YouVersion Logo
Search Icon

Иеремиа 46

46
Египетийн амсах шүүлт
1Эш үзүүлэгч Иеремиад үндэстнүүдийн талаар ЭЗЭНээс ирсэн үг. 2Кархемишт Евфрат мөрний дэргэд байсан бөгөөд Иудагийн хаан, Иосиагийн хүү Иехоиакимын дөрөвдүгээр онд Вавилоны хаан Небухаднезарт дийлэгдсэн Египетийн хаан Фараон Некогийн цэргийн талаар, Египетэд хандаж#Иса 19:1–25; Езк 29:1—32:32
3“Бамбай болон толь бамбайг бэлтгэж,
Тулалдаанд орохоор ойртогтун!
4Морьдоо тэргэнд хөллөн,
Мориндоо мордож,
Дуулгаа өмсөөд зогс!
Жаднуудаа өнгөлөн, хөө хуягаа өмсөгтүн!
5Би яагаад харав?
Тэд айж, ухран тэдний хүчит эрс ялагдаж,
Арагшаа харалгүйгээр зугтан хоргодож байна.
Тал бүрд түгшүүр байна!” гэж
ЭЗЭН тунхаглаж байна.
6Хурдан хүн бүү оргог, хүчит хүн ч бүү зугтаг.
Хойд зүгт, Евфрат мөрний дэргэд
Тэд бүдэрч, унасан.
7Ус нь оволзон давалгаалж буй голууд мэт,
Нил мэт босож буй энэ нь хэн бэ?
8Египет нь Нил мэт,
Ус нь оволзон давалгаалж буй гол мэт босох юм.
Тэрээр
“Би босож, нутгийг бүрхэнэ.
Би хот болон оршин суугчдыг нь заавал устгана” гэх юм.
9Хүчит эрс урагш жагсан алхахын тулд,
Морьд оо, өгсөгтүн,
Тэрэгнүүд ээ, та нар галзуу мэт уулгал.
Тэд бамбайнууд авч явдаг Етиоп ба Пут мөн
Нум татдаг, авч явдаг лидичүүд юм.
10Учир нь дайснуудаасаа өшөөгөө авах
Өшөө авалтын тэр өдөр
Түг түмдийн БУРХАН Эзэнийх билээ.
Илд залгиж, цадаж,
Тэдний цусыг дүүртлээ ууна.
Учир нь Евфрат мөрний дэргэдэх хойд зүгийн нутагт
Түг түмдийн БУРХАН Эзэний төлөө нядалгаа явагдана.
11Онгон охин Египет ээ,
Гилеад уруу явж, гавар олж ав.
Чи эмчилгээнүүдээ дэмий л олшруулав.
Чамд ямар ч эдгэрэл байхгүй.
12Үндэстнүүд ичгүүрийн чинь талаар сонссон,
Дэлхий орилооноор чинь дүүрэн байна.
Учир нь нэг дайчин нөгөөгийнхөө дээгүүр бүдэрч,
Тэд хоёул хамтдаа доош унав.
Египетийг Вавилон цохино
13Египет нутгийг цохихоор Вавилоны хаан Небухаднезарын ирэх тухай эш үзүүлэгч Иеремиад ЭЗЭНээс айлдсан үг.#Иер 43:10–13
14Египетэд тунхаглаж, Мигдолд зарлаж,
Мемфис болон Тахпанхест тунхагла.
«Зогсож, өөрийгөө бэлэн байлга.
Учир нь илд чиний эргэн тойрныг залгив» гээрэй.
15Хүчит эрчүүд чинь яагаад түрүүлгээ харав?
ЭЗЭН тэднийг доош дардаг тул тэд зогсдоггүй.
16Тэд дахин дахин бүдэрсэн.
Үнэхээр тэд бие биенийхээ харалдаа унасан.
Тэгээд тэд
«Бос! Дарлагчийн илднээс зайлж,
Хүмүүстээ, төрөлх нутагтаа очицгооё» гэжээ.
17Тэд тэнд
«Египетийн хаан Фараон чанга шуугиан юм.
Тэрээр товлогдсон цагийг өнгөрүүлсэн!» гэж хашхирчээ.
18Түг түмдийн ЭЗЭН гэдэг нэртэй
Хаан тунхаглаж байна.
«Би амьд!
Уулсын дундах Табортай адил эсвэл
Тэнгисийн дэргэдэх Кармелтай адил нэгэн заавал ирэг.
19Тараагдсан Египет охин оо,
Ачаа тээшээ цөллөгт бэлд.
Учир нь Мемфис зэлүүд газар болно.
Тэр нь шатаж, оршин суугчидгүй болно.
20Египет бол сайхан охин бяруу,
Харин хойд зүгээс шумуул ирж байна,
Энэ нь ирж байна!
21Бас түүний дунд буй хөлсний цэргүүд нь
бордсон тугалууд мэт.
Учир нь тэд ч хүртэл эргэж,
хамтдаа зугтаасан.
Гамшгийнх нь өдөр буюу шийтгэлийнх нь цаг
Тэдний дээр ирсэн тул тэд зогсоогүй.
22Дуу чимээ нь могой адил хөдөлж байна.
Учир нь тэд олон цэрэг мэт хөдөлдөг бөгөөд
Түүн дээр сүхтэй мод цавчигчид мэт ирдэг.
23Тэд ой модыг нь цавчив» гэж
ЭЗЭН тунхаглаж байна.
“Тэд царцаанаас ч илүү олон болоод
Тоолшгүй олон боловч
Лавтайяа олдохгүй болно.
24Хойд зүгийн хүмүүсийн хүчинд тушаагдаж
Египет охин ичгүүрт оржээ” хэмээв.
25Түг түмдийн ЭЗЭН, Израилийн Бурхан “Үзэгтүн, Би Тебесийн Амон, Фараон, Египетийг бурхад болон хаадтай нь хамт, Фараоныг болон түүнд найддаг хүмүүсийг ч хүртэл шийтгэх гэж байна. 26Би тэднийг амийг нь эрэгч хүмүүсийн хүчинд буюу Вавилоны хаан Небухаднезар болон түшмэдийнх нь гарт тушаана. Харин, үүний дараа тэр нь хуучин цаг үеийнх шиг оршин суугчидтай болно” гэж ЭЗЭН тунхаглаж байна.
Израилийг Бурхан хамгаална
27“Харин, зарц Иаков минь чиний тухайд,
Бүү ай! Бүү зүрх алд, Израиль аа!
Учир нь, хараач, Би чамайг холоос,
Үр удмыг чинь тэдний олзлолын нутгаас аврах гэж байна.
Иаков буцан ирж,
Айн цочилгүйгээр амар амгалан,
Аюулгүй байх болно.#Иер 30:10–11
28Зарц Иаков минь ээ, бүү ай” гэж
ЭЗЭН тунхаглаж байна.
“Учир нь Би чамтай хамт.
Учир нь Миний чамайг зайлуулсан бүх үндэстнийг
Би бүрэн устгана,
Чамайг харин Би бүрэн устгахгүй.
Гэвч Би чамайг зохистойгоор засах бөгөөд
Чамайг шийтгэлгүй яасан ч орхихгүй” гэж айлдаж байна.

Currently Selected:

Иеремиа 46: АБ2013

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in