YouVersion Logo
Search Icon

Иеремиа 11

11
Гэрээ зөрчигдсөн нь
1ЭЗЭНээс Иеремиад ирсэн үг. 2“Энэ гэрээний үгийг сонсож, Иудагийн хүмүүст болон Иерусалимын оршин суугчдад хэл. 3Тэдэнд «Израилийн Бурхан, ЭЗЭН ингэж айлдаж байна. “Энэ гэрээний үгийг үл дагагч хүн хараагдах болтугай. 4Үүнийг Би та нарын эцэг өвгөдөд, тэднийг Египет нутгаас, төмөр хайлуулагч зуухнаас гарган авчирсан тэр өдөр «Дуу хоолойг минь сонсож, Миний та нарт тушаах бүгдийн дагуу үйлд. Ингээд та нар ард түмэн минь болж, Би та нарын Бурхан чинь болно» гэж тушаасан нь 5өнөөдрийнх шиг эцэг өвгөдөд чинь сүү, зөгийн балаар бялхсан газар нутгийг өгнө гэж тангарагласан тангаргаа батлахын тулд юм” хэмээв» гэж хэл” гэжээ. Тэгэхэд би “Амен, ЭЗЭН” гэв. 6ЭЗЭН надад
— Эдгээр бүх үгийг Иудагийн хотууд болон Иерусалимын гудамжнуудад тунхаглан «Энэ гэрээний үгсийг сонсож, тэднийг үйлд. 7Учир нь Би та нарын эцэг өвгөдийг Египет нутгаас гарган авчирсан тэр үеэс өнөөг хүртэл «Дуу хоолойг минь сонс» гэж цөхрөлтгүй анхааруулсаар, хатуу сануулсан билээ. 8Гэтэл тэд дагаагүй агаад чих тавьж сонсоогүй, харин хүн нэгбүр цөвт муу зүрхнийхээ гөжүүд зангаар явсан. Тиймээс хий гэж Миний тушаасан энэ гэрээний бүх үгийг Би тэдэнд авчирсан хэдий ч тэд үйлдсэнгүй гэж хэл» хэмээн айлдав. 9Тэгээд ЭЗЭН надад “Иудагийн хүмүүс болон Иерусалимын оршин суугчдын дунд хуйвалдаан илэрлээ. 10Үгсийг минь сонсохоос татгалзан эцэг өвгөдийнхөө хилэнц уруу тэд буцан эргэж, өөр бурхдад үйлчлэхээр араас нь явав. Тэдний эцэг өвгөдтэй Миний байгуулсан Миний гэрээг Израилийн болон Иудагийн гэр зөрчжээ” гэж айлдав. 11Тиймээс ЭЗЭН ингэж айлдаж байна.
— Үзэгтүн, тэдний зугтаж чадахааргүй гамшгийг Би тэдэн дээр авчирч байна. Тэднийг Над уруу хашхирсан ч, Би тэднийг сонсохгүй. 12Тэгэхэд Иудагийн хотууд болон Иерусалимын оршин суугчид явж, утлага уугиулдаг бурхад уруугаа хашхирах боловч тэд гай гамшгийнх нь үед тэднийг үнэхээр аврахгүй. 13Учир нь, Өө Иуда, бурхад чинь чиний хотууд шиг олон биш үү. Та нарын ичгүүрт зүйлд босгосон тахилын ширээнүүд буюу Баалд утлага уугиулахаар босгосон тахилын ширээнүүд Иерусалимын гудамжнууд шиг олон ажээ. 14Тиймээс энэ хүмүүсийн төлөө бүү залбир, тэдний төлөө хашхирах гуйлт эсвэл залбирлыг ч бүү өргө. Тэд Намайг дуудахад гамшгаас нь болж Би тэднийг сонсохгүй.
15Хайрт минь олон башир үйл хийчихээд
Миний гэрт ямар эрхтэй билээ?
Өргөлийн мах та нарыг
Гамшгаас чинь ангижруулж чадах уу?
Ингэснээр та нар баярлах уу?
16ЭЗЭН нэрийг чинь
“Үзэсгэлэнт хэлбэртэй, жимстэй, ногоон чидун мод” гэж дуудсан.
Нүргэлсэн их дуу чимээгээр
Тэрээр түүн дээр гал ноцоов.
Тэгээд мөчрүүд нь хэрэггүй болжээ.
17Баалд тахил өргөснөөр Намайг уурлуулсан Израиль болон Иудагийн гэрүүдийн хийсэн бузар муугаас болж, чамайг суулган тарьсан, түг түмдийн ЭЗЭН чиний эсрэг мууг тунхаглажээ.
Иеремиа заналхийлэл дор
18Мөн надад үүнийг ЭЗЭН мэдүүлж, би мэдсэн юм.
Тэдний үйлсийг надад харуулсан билээ.
19Харин би нядлуулахаар хөтлөгдөн явж буй номхон хурга мэт байв.
“Нэрийг нь дахин дурсуулахгүйн тулд
Модыг үр жимстэй нь хамт устгаж,
Амьдын газраас тасалъя” гэж тэд
Миний эсрэг хуйвалдаан зохиосныг
Би мэдээгүй байлаа.
20Гэвч, түг түмдийн ЭЗЭН минь ээ,
Шударгаар шүүгч Та,
Зүрх сэтгэл, цээж дотрыг сорьдог билээ.
Тэднээс өшөөгөө авахыг надад харуулаач.
Хэрэг юугаа Тандаа би даатгасан билээ.
21Тэгтэл “Бидний гарт үхэхгүйн тулд ЭЗЭНий нэрээр бүү эш үзүүл” гэж хэлэн амийг минь эрж буй Анатотын хүмүүсийн талаар ЭЗЭН ингэж айлдав. 22Түг түмдийн ЭЗЭН мөн ийн айлдав. “Үзэгтүн, Би тэднийг шийтгэх гэж байна! Залуучууд илдэн доор үхэж, хөвгүүд, охид нь өлсгөлөнгөөр үхэх болно. 23Тэдэнд амьд үлдэгсэд үлдэхгүй. Учир нь Би Анатотын хүмүүс дээр гамшгийг буюу тэдний шийтгэлийн жилийг авчирна.”

Currently Selected:

Иеремиа 11: АБ2013

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in