсангүй. Харин Би Түүнийг мэднэ. Хэрэв Би Түүнийг мэдэхгүй гэж хэлбэл Би та нартай адил худалч болно. Харин Би Түүнийг мэдэх бөгөөд Түүний үгийг сахидаг. 56Та нарын эцэг Абрахам Миний өдрийг харна гээд хөөрөн баясаж байсан. Үүнийг тэр хараад, баярласан гэв. 57Иудейчүүд Түүнд
—Та тавин нас ч хүрээгүй байж, Абрахамыг харсан юм уу?#8:57 ЗБ-т Абрахам чамайг харсан болж байна уу? гэхэд 58Есүс тэдэнд
—Үнэнээр үнэнээр Би та нарт хэлье. Абрахамаас өмнө ч Би байгаа гэж айлдав. 59Тэгтэл тэд Түүн уруу чулуудахаар чулуу шүүрэн авахад Есүс Өөрийгөө халхлан сүмээс гарлаа. Тэдний дундаас гарч, Өөрийнхөө замаар явж өнгөрөв.

Currently Selected:

Иохан 8: АБ2013

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy