YouVersion Logo
Search Icon

Иеремиа 32

32
Бүслэлтийн үеэр Иеремиа талбай худалдаж авав
1Иудагийн хаан Зедекиагийн аравдугаар онд буюу Небухаднезарын наймдугаар онд ЭЗЭНээс Иеремиад үг ирэв.#2Ха 25:1–7 2Тэр үед Вавилоны хааны их цэрэг Иерусалимыг бүсэлж байсан бөгөөд эш үзүүлэгч Иеремиа, Иудагийн хааны гэр, харуулын хашаанд түгжигдсэн байв. 3Учир нь Иудагийн хаан Зедекиа түүнийг түгжээд
—Чи яагаад эш үзүүлэн “ЭЗЭН айлдаж байна. «Үзэгтүн, Би энэ хотыг Вавилоны хааны гарт өгөх гэж байгаа бөгөөд тэр түүнийг авна. 4Иудагийн хаан Зедекиа халдеичуудын гараас зугтаахгүй, харин тэрээр заавал Вавилоны хааны гарт тушаагдаж, түүнтэй нүүр нүүрээрээ, нүд нүдээ харж ярилцана. 5Тэрээр Зедекиаг Вавилон уруу аваачих бөгөөд Намайг түүн дээр иртэл Зедекиа тэнд байна. Харин чи халдеичуудын эсрэг тулалдвал, амжилт олохгүй» хэмээн ЭЗЭН тунхаглаж байна гэж хэлнэ вэ?” гэжээ. 6Иеремиа
—ЭЗЭНий үг надад ирж, 7“Үзэгтүн, чиний авга ах Шаллумын хүү Ханамел чам уруу ирж байгаа бөгөөд «Анатот дахь миний талбайг өөртөө худалдан авагтун. Учир нь худалдан авах золилтын эрх нь чамд бий» гэж хэлнэ” гэсэн. 8Тэгтэл ЭЗЭНий үгийн ёсоор авга ахын минь хүү Ханамел, харуулын хашаанд над дээр ирээд надад “Бениамины нутагт орших Анатот дахь миний талбайг худалдан аваач. Учир нь эзэмших эрх чамд байгаа ба золилт нь чинийх билээ. Өөртөө худалдан аваач” гэж хэлэв. Тэгэхэд үүнийг ЭЗЭНий үг байна гэдгийг би мэдэв. 9Би Анатот дахь талбайг авга ахынхаа хүү Ханамелаас худалдан авч, түүнд арван долоон шекел мөнгө хэмжиж өгөв. 10Би гарын үсгээ зурж, баримт бичгийг битүүмжлэн гэрчүүдийг дуудаж, мөнгийг жин дээр хэмжиж өгөв. 11Тэгээд худалдан авсан юмны баримтыг, нөхцөл болзолтой битүүмжлэгдсэн хувь мөн битүүмжлэгдээгүй хувийг хоёуланг нь би авав. 12Авга ахын минь хүү Ханамел болон худалдан авсан юмны баримтад гарын үсгээ зурсан гэрчүүдийн нүдэн дээр мөн харуулын хашаанд сууж байсан бүх иудейчүүдийн өмнө би худалдан авсан юмны баримтыг Махсеиагийн ач, Нериагийн хүү Барухад өгөв. 13Тэдний өмнө би Барухад тушаан 14“Израилийн Бурхан, түг түмдийн ЭЗЭН ингэж айлдаж байна. «Эдгээр баримтуудыг буюу худалдан авсан юмны битүүмжлэгдсэн баримт болон нээлттэй баримтыг аваад, тэд урт удаан хугацааны турш хадгалагдахын тулд тэднийг шавар ваарт хий» хэмээв. 15Учир нь Израилийн Бурхан, түг түмдийн ЭЗЭН ингэж айлдаж байна. «Энэ нутагт гэрүүд, талбайнууд болон усан үзмийн талбайнууд дахин худалдагдан авагдах болно» хэмээв” гэж хэлсэн.
