Езекиел 33
33
Израилийн харуул Езекиел
1ЭЗЭНий үг надад ирж
— 2Хүний хүү чи, ард түмнийхээ хөвгүүдтэй ярьж тэдэнд “Би нэгэн нутагт илд авчрахад, тэр нутгийн ард олон дундаасаа нэг хүнийг сонгож, харуулаа болгох аваас 3нутагт нь илд ирж байхыг тэр хараад бүрээ татаж, ард олныг сэрэмжлүүлэх болой. 4Хэн нэгэн нь бүрээн дууг сонссон боловч сэрэмжлүүлгийг эс авахад нь илд ирж түүнийг авч явбал цус нь өөрийнх нь толгой дээр байна. 5Тэрээр бүрээн дууг сонссон боловч сэрэмжлүүлгийг эс авав. Түүний цус өөр дээр нь байна. Хэрэв сэрэмжлүүлгийг авсан бол амиа аврах байсан. 6Гэвч харуул нь илд ирж буйг хараад бүрээ татахгүй, ард түмнийг сэрэмжлүүлэхгүй байваас илд ирж, тэдний дотроос хэн нэгийг авбал тэр нэгэн хилэнцийнхээ төлөө авагдана. Харин цусыг нь Би харуулын гараас нэхэх болно” гэж хэл. 7Хүний хүү! Би чамайг Израилийн гэрт харуул болголоо. Тиймээс чи амнаас минь гарах үгийг сонсоод, Миний өмнөөс тэднийг сэрэмжлүүлнэ. 8Би буруут хүнд “Буруут чи заавал үхэх болно” гэж айлдах үед чи тэр буруут хүнд замаасаа эргэхийг сэрэмжлүүлэхгүй аваас тэр буруут хүн хилэнцийнхээ дотор үхэх юм. Харин түүний цусыг Би гараас чинь нэхнэ. 9Харин чи буруут хүнд замаасаа эргэхийг сэрэмжлүүлсэн боловч тэр нэгэн замаасаа эргэхгүй байваас хилэнц дотроо тэр үхнэ. Харин чи амиа аварна.
Бурханы энэрэл ба шудрага нь
10Хүний хүү чиний хувьд, Израилийн гэрт өгүүл. “Та нар ярихдаа «Үнэнээр бидний гэмт үйлдэл, бидний нүгэл нь бидэн дээр буй. Бид түүний дотор ялзарч байна. Тэгвэл бид яаж амьд үлдэх вэ?» хэмээв.” 11Тэдэнд өгүүл. “Би амьд!” гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна. “Би буруутын үхэлд огтхон ч баярлахгүй. Харин буруут нь замаасаа эргэж, амьд гарахад Би баярлана. Ёрын муу замаасаа буцагтун, буцагтун! Тэгвэл та нар юунд үхэх вэ, Израилийн гэр ээ?” 12Хүний хүү чи, нутгийнхандаа “Зөвт хүний зөв нь ч гэм буруугийнх нь өдөрт түүнийг үл аварна. Буруутын гэм буруугийн хувьд, тэрээр гэм буруугаасаа эргэх өдөр түүнээсээ болж бүдрэхгүй. Мөн зөвт хүн ч нүгэл үйлдэх өдрөө зөвт байдлаараа амьд үлдэж үл чадна” гэж хэл. 13Би зөвт хүнийг заавал амьд үлдэнэ гэж өөрт нь айлдсан боловч тэрээр зөвт байдалдаа хэт найдсаар гажуудлыг үйлдвээс хамаг зөв үйлс нь дурсагдахгүй. Харин үйлдсэн гажуудлынхаа дотор тэр үхэх болно. 14Гэвч Би буруу муу хүнд “Чи заавал үхэх болно” гэж айлдахад тэрээр нүглээсээ буцаж, шударга зөвийг үйлдээд, 15тэрээр барьцаалсан юмыг буцааж, тоносон юмаа нөхөн төлж, гажуудлыг эс үйлдэн амийн зарлигуудыг дагаж явбаас тэр заавал амьд үлдэнэ, тэр үхэхгүй. 16Түүний үйлдсэн нүглийн нэг нь ч түүний эсрэг дурсахгүй. Тэрээр шударга зөвийг үйлдсэн. Тэр заавал амьд үлдэнэ. 17Гэсэн ч нутгийнхан чинь “Эзэний зам нь буруу” гэж хэлэх үед өөрсдийнх нь зам буруу байдаг. 18Зөв хүн ч зөвт байдлаасаа эргэж, гажуудлыг үйлдвээс тэрээр түүн дотроо үхэх болно. 19Цөвт буруу хүн харин гэм буруугаасаа эргэж шударга зөвийг үйлдвээс тэр түүгээрээ амьд үлдэх болно. 20Гэвч та нар “Эзэний зам нь буруу юм” гэж хэлдэг. Израилийн гэр ээ, Би хүн тусбүрийг чинь замналаар нь шүүх болно хэмээв.
