Исаиа 66
66
Бурханы хүсдэг мөргөл
1ЭЗЭН үүнийг айлдаж байна.
“Тэнгэр болбоос Миний сэнтий,
Газар болбоос Миний хөлийн гишгүүр билээ.
Надад зориулж та нар ямар сууц барих юм бэ?
Миний амрах газар гэж юу байх вэ?#Мт 5:34–35, 23:22 #Үйл 7:49–50
2Энэ бүх юмсыг Миний мутар бүтээсэн бөгөөд
Энэ бүхэн байдаг болжээ” гэж ЭЗЭН тунхаглав.
“Харин даруу, гэмшсэн сэтгэлтэй,
Үгэнд минь чичирдэг нэгнийг л Би анхаарна.
3Үхэр алдаг нэгэн нь хүн алаачтай адил,
Хургаар тахил өргөгч нь нохойн хүзүү мушгигчтай адил,
Идээн өргөл өргөгч нь гахайн цус өргөж байгаа мэт,
Үнэртнээр санамж өргөл хийгч нь
шүтээнийг магтагчтай адил юм.
Тэд замаа сонгодог бөгөөд сэтгэл нь ёс бусдаа баярладаг.
4Би дуудсан боловч хэн ч хариулсангүй,
Би дуугарсан боловч хэн ч чих тавьсангүй,
Харин тэд Миний өмнө мууг үйлдэж,
Хүсээгүйг минь сонгосон учраас
Би мөн эрх хүслийг нь сонгож,
Айдсыг нь тэдний дээр авчирна.”
Сионы зөвтгөл
5ЭЗЭНий үгэнд чичрэгсэд ээ,
Түүний үгийг сонсогтун.
“Нэрээс минь болж та нарыг үзэн ядаж, хавчдаг ах дүүс чинь
«ЭЗЭН алдарших болтугай.
Бид баяр баясгаланг тань үзэх юмсан» гэцгээж байна.
Гэвч тэд ичих болно.
6Хотоос гарах их шуугиант дуу,
Сүмээс гарах дуу чимээ бол
Дайснуудынхаа үйлийн хариуг барьж байгаа
ЭЗЭНий дуу юм.
7Тэр эмэгтэй дуншиж өвдөхөөсөө өмнө төрлөө,
Тэрээр өвдөөгүй байхдаа хүү төрүүллээ.#Илч 12:5
8Хэн ийм юм сонссон бэ?
Хэн ийм юм үзсэн бэ?
Ганц өдөрт дэлхий бий болж чадах уу?
Ганц мөчид л үндэстэн бий болж чадах уу?
Сион дуншиж эхэлмэгцээ л хөвгүүдээ төрүүлэв.
9Би амсар дээр нь авчраад төрүүлэхгүй байх уу?” гэж ЭЗЭН айлдаж байна.
“Эсвэл төрөлтийг өгчихөөд Би умайг хаах уу?” гэж
Бурхан чинь айлдаж байна.
10“Иерусалимыг хайрлагчид бүгд түүнтэй баясан цэнгэгтүн.
Түүний төлөө гашуудагсад
бүгд түүнтэй хамт хөөрөн баясах нь
11Түүний тайвшруулагч мээмнээс хөхөж цадахын тулд,
Хөхөж элбэг хангалуун алдарт нь баярлахын тулд юм.”
12Учир нь ЭЗЭН ингэж айлдаж байна.
“Үзэгтүн, Би түүнд амар тайвныг гол мэт,
Үндэстнүүдийн алдрыг үерийн урсгал мэт болгоно.
Та нарыг гар дээр өргөн
өвдөг дээр энхрийлнэ.
13Эх нь хүнийг тайвшруулах адил
Би та нарыг тайвшруулж,
Та нар Иерусалимд тайвшрах болно.”
Бурханы хаанчлал ба хилэн
14Үүнийг үзээд зүрх тань баясаж,
Яс тань ургамал ногоо мэт сэргэнэ.
ЭЗЭНий мутар боолууддаа мэдэгдэнэ.
Харин дайснуудаа Тэр зэвүүцнэ.
15Үзэгтүн, уур хилэнгээ болон шүүлт зэмлэлээ галын дөлтэй хамт буулгахаар
Хуй салхи мэт тэрэгнүүдтэйгээ
Гал дотор ЭЗЭН ирэх болно.
16ЭЗЭН галаар хийгээд илдээрээ бүх махбодыг шүүнэ.
Мөн ЭЗЭНд алуулсан хүмүүс олон байх болно.
17“Гахайн мах, жигшүүрт юмс ба
хулгана иддэг бөгөөд
Голдоо буй нэгнийг дагаж,
Цэцэрлэгт очихоор өөрсдийгөө ариусган цэвэршигсэд
бүгдээрээ эцэс болно” гэж ЭЗЭН тунхаглаж байна.
18“Учир нь Би тэдний үйлс хийгээд бодлуудыг нь мэдэх бөгөөд бүх үндэстэн, хэлтнийг цуглуулахаар ирж байна. Тэд ирж, алдрыг минь үзнэ. 19Би дунд нь тэмдэг тавин тэднээс амь хэлтрэгсдийг Таршиш, Пут, Луд, Мешех, Рош, Тубал, Иаван хэмээх үндэстнүүд уруу мөн нэр цууг минь сонсоогүй, алдрыг минь үзээгүй алс холын эргийн орнууд уруу явуулна. Тэд алдрыг минь үндэстнүүдийн дунд тунхаглана. 20Израилийн хөвгүүд идээн өргөлөө цэвэр саванд хийн ЭЗЭНий өргөөнд авчирдаг шиг идээн өргөл болгохоор бүх ах дүүг тань морь, тэрэг, жууз, луус, тэмээгээр Миний ариун уул Иерусалимд тэд бүх үндэстнээс авчирна” гэж ЭЗЭН айлдаж байна. 21“Мөн тэднээс тахилч болон леви хүн болгохоор Би авна” гэж ЭЗЭН айлдаж байна.
22“Миний бүтээх
шинэ тэнгэр, шинэ газар
Миний өмнө зогсох мэт
Та нарын үр удам ба
нэр чинь ч зогсоно” гэж
ЭЗЭН тунхаглаж байна.#Иса 65:17; 2Пт 3:13; Илч 21:1
23“Шинэ сараас
шинэ сар хүртэл,
Амралтын өдрөөс
Амралтын өдөр хүртэл
Бүх махбод Миний өмнө
мөргөхөөр ирнэ” гэж
ЭЗЭН айлдаж байна.
24“Дараа нь тэд гарч ирж, Намайг эсэргүүцэгч хүмүүсийн хүүрийг үзнэ. Учир нь өт хорхой нь үхэхгүй, гал нь унтрахгүй. Тэд бүх махбодод жигшил болно.”#Мк 9:48
Currently Selected:
Исаиа 66: АБ2013
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.