Иеремиагийн залбирал
16Худалдан авсан юмны баримтыг Нериагийн хүү Барухад өгсний дараа би ЭЗЭНд залбирсан. 17“Аяа, Эзэн БУРХАН! Үзэгтүн, Та аугаа хүч чадлаараа болон сунгасан мутраараа тэнгэрс ба газрыг бүтээсэн билээ. Танд юу ч дэндүү хэцүү биш. 18Та мянга мянган хүнд хайр энэрэл харуулдаг боловч эцэг өвгөдийн хилэнцийг үр хүүхдийнх нь өвөрт буулгадаг аугаа хүчит Бурхан билээ. Нэр нь түг түмдийн ЭЗЭН. 19Хүн бүрд замынх нь болон үйлсийнх нь үр жимсийн дагуу өгдөг бөгөөд мэлмий нь хүний хөвгүүдийн бүх замналыг харахаар нээлттэй байдаг, зөвлөгөөгөөрөө агуу, үйлдлээрээ хүчирхэг нь Та билээ. 20Та энэ өдрийг хүртэл Израильд ч, хүн төрөлхтний дунд ч Египетийн нутаг дахь тэмдгүүд болон гайхамшгуудыг тогтоожээ. Энэ өдөр байгаатай адил Та Өөртөө алдар нэрийг бүтээжээ. 21Та Өөрийн ард түмэн Израилийг тэмдгүүд, гайхамшгууд, хүчит гар, сунгасан мутраар болон агуу аймшгаар Египет нутгаас гарган авчирч, 22Эцэг өвгөдөд нь өгөхөөр Өөрийн амласан нутаг болох сүү, зөгийн балаар бялхсан нутгийг тэдэнд өгсөн билээ. 23Тэд орж ирээд, түүнийг эзэмшсэн боловч тэд Таны дуу хоолойг дагаагүй, Таны хуулиар алхаагүй. Таны тэдэнд үйлд гэж тушаасан бүхнээс юуг ч тэд үйлдээгүй. Тиймээс Та энэ бүх гай гамшгийг тэдэн дээр авчирсан билээ. 24Үзэгтүн, бүслэлтийн далангууд хотыг авахаар түүнд хүрчээ. Илд, өлсгөлөн болон тахлын улмаас хот өөрийнх нь эсрэг тулалддаг халдеичуудын гарт оров. Таны айлдсан зүйл биелжээ. Үзэгтүн, Та хардаг билээ. 25Аяа Эзэн БУРХАН, хэдийгээр хот халдеичуудын гарт өгөгдсөн ч гэсэн Та надад «Өөртөө мөнгөөр талбай худалдан авч, гэрчүүдийг дууд» гэсэн билээ” гэжээ.
Ард түмэн эргэж ирэх тухай
26Тэгтэл ЭЗЭНий үг Иеремиад ирж, айлдахдаа 27“Үзэгтүн, Би ЭЗЭН, бүх махбодын Бурхан. Надад ямар нэгэн дэндүү хэцүү зүйл гэж байх уу?” 28Тиймээс ЭЗЭН ингэж айлдаж байна. “Үзэгтүн, Би энэ хотыг халдеичуудын гарт болон Вавилоны хаан Небухаднезарын гарт өгөх гэж байгаа бөгөөд тэрээр хотыг авах болно.#2Ха 25:1–11; 2Шс 36:17–21 29Энэ хотын эсрэг тулалдаж буй халдеичууд орж ирж, энэ хотод гал тавин дээвэр дээр нь Баалд утлага өргөн, Намайг уурлуулахын тулд өөр бурхдад ундаан өргөлийг асгасан гэрүүдтэй хамт түүнийг шатаах болно. 30Үнэндээ Израилийн хөвгүүд болон Иудагийн хөвгүүд залуу үеэсээ мэлмийд минь зөвхөн муу муухайг үйлдэж байсан билээ. Учир нь Израилийн хөвгүүд гарынхаа бүтээлээр Намайг зөвхөн уурлуулж байв” гэж ЭЗЭН тунхаглаж байна. 