Исаиа 51
51
Бурханы ард түмний ерөөл
1“Зөвт байдлыг мөшгөн ЭЗЭНийг хайгчид аа.
Намайг сонсогтун.
Та нарыг цавчиж авсан хад уруу,
Та нарыг малтаж гаргасан нүхийг харагтун.
2Өвөг эцэг Абрахамыгаа,
Өөрсдийг чинь төрүүлсэн Сараг хар.
Ер ганцаар нь л түүнийг Би дуудсан
Ерөөж түүнийг харин Би олшруулсан.
3Үнэхээр ЭЗЭН Сионыг тайвшруулж,
Хоосорсон газар бүхнийг нь тайтгаруулна.
Зэлүүд талыг нь Еден шиг,
Цөлийг нь ЭЗЭНий цэцэрлэг мэт болгоно, Тэр.
Тэндээс баясгалан, цэнгэл,
талархал, дуу хуур олдох юм.
4Ард түмэн минь, Надад анхааран
Үндэстэн минь, Над уруу чих тавигтун.
Учир нь хууль Надаас гарна.
Ард түмнүүдийн гэрэл болгон
Шударга ёсоо Би тогтооно.
5Зөвт байдал минь ойр,
Аврал минь гарч ирж байна.
Мутар минь ард түмнүүдийг шүүнэ.
Эргийн нутгууд Намайг эрэлхийлэн
Тэд мутрыг минь горьдон хүлээнэ.
6Тэнгэр өөд харцаа өргөөд,
Доошоо газар уруу харагтун.
Учир нь тэнгэр утаа мэт алга болж,
Газар хувцас мэт хуучирна.
Оршин суугчид нь шумуул мэт үхэцгээнэ.
Харин аврал минь мөнхөд байж,
Үнэн зөв минь үл мөхнө.
7Үнэн зөвийг мэддэг,
Зүрхэнд нь Миний хууль буй ард түмэн
Намайг сонсогтун.
Хүний зэмлэлээс бүү ай.
Доромжлолоос нь бүү эмээгтүн.
8Учир нь дээл хувцас мэт,
Тэднийг хивэн эрвээхэй идэж,
ноос мэт, тэднийг өт хорхой иднэ.
Харин зөвт байдал минь мөнхөд,
Аврал минь үеийн үед байна.”
9Сэрэгтүн, сэрэгтүн! ЭЗЭНий мутар минь,
Хүчээ өмс!
Өнийн өдрүүд, эрт урьдын үеүдийнх шигээ сэрэгтүн.
Рахабыг#51:9 Рахаб: Нүгэл будлианы бэлгэдэл болсон домгийн тэнгисийн мангас. Заримдаа Египетийг бэлэгддэг байна. хэсэгчин тасчиж,
Лууг нэвт хатгасан нь Та бус уу?
10Далай тэнгис, их гүний усыг хатаан
Золигдогсдыг гатлуулахын тулд
Тэнгисийн гүнийг зам болгосон нь Та бус уу?
11Ингээд ЭЗЭНээр золигдогсод буцаж,
Баяртайгаар дуулан Сион уруу ирнэ.
Тэргүүн дээр нь мөнхийн баяр хөөр,
Тэд цэнгэл, хөөртэй байх бөгөөд
Гашуудах, санаа алдах нь зугтан одно.
12“Та нарыг Тайвшруулагч нь Би,
Зөвхөн Би мөн.
Үхэх хүмүүнээс айн,
Өвс мэт өгөгдсөн хүний хөвгүүнээс эмээх чи хэн бэ?
13Тэнгэрийг дэлгэж, газрын суурийг тавигч,
Бүтээгч ЭЗЭНээ чи мартан
Устгахад бэлэн юм шиг буй шахамдуулагчийн хилэгнэлээс
Чи өдөр бүр үргэлж айж байх уу?
Гэвч шахамдуулагчийн уур хилэгнэл хаана байна вэ?
14Олзлогдогсод удахгүй чөлөөтэй тавигдана. Тэд гянданд үхэхгүй, талхаар ч дутагдахгүй. 15Нүргээнт давалгаатай далай тэнгисийг хутган хөдөлгөгч нь Би ЭЗЭН, чиний Бурхан байна. Түг түмдийн ЭЗЭН бол Түүний нэр мөн. 16Тэнгэрсийг тогтоож, газрын суурийг тавиад Сионд «Чи Миний ард түмэн» гэж айлдахын тулд аманд чинь үгээ тавьж, мутрынхаа сүүдрээр чамайг халхалсан нь Би билээ.”
17Өөрөө сэрэгтүн, өөрөө сэрэгтүн,
Босогтун Иерусалим аа!
ЭЗЭНий мутрын хилэнгийн аяганаас чи уусан,
Согтуурлын аяганы шавхрууг ч уусан.#Илч 14:10, 16:19
18Төрүүлсэн хамаг хөвгүүнийх нь дунд
Түүнийг хөтлөх хүн алга.
Өсгөсөн бүх хөвгүүнийх дунд
Гараас нь түших хүн ч алга.
19Ийм хоёр юм чам дээр уналаа.
Чиний төлөө хэн гашуудах вэ?
Эвдрэл, сүйрэл, өлсгөлөн, илд.
Хэнээр Би чамайг тайвшруулах вэ?
20Хөвгүүд чинь сульдан
Торонд орсон зээр шиг
Гудамж бүрийн эхэнд хэвтэнэ.
ЭЗЭНий хилэн хийгээд
Бурханы чинь зэмлэлээр тэд дүүрэн байна.
21Тиймээс дарсанд бус атлаа согтсон, зовсон хүмүүс ээ,
Үүнийг сонс.
22Ард түмнийхээ төлөө заргалдагч Эзэн чинь,
Бурхан ЭЗЭН чинь ингэж айлдаж байна.
“Үзэгтүн. Би гараас чинь согтуурлын аягыг,
Хилэнгийнхээ аяганы шавхрууг авлаа.
Чи дахин хэзээ ч уухгүй.
23«Тонгой. Бид дээгүүр чинь алхана» хэмээн чамд хэлсэн
Энэлгэгчдийн чинь гар дээр би үүнийг тавина.
Чи нуруугаа газар мэт,
Тэдний алхах гудамж мэт болгосон билээ.”
Currently Selected:
Исаиа 51: АБ2013
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.