YouVersion Logo
Search Icon

Шүүгчид 13

13
Самсон төрөв
1Израилийн хөвгүүд ЭЗЭНий мэлмийд ёрын мууг үргэлжлүүлэн үйлдсэнд ЭЗЭН тэднийг дөчин жилийн турш филистчүүдийн гарт өгөв. 2Даны ургийн Зорагийн хүн, Маноа хэмээх нэртэй нэгэн эр байжээ. Түүний эхнэр нь хүүсэр тул хүүхэд төрүүлсэнгүй. 3ЭЗЭНий тэнгэрэлч тэр эмэгтэйд үзэгдэн
—Үзэгтүн, чи хүүхэд төрүүлээгүй хүүсэр боловч жирэмсэлж хүү төрүүлнэ. 4Одоо болгоомжлогтун. Усан үзмийн дарс болон сархдыг ууж үл болно. Бузар идээг ч идэж үл болно. 5Үзэгтүн, чи жирэмсэлж хүү төрүүлэх болно. Тэр хөвгүүний тэргүүнд тонгорог хүргэж болохгүй. Учир нь тэр эхийн хэвлийд байхаасаа Бурханд зориулагдан тусгаарлагдсан назир#13:5 назир: ЭЗЭНд амлалт өргөн өөрийгөө зориулсан ийм хүн дарс, сархад уух, үсээ хусах, биеэ зүсэх ёсгүй. Тоо 6:1–8 үз. хүн болох юм. Тэр филистчүүдийн гараас Израилийг аварч эхэлнэ гэж хэлэв.#Тоо 6:1–5 6Өнөөх эмэгтэй ирж, нөхөртөө
—Бурханы хүн над дээр ирэв. Түүний төрх нь Бурханы тэнгэрэлчийн төрх мэт ихэд аймшигтай байв. Харин түүнийг хаанаас гэдгийг би ч лавласангүй, тэр надад нэрээ ч хэлсэнгүй. 7Тэгээд тэр надад “Үзэгтүн, чи жирэмсэн болж хүү төрүүлнэ. Одоо чи усан үзмийн дарс, сархад ууж, бузар идээг идэж үл болно. Учир нь хөвгүүн эхийн хэвлийд байхаасаа үхэх өдрөө хүртэл Бурханд зориулагдсан назир хүн болох юм” гэж айлдлаа хэмээн ярив.
8Тэгэхэд нь Маноа, ЭЗЭНд залбирч
—Эзэн минь, төрөх гэж буй хөвгүүнд юуг үйлдвэл зохихыг бидэнд сургахын тулд Таны илгээсэн Бурханы хүнийг дахин бидэнд ирүүлж соёрхооч гэв. 9Маноагийн дууг Бурхан сонсжээ. Өнөөх эмэгтэй тариалангийн талбайд сууж байхад нь Бурханы тэнгэрэлч түүн дээр дахин ирэв. Харин нөхөр Маноа нь түүнтэй хамт байсангүй. 10Эмэгтэй яаран гүйж очоод, нөхөртөө
—Үзэгтүн, тэр өдөр над дээр ирсэн хүн надад үзэгдлээ гэж сонордуулахад 11Маноа босож, эхнэрээ даган явж нөгөө хүн дээр очоод
—Энэ эмэгтэйтэй ярьсан хүн та мөн үү? гэхэд тэр
—Би мөн байна гэв. 12Маноа
—Одоо таны үг биелэгдэх үед хөвгүүний амьдралын хэв маяг, үйлчлэл нь ямар байх вэ? гэж хэлсэнд 13ЭЗЭНий тэнгэрэлч, Маноад
—Юуны түрүүнд миний хэлсэн бүхэнд эмэгтэй болгоомжтой хандаг. 14Усан үзмийн модноос гарсан ямар ч юмыг тэр идэж үл болно. Мөн усан үзмийн дарс болон сархдыг ууж үл болно. Бузар идээг идэж болохгүй. Миний түүнд тушаасан бүхнийг тэр эмэгтэй сахиг гэж айлдлаа. 15Тэгэхэд нь Маноа, ЭЗЭНий тэнгэрэлчид
—Та бидэн дээр түр саатна уу? Бид танд зориулан ишиг төхөөрмөөр байна гэв. 16Тэгтэл ЭЗЭНий тэнгэрэлч, Маноад
—Чи намайг саатуулсан ч би чиний идээнээс үл иднэ. Харин чи шатаалт тахилыг өргөе гэвэл түүнийгээ ЭЗЭНд өргөгтүн гэв. Учир нь Маноа түүнийг ЭЗЭНий тэнгэрэлч гэдгийг эс мэдэв. 17Маноа, ЭЗЭНий тэнгэрэлчид хандан
—Таны нэр алдар хэн бэ? Таны үг биелэгдэх үед бид таныг хүндлэх болно гэсэнд 18ЭЗЭНий тэнгэрэлч түүнд
—Миний нэр аугаа гайхамшигтай#13:18 эсвэл ер бусын нууцлаг гэдгийг харсаар байж юунд түүнийг асууна вэ? гэж айлдлаа. 19Тийнхүү Маноа ишиг ба идээн өргөлийг авч, хадан дээр ЭЗЭНд өргөв.#13:19 ЭЗО-д гайхамшгийг үйлдэгч ЭЗЭНд өргөв. Маноа болон түүний эхнэрийг харж байхад нь ЭЗЭНий тэнгэрэлч гайхамшгийг үйлдэв. 20Галын дөл тахилын ширээнээс тэнгэр өөд дүрэлзсэнд ЭЗЭНий тэнгэрэлч тахилын ширээний дөлөн дотор дээш одов. Маноа болон түүний эхнэр үүнийг хараад нүүрээрээ газарт унав. 21Маноа болон түүний эхнэрт ЭЗЭНий тэнгэрэлч дахин үзэгдсэнгүй. Тэгэхэд Маноа түүнийг ЭЗЭНий тэнгэрэлч байсныг мэджээ. 22Маноа эхнэртээ
—Бид Бурханыг үзсэн тул зайлшгүй үхэх болно гэв. 23Харин эхнэр нь түүнд
—Хэрэв биднийг алах нь ЭЗЭНд тааламжтай байсан аваас Тэр бидний гараас шатаалт тахил болон идээн өргөлийг зөвшөөрөн авахгүй байсан бөгөөд энэ бүгдийг ч бидэнд үзүүлэхгүй бас одоо ийм юм бидэнд сонсгохгүй байх байсан гэв. 24Тэгээд эмэгтэй хөвгүүн төрүүлж, түүндээ Самсон хэмээх нэр өгөв. Хөвгүүнийг өсөж өндийхөд нь ЭЗЭН ерөөв. 25Зора, Ештаол хоёрын дундах Махане-дан хотод байхад нь ЭЗЭНий Сүнс түүнийг хөдөлгөж эхлэв.

Currently Selected:

Шүүгчид 13: АБ2013

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in