31Энэ хот баригдсан өдрөөсөө энэ өдрийг хүртэл уур хилэнг минь хөдөлгөсөн тул Би үүнийг хараанаасаа зайлуулна. 32Учир нь Израилийн хөвгүүдийн болон Иудагийн хүмүүсийн бүх нүглээс энэ нь болсон бөгөөд Намайг уурлуулахаар тэд, тэдний хаад, удирдагчид, тахилч нар, эш үзүүлэгчид, Иудагийн эрчүүд болон Иерусалимын оршин суугчид үүнийг үйлдсэн юм. 33Тэд нүүрээ бус, нуруугаа Надад харуулав. Хэдийгээр тэдэнд дахин дахин заан сургасан боловч, тэд үл сонсож, зааврыг хүлээн авахгүй байв. 34Харин тэд нэрээр минь дуудагдсан өргөөг бузарлахын тулд түүн дотор жигшүүрт зүйлсээ тавьдаг.#2Ха 23:10; Иер 7:30–31, 19:1–6 35Тэд хөвгүүд охидоо Молехт өргөхөөр Бен-хинномын хөндийд Баалын мөргөлийн өндөрлөгүүдийг барьж, Иудаг нүгэлд хүргэжээ. Гэвч Би тэдэнд тушаагаа ч үгүй, бас ийм жигшүүрт зүйлсийг тэд хийнэ гэж Миний оюун бодолд ч ороогүй. #Лев 18:21; 2Ха 23:10; Иер 7:31 36Тиймээс одоо Израилийн Бурхан ЭЗЭН «Илд, өлсгөлөн ба тахлаар Вавилоны хааны гарт тушаагдсан» гэж чиний хэлж буй энэ хотын талаар ингэж айлдаж байна. 37Үзэгтүн, уур, хилэн хийгээд их зэвүүцлээрээ Би тэднийг зайлуулсан бүх нутгаас цуглуулна. Би тэднийг энэ газарт буцаан авчирч, тэднийг аюулгүй амьдруулна. 38Тэд Миний ард түмэн, Би тэдний Бурхан болно. 39Тэд сайныхаа төлөө болон өөрсдийн дараах үр хүүхдүүдийнхээ төлөө Надаас үргэлж эмээхийн тулд Би тэдэнд нэг зүрх, нэг замыг өгнө. 40Тэдэнд сайныг үйлдэн тэднээс эргэхгүй гэж Би тэдэнтэй үүрдийн гэрээ байгуулна. Тэд Надаас эргэхгүйн тулд Би тэдний зүрхэнд Надаас эмээхүйг хийнэ. 41Би тэдэнд сайныг үйлдэхээр тэдэнд баярлан баясаж, бүх зүрх болон бүх сэтгэлээрээ тэднийг энэ нутагт итгэлтэйгээр тарьж суулгана. 42Учир нь ЭЗЭН ингэж айлдаж байна. «Би энэ ард түмэн дээр эдгээр бүх үлэмж гамшгийг авчирсантай адил түүнчлэн Би тэдэнд амлаж байгаа бүх сайныгаа бас Би тэдэн дээр авчрах гэж байна. 43“Энэ нь хүн амьтангүй зэлүүд газар. Энэ нь халдеичуудын гарт тушаагджээ” гэж чиний хэлж байгаа энэ нутагт талбайнууд худалдан авагдах болно. 44Хүмүүс мөнгөөр талбайнуудыг худалдан авч, гарын үсгээ зурж, баримтуудаа битүүмжилж, Бениамины нутагт, Иерусалимын орчимд, Иудагийн хотуудад, уулархаг нутгийн хотуудад, нам дор газрын хотуудад болон Негевийн хотуудад гэрчүүдийг дуудна. Учир нь Би тэдний сайн сайхныг сэргээнэ» гэж ЭЗЭН тунхаглаж байна гэв.

Currently Selected:

Иеремиа 32: АБ2013

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

Video for Иеремиа 32