Иохан 18
18
Урвалт ба Есүсийг баривчилсан нь
(Мт 26:47–56; Мк 14:43–50; Лк 22:47–53)
1Есүс энэ үгсийг айлдаад, шавь нарынхаа хамт Кидроны гууг гатлан гарч, тэнд байдаг цэцэрлэгт шавь нартайгаа оров. 2Есүсийг барьж өгсөн Иудас ч мөн энэ газрыг мэддэг байжээ. Учир нь Есүс тэнд шавь нартайгаа олонтаа цугладаг байв. 3Тэгтэл Иудас цэргийн баг, ахлах тахилч нар болон фарисайчуудаас харуулуудыг нь дагуулж ирэв. Тэд дэнлүү, бамбар, зэвсэг барин хүрч ирлээ. 4Өөрт нь тулгарах бүгдийг мэдэж байсан Есүс урагш гарч тэднээс
—Та нар хэнийг эрнэ вэ? гэв. 5Тэд Түүнд
—Назарын Есүсийг гэж хариулахад, Есүс
—Тэр чинь Би байгаа юм гэв. Түүнийг барьж өгсөн Иудас ч мөн тэдэнтэй хамт зогсож байлаа. 6Есүсийг тэдэнд “Тэр чинь Би байгаа юм” гэхэд тэд ухарч газар унацгаав. 7Есүс дахин
—Та нар хэнийг эрнэ вэ? гэж асуусанд тэд
—Назарын Есүсийг гэлээ. 8Есүс хариулан
—Тэр чинь Би байна гэж Би та нарт хэлсэн. Та нар Намайг эрж байгаа бол эднийг явуул гэсэн нь 9“Таны Надад өгснүүдээс нэгийг нь ч Би алдаагүй” гэж Түүний айлдсан үг биелэгдэхийн тулд юм. 10Симон Петр илдээ сугалаад, тэргүүн тахилчийн зарцын баруун чихийг тас цавчжээ. Тэр зарцын нэрийг Малх гэдэг байв. 11Тэгтэл Есүс, Петрт
—Илдээ хуйнд нь хий. Эцэгийн Надад өгсөн аяганаас Би уухгүй гэж үү? гэв.#Мт 26:39; Мк 14:36; Лк 22:42
Тэргүүн тахилчийн өмнө
12Ингээд цэргүүд, мянгатын дарга болон иудейчүүдийн харуулууд Есүсийг барьж хүлээд, 13эхлээд Түүнийг Аннас дээр авч ирэв. Учир нь Аннас тэр жилийн тэргүүн тахилч Каиафын хадам эцэг байсан юм. 14Каиаф бол ард түмний төлөө нэг хүн үхэх нь дээр гэж иудейчүүдэд зөвлөсөн тэр хүн билээ.#Иох 11:49–50
Есүсийг Петр үгүйсгэв
(Мт 26:69–70; Мк 14:66–68; Лк 22:55–57)
15Симон Петр бас өөр нэг шавь нь Есүсийг дагав. Тэр шавь тэргүүн тахилчийг таньдаг тул хашаанд нь Есүсийн хамт оров. 16Харин Петр хаалганы гадаа үлдэв. Тэгтэл тэргүүн тахилчийн танил нөгөө шавь гарч ирээд, үүдний сахиултай ярилцаж Петрийг дотогш оруулав. 17Тэрхүү үүдний сахиул шивэгчин, Петрт
—Чи энэ хүний шавь нарын нэг нь биш бил үү? гэхэд тэр
—Би биш ээ гэв. 18Хүйтэн байсан тул зарц нар, харуулууд модны нүүрс түлж дулаацан зогсож байлаа. Петр ч мөн тэдний хамт тэнд зогсоод дулаацаж байв.
Тэргүүн тахилч Есүсийг шалгаасан нь
(Мт 26:59–66; Мк 14:55–64; Лк 22:66–71)
19Тэргүүн тахилч, Есүсээс шавь нарынх нь тухай мөн сургаалынх нь тухай шалгаав. 20Есүс
—Би ертөнцөд ил ярьсан. Би үргэлж бүх иудейчүүдийн цугладаг синагогт болон сүмд сургаал зааж байсан. Би нууцаар юу ч яриагүй. 21Та яагаад Надаас асууна вэ? Миний юу ярьсныг сонссон хүмүүсээс асуу. Харагтун, тэд юу ярьсныг минь мэднэ гэв. 22Тэр ийн хэлтэл дэргэд нь зогсож байсан харуул Есүсийг алгадаж
—Чи тэргүүн тахилчид ингэж хариулдаг юм уу? гэлээ. 23Есүс түүнд
—Би буруу ярьсан бол бурууг нь гэрчил. Зөв бол чи юунд Намайг цохино вэ? гэв. 24Тэгээд Аннас Есүсийг хүлээтэйгээр нь тэргүүн тахилч Каиафт илгээв.
