Езекиел 27
27
Тирийн төлөөх харуусал
1Түүнээс гадна ЭЗЭНий үг надад ирж
— 2Хүний хүү чи, Тирийн тухай гашуудлыг гарга. 3Далайн үүдэнд оршиж, олон эргийн хүмүүсийн худалдааны газар Тирт өгүүл. “Эзэн БУРХАН ингэж айлдаж байна.
«“Би төгс үзэсгэлэнтэй юм” гэж
Тир ээ, чи өгүүлэв.
4Хил хязгаар чинь тэнгисийн зүрхэнд байна,
Чамайг босгогчид үзэсгэлэнг чинь төгс болгов.
5Тэд Сенирийн жодоо модоор хамаг банзыг чинь хийж,
Тэд чамд шураг хийхээр Ливаны хуш модыг авав.
6Башаны царс модоор тэд чамд сэлүүрүүдийг хийж,
Киприйн арлуудын нарс модоор хийсэн
Тавцанг чинь тэд зааны соёогоор шигтгэсэн.
7Дарвуул чинь Египетийн нэхмэл маалингаар хийгдэж,
Энэ нь чиний ялгах тэмдэг болов.
Сүүдрэвч чинь Елишагийн арлуудаас авчирсан
Хөх, нил ягаан өнгийн бөс даавуу байжээ.
8Сидон, Арвадын оршин суугчид
Чиний сэлүүрчид байв.
Тир ээ, мэргэн хүмүүс чинь
Онгоцон дотор чиний залуурчид байв.
9Гебалын ахмадууд ба мэргэн хүмүүс нь
Чамтай хамт эвдрэлийг чинь засаж байв.
Тэнгисийн хамаг онгоц, усан цэргүүд нь
Худалдаа наймаанд чинь оролцохын тулд чамтай хамт байв.
10Перс, Луд ба Пут нь
Чиний цэрэгт дайчид байв.
Тэд чиний дотор бамбай, дуулгыг зүүжээ.
Тэд сүр жавхланг чинь нэмэв.
11Арвадын хөвгүүд цэрэгтэй чинь
Чиний хэрмэн дээр эргэн тойронд,
Гаммадчууд чиний цамхагт байв.
Чиний хэрмэн дээр эргэн тойронд
Тэд бамбайнуудаа өлгөв.
Тэд үзэсгэлэнг чинь төгс болгожээ.
12Бүх төрлийн эд баялгаар дүүрэн байсан учраас Таршиш нь чиний худалдан авагч байсан. Тэд барааг чинь мөнгө, төмөр, цагаан тугалга, хар тугалгаар худалдан авч байв. 13Иаван, Тубал, Мешех нар чиний худалдаачид байсан. Хүний амь, хүрэл саваар тэд барааг чинь солилцож байв. 14Бет-тогармагаас ирсэн хүмүүс эд барааны чинь үнэнд морьд, дайны морьд, илжигнүүдийг өгсөн. 15Деданы#27:15 ЭНО-д Родчууд хөвгүүд чиний худалдаачид байсан. Эрэг хавийн олон газар чиний зах зээл болж байсан. Тэд зааны яс, хар модыг төлбөр болгон чамд авчирч байв. 16Барааны чинь элбэг дэлбэгээс болж Едом чиний худалдан авагч байсан. Тэд барааг чинь маргад, нил өнгийн бөс, нэхсэн даавуу, нарийн маалинга, шүр хийгээд бадмаараг чулуугаар худалдан авч байв. 17Иуда ба Израиль чиний худалдаачид байсан. Тэд чиний барааг Миннитийн буудай, боов, зөгийн бал, тос, гавраар худалдан авч байв. 18Барааны чинь элбэгээс болж, бүх төрлийн баялаг эрдэнэсийн элбэгээс болж, Хелбоны дарс, цагаан ноосноос болж Дамаск чиний худалдан авагч байжээ. 19Ведан ба Иаван нь Узалаас чиний барааны үнийг төлж байсан. Барааны чинь дотор ширэм, шанц, амтат чихрийн нишингэ байв. 20Дедан нь эмээлийн тохмоор чамтай худалдаа хийж байв. 21Араб ба Кедарын хамаг ноён хурга, хуц, ямаануудыг чинь худалдан авагчид байв. 22Шеба ба Раамагийн худалдаачид чамтай худалдаа хийж байсан. Тэд барааг чинь бүх төрлийн үнэртний дээдээр, бүх төрлийн эрдэнийн чулуу, алтаар төлж байсан. 23Харан, Канне, Еден, Шебагийн наймаачид, Ашур, Хилмад нар чамтай худалдаа хийж байв. 24Тэд чамтай тансаг дээл, хөх өнгийн хувцас, нэхмэл бөс, эрээн хивс, чанга гөрсөн олсоор худалдаа хийж байв. 25Таршишийн онгоцнууд нь чиний барааг зөөж байв.
Чи дүүрч, далайн зүрхэнд ихэд алдаршив.#Илч 18:11–19
26Сэлүүрчид чинь чамайг их усанд хүргэж,
Дорнын салхи чамайг далайн дунд цохиж эвдэв.
27Чиний сүйрлийн өдөрт чиний баялаг, ачаа, эд бараа,
Далайчид, залуурчид, засварчид,
Барааны худалдаачид чинь,
Дотор чинь буй бүх дайчин,
Дунд чинь буй хамаг чуулгантай хамт
Далайн дунд живэх болно.
28Залуурчдын хашхирах дуунд
Бэлчээр нутгууд доргих болно.
29Сэлүүрийг баригч бүх далайчин ба тэнгисийн залуурчид
Хөлөг онгоцнуудаасаа буух болно.
Тэд газар дээр зогсоно.
30Тэд чиний төлөө дуу хоолойгоо өндөрсгөн
Гашуунаар уйлах болно.
Тэд өөрсдийнхөө толгойд шороо цацан
Үнсэн дотор хөлбөрөх болно.
31Чиний төлөө тэд халзан болцгоож, таар ороон
Чиний төлөө зүрхнээсээ эмгэнэж
Гашуудан уйлах болно.
32Уйлах дуундаа тэд бас
Гашуудлын дууг чиний төлөө гарган
гашуудан дуулах болно.
Хэн Тиртэй адил, хэн түүнтэй адил
Тэнгисийн дунд чимээгүй байна вэ?
33Ачаанууд чинь далайгаас гарахад
Олон ард түмнийг чи цатгажээ.
Баялаг эрдэнэс, эд барааныхаа элбэг дэлбэгээр
Газрын хаадыг чи баяжуулав.
34Одоо чи усны гүнд далайгаар сүйтгэгдэхэд
Доторх эд бараа чинь, хамаг чуулган чинь унав.
35Эргийн хамаг оршин суугч
Чамайг хараад хиртхийж байна.
Хаад нь ихэд айж,
Царай нь түгшүүрт автжээ.
36Ард түмнүүдийн дундах худалдаачид
Чам уруу исгэрч, чи айдас түгшүүр болж,
Хойшид байхгүй болно»” гэв.
Currently Selected:
Езекиел 27: АБ2013
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.