YouVersion Logo
Search Icon

Езекиел 5

5
Иерусалимыг цавчих илд
1Хүний хүү, хурц илдийг авч, үсчний тонгорог болгон толгой, сахлаа шудран хус. Дараа нь жинлэх дэнсийг авч, үсээ хуваа. 2Бүслэлтийн өдрүүд гүйцэхэд гуравны нэгийг нь хотын дунд галд шатаа. Тэгээд гуравны нэгийг нь авч, хотын эргэн тойронд илдээр цавчиж, үлдсэн гуравны нэгийг нь салхинд хийсгэ. Би тэдний араас илд сугалах болно. 3Мөн тэднээс цөөн хэдийг авч, нөмрөгийнхөө хормойд уя. 4Тэднээсээ дахин авч, галд хаяж, галд шатаа. Түүнээс Израилийн хамаг гэрт гал тархана. 5Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. “Энэ бол Иерусалим. Би түүнийг үндэстнүүдийн дунд тавьж, улсуудаар хүрээлүүлэв. 6Гэвч тогтоолуудыг минь үндэстнүүдээс ч илүүгээр, зарлигуудыг минь хүрээлсэн улсуудынхаасаа ч илүү гэм буруугаар тэр эсэргүүцэв. Учир нь тэд тогтоолуудыг минь үл тоомсорлон Миний зарлигууд дотор алхсангүй.” 7Тиймээс Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. “Та нар тойрон буй үндэстнүүдээс ч илүү их бужигнаж, Миний зарлигууд дотор үл яван тогтоолуудыг минь эс сахиж, та нарыг тойрч буй үндэстнүүдийн шийдвэрүүдийг сахисан учир” 8гээд Эзэн БУРХАН ийн айлдаж байна. “Харагтун, Би, чиний эсрэг байж, үндэстнүүдийн нүдний өмнө Би та нарын дунд шүүлт явуулна. 9Би эдүгээ хүртэл үйлдээгүй, дахин хэзээ ч эс үйлдэх зүйлийг хамаг жигшүүрийн чинь төлөө та нарын дунд үүнийг үйлдэнэ. 10Тиймээс та нарын дунд эцгүүд хөвгүүдээ идэж, хөвгүүд нь эцгүүдээ идэх болно. Учир нь Би чам дээр шүүлт явуулж, бүх үлдэгсдийг чинь дөрвөн зүгт тараана.”#Гаш 4:10 11Эзэн БУРХАН тунхаглаж байна. “Би амьд! Чи бүх бузар шүтээн, бүх жигшүүрээрээ ариун газрыг минь бузарласан учир Би чамайг доош унагах бөгөөд Миний мэлмий өрөвдөхгүй, Би өршөөхгүй. 12Гуравны нэг чинь гай гамшгаар үхэж эсвэл дунд чинь өлсгөлөнгөөр мөхнө. Гуравны нэг нь эргэн тойронд чинь илдэнд унана. Гуравны нэгийг нь Би зүг бүрд тарааж, тэдний араас илд сугална. 13Ийнхүү уур минь гүйцэж, Би тэднээр хилэнгээ хангаж, Би тайтгарах болно. ЭЗЭН Би зүтгэл дотроо айлдсаныг Намайг хилэнгээ тэдний дээр гүйцээсэн тэр үед л тэд мэдэх болно. 14Түүгээр ч барахгүй, Би чамайг хажуугаар өнгөрөх бүхний нүдний өмнө, эргэн тойрны чинь үндэстнүүдийн дунд эзгүйрэл, зэмлэл болгоно. 15Тиймээс Би уур, хилэн ба хилэнт гэсгээлтээр чиний эсрэг шүүлтүүд гүйцэлдүүлэхэд, энэ нь чамайг тойрогч үндэстнүүдэд тохуу, ёжлол, сургамж хийгээд хиртхийлт болно. ЭЗЭН Би айлдлаа. 16Та нарыг устгахаар Миний явуулах хүмүүсийн сүйрэлд зориулагдаж байсан өлсгөлөнгийн хорт сумыг Би тэдний эсрэг харвах үед Би өлсгөлөнг чинь улам идэвхжүүлж, талхны нөөцгүй болгоно. 17Би та нарт өлсгөлөн хийгээд хөнөөлт араатныг илгээнэ. Тэд та нарыг хүүхдүүдээс чинь хагацаана. Гай гамшиг, цус урсгалт та нарыг дайран өнгөрч, Би та нарын дээр илдийг авчирна. ЭЗЭН Би айлдлаа” гэв.#Илч 6:8

Currently Selected:

Езекиел 5: АБ2013

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in