Есүсийг Петр дахин үгүйсгэв
(Мт 26:71–75; Мк 14:69–72; Лк 22:58–62)
25Симон Петр дулаацаад зогсож байтал тэд түүнд
—Чи чинь Түүний шавь нарын нэг нь биш бил үү? гэсэнд тэр үгүйсгэн
—Би биш гэв. 26Тэргүүн тахилчийн зарц нарын нэг, Петрт чихээ цавчуулсан хүний хамаатан
—Чамайг Түүнтэй хамт цэцэрлэгт байхыг чинь би хараагүй бил үү? гэж хэллээ. 27Петр дахин үгүйсгэсэн тэр мөчид тахиа донгодов.
Пилатын өмнө
(Мт 27:1–2,11–14; Мк 15:1–5; Лк 23:1–5)
28Тэд Есүсийг Каиафынхаас амбан захирагчийн ордонд аваачив. Тэгэхэд эрт байлаа. Тэд биеэ бузарлахгүй байж Алгасал баярын зоогийг идэхийн тулд, ордонд орсонгүй. 29Тиймээс Пилат тэдэн дээр гарч очоод
—Та нар энэ Хүнийг юу гэж буруутгаж байгаа юм бэ? гэхэд 30тэд
—Энэ Хүн ёр мууг үйлдэгч бишсэн бол бид Түүнийг танд тушаахгүй л байх байсан гэлээ. 31Тэгтэл Пилат
—Түүнийг ав. Өөрсдийнхөө хуулиар Түүнийг шүүгтүн гэхэд иудейчүүд
—Хүн цаазлахыг бидэнд зөвшөөрдөггүй шүү дээ гэцгээв. 32Ямар үхлээр үхэхээ илэрхийлэн хэлж байсан Есүсийн үг биелэгдэхийн тулд тийн хэлжээ.#Иох 3:14, 12:32 33Пилат дахин ордондоо орж, Есүсийг дуудаад
—Та иудейчүүдийн Хаан мөн үү? гэхэд 34Есүс
—Та үүнийг өөрөөсөө ярьж байна уу? Эсвэл өөр хүмүүс Миний тухай танд хэлэв үү? гэжээ. 35Пилат
—Би иудей хүн биш биз дээ? Танай үндэстэн болон ахлах тахилч нар л Таныг надад тушаасан юм. Та юу хийчихсэн юм бэ? гэж асуув. 36Есүс
—Миний хаанчлал бол энэ ертөнцийнх биш ээ. Хаанчлал минь энэ ертөнцийнх байсан бол Намайг иудейчүүдийн гарт өгөхгүйн тулд зарц нар минь тэмцэх байсан. Харин одоо Миний хаанчлал эндхийнх биш гэлээ. 37Пилат Түүнд
—Тэгэхлээр Та Хаан байх нь ээ? гэхэд Есүс хариуд нь
—Намайг Хаан гэж та хэлж байна. Би үнэнийг гэрчлэхээр төрсөн бөгөөд үүний төлөө ертөнцөд ирсэн. Үнэний хүн бүр Миний дууг сонсоно гэж айлдлаа. 38Пилат Түүнээс
—Үнэн гэж юу вэ? гэв.
Есүст үхэх ял оноосон нь
(Мт 27:15–31; Мк 15:6–20; Лк 23:13–25)
Үүнийг хэлээд Тэр иудейчүүд уруу дахин очиж
—Би Түүнээс ямар ч гэм бурууг олсонгүй. 39Алгасал баяраар та нарын төлөө, нэг хүнийг суллах ёстой гэсэн заншил та нарт бий. Тиймээс иудейчүүдийн Хааныг та нарт суллаж өгөхийг надаас хүсэж байна уу? гэхэд 40тэд дахин
—Энэ хүнийг биш харин Барабыг гэж хашхиралдлаа. Бараб бол дээрэмчин ажээ.
Currently Selected:
Иохан 18: АБ2013
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.