YouVersion Logo
Search Icon

Шүүгчид 3

3
Израилийн нутагт үлдсэн үндэстнүүд
1Канаанд болсон дайн тулаан бүхнийг мэдэхгүй Израильд байгаа тэд бүгдийг шалган сорих гэж ЭЗЭНий үлдээсэн үндэстнүүд энэ билээ. 2(Энэ нь тэднийг огт мэдэхгүй Израилийн хөвгүүдийн тэр үеийнхэнд тулалдахыг зааж мэдүүлэхийн тулд билээ.) 3Эдгээр нь Филистийн таван ноён, бүх канаанчууд, сидончууд, Баал-хермоны уулаас Лебо-хамат хүртэлх Ливаны ууланд нутаглаж байсан хивичүүд юм. 4Эцэг өвгөдөд нь Мосегоор дамжуулан тушаасан ЭЗЭНий тушаалуудыг израильчууд сонсон дагах эсэхийг мэдэхийн тулд тэр хүмүүсээр Израилийг шалган сорьсон юм. 5Израилийн хөвгүүд канаанчууд, хитчүүд, аморичууд, перизчүүд, хивичүүд, иебусчуудын дунд амьдран сууж, 6тэдний охидыг өөрсдөдөө эхнэр болгон авч, өөрсдийн охидыг тэдний хөвгүүдэд өгч, тэдний бурхдад үйлчлэв.
Отниел
7Израилийн хөвгүүд ЭЗЭНий мэлмийн өмнө ёрын мууг үйлдэж, өөрсдийн Бурхан ЭЗЭНийг умартан, Баал ба Ашеротод үйлчлэв. 8Тиймээс ЭЗЭНий уур хилэн Израилийн эсрэг шатаж, Тэр тэднийг Месопотамийн хаан Кушан-ришатаимын гарт тушаав. Израилийн хөвгүүд найман жил Кушан-ришатаимд зарцлагджээ. 9Израилийн хөвгүүд ЭЗЭНд тусламж гуйн хашхирсанд ЭЗЭН Израилийн хөвгүүдэд тэднийг аврах нэгэн чөлөөлөгчийг босгон гаргасан нь Калебын дүү Кеназын хөвгүүн Отниел байлаа. 10ЭЗЭНий Сүнс түүн дээр ирж, тэрээр Израилийг шүүв. Түүнийг дайнд мордоход Арамын хаан Кушан-ришатаимыг ЭЗЭН түүний гарт өглөө. Отниелийн гар хүчирхэгжин Кушан-ришатаимын дээр буув. 11Ийнхүү энэ газар нутаг дөчин жил амар жимэр байв. Тэгээд Кеназын хөвгүүн Отниел өөд болов.
Ехүд
12Израилийн хөвгүүд дахин ЭЗЭНий мэлмийд ёрын мууг үйлдсээр л байсан тул ЭЗЭН Израилийн эсрэг Моабын хаан Еглоныг хүчирхэг болгов. Учир нь израильчууд ЭЗЭНий мэлмийд ёрын мууг үйлджээ. 13Тэрээр Аммон болон Амалекийн хөвгүүдийг өөртөө нэгтгэн цуглуулж Израилийг довтлон цохиод Далдуу модны хотыг эзэмшилдээ авав. 14Ингээд Израилийн хөвгүүд Моабын хаан Еглонд арван найман жилийн турш зарцлагджээ. 15Харин Израилийн хөвгүүд ЭЗЭНд хашхиран гуйсанд ЭЗЭН тэднийг аврах нэгэн чөлөөлөгчийг босгосон нь бениамин хүн, Герагийн хөвгүүн болох солгой гарт Ехүд байв. Израилийн хөвгүүд Моабын хаан Еглонд барих алба гувчуураа түүний гараар дамжуулан илгээв. 16Ехүд өөртөө нэг тохой урт, хоёр талдаа иртэй илд хийж баруун ташаандаа бэхлэн хувцсаараа халхлав. 17Тэгээд тэр Моабын хаан Еглонд алба гувчуураа гардуулав. Еглон маш тарган хүн байлаа. 18Тэр алба гувчуураа гардуулсны дараа алба гувчуурыг зөөж авчирсан хүмүүсийг явуулав. 19Ийнхүү тэрээр Гилгалд байсан шүтээний газраас буцаж эргээд
—Хаантан, танд дуулгах нууц үг надад байна гэсэнд хаан
—Чимээгүй гэв. Хааны дэргэд зогсож байсан бүгд түүнийг орхин гарлаа. 20Ингээд сэрүүн дээд лавриндаа ганцаар сууж байхад нь Ехүд дэргэд нь ирэв. Ехүд
—Танд дуулгах Бурханы үг надад байна гэв. Хааныг суудлаасаа өндиймөгц 21Ехүд зүүн гараа сунгаж, баруун ташаанаасаа сэлмээ сугалан хааны хэвлийд дүрэхэд 22бариул нь ч хүртэл иртэйгээ хамт оржээ. Тэрээр сэлмээ хэвлийгээс нь сугалж аваагүй тул харвин нь сэлмийг хучаад#3:22 магадлалт хувилбар: сэлэм нуруугаар нь гарчээ. Еврейд нь энэ тодорхой бус. бохир нь гарч иржээ. 23Тэгээд Ехүд уудам хонгил уруу гарч, хааны байгаа дээд лаврингийн хаалгыг хааж түгжив. 24Ехүдийг гарсны дараа хааны зарц нар ирэв. Харагтун, дээд лаврингийн хаалга түгжээтэйг үзээд тэд
—Хаантан лав сэрүүн лавриндаа шилбээ далдалж суугаа#3:24 шилбэ далдалж суух: бие засах гэсэн утгатай. байх гэцгээв. 25Зарц нар нь аягүйцтэлээ хүлээгээд, хаан лаврингийнхаа хаалгыг онгойлголгүй удсан учраас тэд түлхүүр авч нээв. Хараач, тэдний эзэн үхчихсэн, шалан дээр хэвтэж байв. 26Зарц нарыг тээнэгэлзэн байх зуур Ехүд зугтан, шүтээний газрыг өнгөрөн, Сеира уруу зугтаж амжсан байлаа. 27Ехүд тэнд хүрээд, Ефраимын ууланд бүрээ үлээв. Израилийн хөвгүүд түүнтэй хамт уулаас бууж ирэхэд тэрбээр тэднийг тэргүүлэв. 28Тэр тэдэнд
—Өстөн дайсан моабчуудыг ЭЗЭН та нарын гарт өгсөн. Миний хойноос гэв. Ингээд тэд түүнийг даган доошоо бууж, Моаб уруу хүрдэг Иорданы гармыг эзлэн авч, хэнийг ч гатлуулсангүй. 29Тэр үед тэд арван мянга орчим эр зоригтой бөгөөд хүдэр чийрэг моабчуудыг алав. Тэднээс нэг нь ч мултран зугтаж чадсангүй. 30Ингэж тэр өдөр Моаб израильчуудын нударга дор сөгдөв. Ийнхүү энэ газар нутаг наян жилийн турш амар жимэр байв.
Шамгар
31Ехүдийн дараа Израилийг дахин аварсан нэгэн бол үхрийн чичүүрээр зургаан зуун филист эрийг хядсан, Анатын хөвгүүн Шамгар байв.

Currently Selected:

Шүүгчид 3: АБ2013

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in