YouVersion Logo
Search Icon

Эхлэл 39

39
Иосеф Потифарын эхнэр хоёр
1Иосеф Египет уруу хүргэгдэв. Тэгээд түүнийг тэнд авчирсан ишмаелчуудын гараас Фараоны түшмэл, хамгаалагчдын захирагч Потифар гэдэг нэгэн египет хүн түүнийг арилжин авчээ. 2ЭЗЭН Иосефтой хамт байсан учир түүний бүх ажил үйлс бүтэмжтэй болж, тэр өөрийн эзэн египет хүний гэрт сууж байлаа.#Үйл 7:9 3ЭЗЭН, түүнтэй хамт байгааг мөн ЭЗЭН, түүний үйлдсэн бүхнийг гараар нь бүтэмжтэй болгож байгааг түүний эзэн нь үзэв. 4Иосеф, эзнийхээ нүдэнд тааллыг олж, түүнд үйлчилсэнд тэрээр Иосефыг гэрийнхээ даамал болгон эзэмшиж байсан бүхнээ түүний гарт өгчээ. 5Тэрээр Иосефоор эд хөрөнгөө харгалзуулснаас хойш ЭЗЭН Иосефын төлөө египет хүний орон гэрийг ерөөж, ЭЗЭНий ерөөл гэр болон тариалангийн талбай, түүнд байсан бүхэнд буув. 6Тэрээр өөрт байсан бүхнээ Иосефын гарт даатгаад, идэх хоолноосоо өөр юунд ч санаа тавихаа больжээ.
Иосеф чийрэг сайхан биетэй, үзэсгэлэнтэй сайхан эр байлаа. 7Түүнээс хойш эзнийх нь эхнэр Иосефт харц чулуудаж
—Надтай унтаач гэж хэлэв. 8Харин Иосеф татгалзаж, эзнийхээ эхнэрт
—Харагтун, миний эзэн гэрийн доторх юунд ч санаа тавьдаггүй бөгөөд өөрийн эзэмшдэг бүхнээ тэрээр миний гарт өгсөн учир 9энэ гэрт надаас илүү их хүн байхгүй. Та түүний эхнэр учир тэр танаас бусад юуг ч надад хориглоогүй. Би яаж ийм ёрын муу хэрэг хийж, Бурхандаа нүгэл үйлдэх билээ? гэв. 10Тэр эмэгтэй өдрөөс өдөрт Иосефыг ятгасаар байсан боловч тэрээр өөртэйгөө унт гэснийг нь ч, хамт бай гэснийг нь ч сонссонгүй. 11Нэгэн өдөр Иосефыг ажилаа хийхээр гэрт ороход гэрийнхнээс нэг ч хүн тэнд байсангүй. 12Тэр эмэгтэй түүний хувцаснаас чангааж
—Надтай унтаач гэсэнд Иосеф түүний гарт хувцсаа орхиод, гадагш зугтан гарав.
13Иосеф түүний гарт хувцсаа хаян зугтаж гарахыг хараад 14тэр эмэгтэй гэрийнхнээ дуудан тэдэнд
—Хараач, эзэн маань бидэнд еврей хүн авчирч түүгээр биднийг доромжлууллаа. Тэр намайг хүчирхийлэх гэж над дээр орж ирлээ. Тэгээд би чангаар хашхирсан. 15Тэр миний чанга дуугаар хашхирахыг сонсоод хувцсаа миний дэргэд орхин гадагш зугтаж гарлаа гэв. 16Тэрээр эзнийгээ гэртээ иртэл нь нөгөө хувцсыг дэргэдээ тавьж байв. 17Тэгээд тэр түүнд нөгөө үгээ хэлж
—Чиний бидэнд авчирсан еврей боол намайг доромжлохоор над дээр орж ирээд, 18намайг дуугаа өндөрсгөн хашхирахад тэрээр хувцсаа миний дэргэд орхиод, гадагш зугтаж гарсан гэв.
19Эзэн нь “Чиний боол надад ийм юм хийлээ” гэж хэлсэн эхнэрийнхээ үгийг сонсоод уур нь шатжээ. 20Тэгээд Иосефын эзэн түүнийг барьж, хааны хоригдлуудыг хорьдог шоронд хорив. Иосеф шоронд хоригдож байсан ч 21ЭЗЭН Иосефтой хамт байж, түүнд энэрэл хайр үнэнээр хандаж, тэрээр шоронгийн ахлагчийн нүдэнд тааллыг олжээ.#Үйл 7:9 22Шоронгийн харгалзагч нь шоронд байсан бүх хоригдлыг Иосефын гарт даатгав. Тэнд хийгдэх ажил болгонд Иосеф хариуцлагатай байв. 23Шоронгийн харгалзагч нь Иосефын гар дор байсан зүйлийн өчүүхнийг нь ч хянадаггүй байлаа. Учир нь ЭЗЭН Иосефтой хамт байж, түүний хийсэн бүхнийг бүтэмжтэй болгожээ.

Currently Selected:

Эхлэл 39: АБ2013

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in