Эхлэл 41
41
Фараоны зүүдийг Иосеф тайлав
1Бүтэн хоёр жилийн дараа Фараон нэгэн зүүд зүүдлэв. Харагтун, Фараон гол дээр зогсож байх юм. 2Тэгтэл, харагтун, тарган сайхан долоон үхэр голоос гарч ирээд нугад бэлчиж байжээ. 3Харагтун, түүний хойноос бас өөр туранхай муухай долоон үхэр голоос гарч ирээд голын эрэг дэх нөгөө үхрүүдийн дэргэд зогсжээ. 4Нөгөө туранхай муухай үхрүүд нь мөнөөх тарган сайхан долоон үхрийг идчихэв. Тэгээд Фараон сэржээ. 5Тэрээр эргэж унтаад, хоёр дахь удаагаа зүүдэлжээ. Харагтун, нэгэн ишнээс өтгөн сайхан долоон тариан түрүү гарч иржээ. 6Бас түүний дараа дорнын салхинд хатаж хорчийсон долоон нарийхан түрүү гарч иржээ. 7Тэгээд тэр нарийхан долоон түрүү нь өтгөн бүтэн долоон түрүүгээ залгичихав. Фараоныг сэртэл, харагтун, тэр нь зүүд байлаа. 8Өглөө нь түүний сүнс тавгүйтэж, тэрээр зарлага явуулан Египетийн мэргэ төлгөчид, ухаантан мэргэдийг бүгдийг нь дууджээ. Фараон тэдэнд зүүдээ ярьсанд түүнийг Фараонд тайлж чадах хүн нэг ч байсангүй.#Дан 2:2
9Ахлах сөнч, Фараонд
—Өнөөдөр би гэм нүглээ саналаа. 10Фараон та зарц нартаа уурлаж, намайг ахлах талхчны хамт хамгаалагчдын захирагчийн байшинд хорионд өгч билээ. 11Тэгэхэд тэр бид хоёр нэгэн шөнө зүүд зүүдэлсэн. Бид хоёрын зүүд өөр өөр тайлалтай байсан. 12Тэнд хамгаалагчдын захирагчийн боол, еврей залуу бидэнтэй хамт байсан бөгөөд бид түүнд зүүдээ ярьсанд, тэрээр бидний зүүдийг тайлж өгсөн юм. Тэр залуу бидний зүүдийг тус тусад маань тайлсанд 13түүний тайлал ёсоор болж, би хуучин албандаа эргэж ороод, нөгөөх маань дүүжлүүлсэн билээ гэж хэлэв.
14Тэгээд Фараон зарлага явуулж, Иосефыг дуудуулав. Тэд түүнийг гяндангаас даруй гаргажээ. Иосеф сахлаа хусаж, хувцсаа солиод, Фараон дээр орж ирэв. 15Фараон, Иосефт
—Би нэг зүүд зүүдэллээ. Гэтэл түүнийг тайлж чадах хүн нэг ч байсангүй. Чамайг зүүд тайлж чаддаг гэж би сая сонслоо гэв. 16Иосеф, Фараонд
—Энэ бол би биш, харин Бурхан Фараонд сэтгэлийг амраах хариу өгнө гэв. 17Фараон, Иосефт
—Харагтун, би зүүдэндээ голын эрэг дээр зогсож байх юм. 18Тэгтэл, харагтун, тарган сайхан долоон үхэр голоос гарч ирээд, нугад бэлчиж байлаа. 19Тэдний хойноос туранхай, маш муухай долоон үхэр гарч ирлээ. Би тэдэн шиг муухай үхрүүдийг Египетийн нутагт хэзээ ч үзээгүй билээ. 20Тэр туранхай муухай үхрүүд түрүүчийн долоон тарган үхрийг идчихлээ. 21Тэд түүнийг идсэн боловч юу ч идээгүй юм шиг урьдын адил муухай хэвээрээ л байлаа. Тэгээд би сэрлээ. 22Би эргэж унтав. Харагтун, нэг ишнээс долоон өтгөн, сайхан тариан түрүү ургахыг зүүдэндээ харав. 23Тэгтэл, харагтун, түүний дараа дорнын салхинд хатаж гандсан, хорчгор нарийхан долоон түрүү гарч ирэв. 24Тэгээд тэр нарийхан түрүүнүүд долоон сайхан түрүүгээ залгичихав. Би зүүдээ мэргэ төлгөчдөд хэлсэн боловч түүнийг надад тайлж чадах хүн нэг ч байсангүй гэв.