Иерусалимын уналт
21Бидний олзлогдлын арван хоёрдугаар оны аравдугаар сарын таванд Иерусалимаас нэгэн дүрвэгч над дээр ирэн “Хот эзлэгдэв” гэж хэлэв.#2Ха 25:3–10; Иер 39:2–8, 52:4–14 22Тэрхүү дүрвэгчийг ирэхээс өмнө, үдэш ЭЗЭНий мутар миний дээр байсан. Өглөө болж түүнийг над уруу ирэхийн өмнө Тэр миний амыг нээв. Ийнхүү миний ам нээгдээд, би дахин хэлгүй болсонгүй.
Иудагийн хэлтрэгсэд
23Дараа нь ЭЗЭНий үг надад ирж, айлдахдаа
— 24Хүний хүү! Израилийн газар дахь тэр балгасуудад амьдрагчид нь “Абрахам ганцаараа атал энэ газрыг эзэмшиж байв. Тиймээс бид олон тул энэ газар бидэнд эзэмшил болгогдон өгөгдсөн” хэмээж байна. 25Тиймээс тэдэнд хэл. “Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Та нар махыг цустай нь идэж, шүтээнүүдэд нүдээ өргөн цус урсгаж байна. Тийм байж та нар энэ газрыг өмчлөх ёстой юу? 26Та нар илдэндээ найдаж, жигшүүрт хэргийг үйлдэн хүн бүр чинь хөршийнхөө эхнэрийг бузарладаг. Тийм байж та нар энэ газрыг өмчлөх ёстой юу?»” 27Чи тэдэнд ингэж хэлэх ёстой. “Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Би амьд! Балгаснуудад буй хүмүүс нь илдэнд унаж, хээр талд буй хүмүүсийг Би араатнуудад тасчуулахаар өгч, цайз ба агуйд буй хүмүүс нь тахлаар үхэх болно. 28Би тэр газрыг эзгүйрүүлж, балгас болгож, түүний хүч чадлын бардамнал нь үгүй болно. Израилийн уулс нь хоосорч, тийнхүү хэн ч түүгээр үл өнгөрнө. 29Тэдний үйлдсэн хамаг жигшүүрээс болж Би тэр газрыг эзгүйрэл балгас болгох үед тэд Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэднэ»” 30«Хүний хүү чиний хувьд, хэрмийн дэргэд, гэрүүдийн үүдэнд чиний тухай ярилцаж, өөр зуураа ах дүүтэйгээ хэлэлцдэг танай нутгийнхан “Одоо ирэгтүн, ЭЗЭНээс ямар үг гарахыг сонс” гэж хэлж байна. 31Ард түмэн ирж байгаа мэт тэд чам уруу ирж, Миний ард түмэн адил чиний өмнө сууж, үгийг чинь сонсох боловч тэд түүнийг үйлдэхгүй. Учир нь амаараа тэд таалалт юмсыг үйлдэвч зүрх нь олз ашгийнхаа араас явдаг. 32Харагтун, чи тэдний хувьд хөгжмийн зэмсгүүдээр сайн тоглодог, сайхан хоолойтой хүний дуулсан тачаангуй дуу мэт юм. Учир нь тэд үгийг чинь сонсдог боловч түүнийг биелүүлдэггүй. 33Тиймээс тэр нь биелэлээ олоход (заавал биелнэ) өөрсдийнх нь дунд нэгэн эш үзүүлэгч байсныг мэдэх болно.
Currently Selected:
Езекиел 33: АБ2013
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.