25Иосеф, Фараонд
—Фараон таны зүүд чинь нэг л юм байна. Бурхан Өөрийн хийх гэж байгаа зүйлийг Фараонд үзүүлжээ. 26Долоон сайхан үхэр бол долоон жил, долоон сайхан түрүү нь бас долоон жил юм. Эдгээр зүүд нь нэг юм. 27Тэдний хойноос гарч ирсэн долоон туранхай, муухай үхэр нь долоон жил юм. Мөн дорнын салхинд хатаж гандсан, хорчгор нарийхан долоон хоосон түрүү нь өлсгөлөнгийн долоон жил юм. 28Бурхан үйлдэх гэж байгаа зүйлээ Фараонд үзүүлсэн гэж Фараонд миний хэлсэн үг бол энэ юм. 29Харагтун, Египетийн нутаг даяар маш өнтэй сайхан долоон жил болж, 30дараа нь ган зудтай долоон жил залгаж, Египетийн нутагт өнтэй сайхан байсан бүхэн мартагдаж, нутаг орныг өлсгөлөн туйлдуулах болно. 31Энэхүү өлсгөлөн нүүрлэсний дараа маш хүнд хэцүү болох учир тэр нутагт өнтэй сайхан байснаас танигдах юм юу ч үгүй болно. 32Фараон та тэр зүүдийг хоёр дахин зүүдэлсэн нь Бурханаас энэ нь тогтоогдсон гэсэн үг бөгөөд Бурхан үүнийгээ даруй үйлдэх болно. 33Тэгээд одоо Фараон хэрсүү, мэргэн ухаантай хүн олж, Египетийн нутагт томил. 34Фараон тийнхүү газар нутагтаа түшмэдийг томилж, өнтэй сайхан долоон жилийн дотор Египетийн газар нутгийн ургацын тавны нэгийг нь хурааж, 35ирэх өнтэй сайхан он жилүүдийн бүх ургацыг тэднээр хураалгаж, үр тариагаа Фараоны гарт мэдүүлж, хүнсэнд зориулан хотуудад хадгалуул. 36Энэ ургацыг Египет нутагт болох гэж байгаа өлсгөлөнгийн долоон жилд зориулан нутагтаа нөөцөл. Тэгвэл тэр газар нутаг өлсгөлөнгөөр сүйрэхгүй болно гэв.
Иосеф Египетэд өргөмжлөгдөв
37Энэ нь Фараон болон түүний бүх зарц нарын нүднээ таатай байв. 38Фараон зарц нартаа
—Бурханы Сүнстэй энэ мэт хүн бидэнд олдох уу? гээд, 39Фараон, Иосефт
—Бурхан энэ бүх зүйлийг чамд л таниулсан учир чам шиг хэрсүү, мэргэн ухаантай хүн алга. 40Чи миний өргөөг захир. Миний ард түмэн бүгдээрээ чиний амаар байг. Би зөвхөн хаан ширээнд сууж байгаагаараа чамаас илүү гэв.#Үйл 7:10
41Фараон
—Харагтун, би чамд Египетийн бүх газар нутгийг захируулна гэж Иосефт хэлээд, 42өөрийн тамгатай бөгжөө гараасаа мултлан, Иосефын гарт зүүж, нарийн даавуун дээлээ өмсгөн, алтан гинжийг хүзүүнд нь зүүв.#Дан 5:29
43Тэгээд тэр өөрийн хоёр дахь сүйх тэргэндээ түүнийг суулгасан ба түүний өмнө
—Сөгдөцгөө! хэмээн хашхирч байлаа. Ийнхүү Египетийн бүх газар нутгийг Фараон Иосефт захируулжээ. 44Фараон, Иосефт
—Би бол Фараон. Чамгүйгээр гараа эсвэл хөлөө өргөх хүн Египет даяар байхгүй болно гэж хэлэв.
45Тэгээд Фараон, Иосефт Зафенат-панеа гэдэг нэр хайрлаж, Оны тахилч Потиферагийн охин Асенатыг түүнд эхнэр болгон өгөв. Тэгээд Иосеф гарч Египетийн бүх газар нутгаар аялав.
46Иосеф Египетийн хаан Фараоны өмнө зогсохдоо гучин настай байлаа. Иосеф Фараоныхаас гараад, Египетийн бүх газар нутгаар аялав. 47Өнтэй долоон жилийн туршид тэр нутагт маш арвин ургац гарчээ. 48Иосеф Египетийн газар нутагт өнтэй байсан долоон жилийн бүх ургацыг хураан авч, хотуудад хадгалж, хотын эргэн тойрон дахь талбайн ургацыг хот тусбүрд нь нөөцлөв. 49Иосеф далайн эргийн элс мэт арвин их тариа нөөцөлсөн нь хэмжээлшгүй их болсон учир түүнийгээ тоолохоо ч больжээ.
50Өлсгөлөнгийн жилээс өмнө Иосефт хоёр хүү төрөв. Тэднийг Оны тахилч Потиферагийн охин Асенат Иосефт төрүүлжээ. 51Иосеф ууган хүүдээ Манассе#41:51 Манассе: евр. “мартуулсан” гэснээс гаралтай. гэдэг нэр өгөөд, “Учир нь Бурхан, миний хамаг зовлон хийгээд эцгийн минь гэрийг бүхэлд нь надад мартуулсан юм” гэжээ. 52Удаах хүүдээ Ефраим#41:52 Ефраим: евр. “хүүхдүүд өгдөг” гэснээс гаралтай. гэдэг нэр өгөөд, “Учир нь Бурхан, зовлон зүдүүрийн маань газарт намайг үржүүлснээс тэр болой” гэжээ.
53Египетийн газар нутагт өнтэй байсан долоон жил дуусаж, 54Иосефын хэлсэн ёсоор өлсгөлөнгийн долоон жил эхэлжээ. Бүх нутаг өлсгөлөнд нэрвэгдсэн боловч харин Египетийн бүх нутаг талх тариатай байжээ.#Үйл 7:11 55Египетийн бүх нутагт өлсгөлөн болж, хүн ард нь Фараонд хандан хашхиран талх тариа нэхсэнд Фараон бүх египетчүүдэд
—Иосеф дээр очицгоо, түүний та нарт хэлснийг үйлд гэв.#Иох 2:5 56Тэгээд нутаг орон даяар өлсгөлөн болж, Иосеф бүх агуулахыг нээж, египетчүүдэд худалджээ. Египет нутаг бэрх өлсгөлөнд нэрвэгджээ. 57Улс орон бүхэн үр тариа худалдаж авахын тулд Египет уруу Иосеф дээр ирэв. Учир нь дэлхий даяар бэрх өлсгөлөн болж байлаа.
Currently Selected:
Эхлэл 41: АБ2013
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.