YouVersion Logo
Search Icon

Гэтлэл 3

3
Гал дүрэлзсэн бут ба Мосе
1Мосе хадам эцэг Мидианы тахилч Иетрогийнхоо хонин сүргийг хариулж байв. Тэрээр сүргийг цөлийн араар тууж, Бурханы уул Хоребт хүрчээ. 2ЭЗЭНий тэнгэрэлч өргөст бутан дундаас галын дөлөн дунд түүнд үзэгдэв. Харагтун, бутанд гал дүрэлзэж байсан боловч бут шатахгүй байгааг Мосе харлаа.#Үйл 7:30–34 3Тэгээд Мосе
—Бут яагаад шатахгүй байгаа энэ гайхамшигт үзэгдлийг очиж харъя байз гэлээ. 4Тэрээр харахаар эргэснийг ЭЗЭН үзсэн агаад бутан дундаас түүнийг Бурхан дуудан
—Мосе! Мосе! гэсэнд тэрээр
—Би энд байна гэж хэлэв. 5Тэгтэл
—Наашаа бүү ойрт! Чиний зогсож байгаа газар ариун газар учраас хөл дэх шаахайгаа тайл гэж Тэр айлдав. 6Мөн
—Чиний эцгийн Бурхан, Абрахамын Бурхан, Исаакийн Бурхан, Иаковын Бурхан Би байгаа юм гэж айлдсанд Мосе, Бурханыг үзэхээс айж нүүрээ нуув. 7ЭЗЭН
—Египетэд байгаа ард түмнийхээ зовлонг Би харж, ажлын даамлуудаас нь болсон тэдний хашхирааныг сонслоо. Би тэдний зовлон зүдүүрийг мэднэ. 8Тиймээс тэднийг египетчүүдийн гараас чөлөөлж, тэр газраас гаргаад канаан, хит, амори, периз, хиви, болон иебусчуудын газар болох сүү бал урссан сайхан уудам нутагт аваачихаар Би бууж ирлээ. 9Тэгээд одоо, харагтун, Израилийн хөвгүүдийн хашхираан Миний өмнө ирэв. Түүнчлэн тэднийг дарангуйлж байгаа египетчүүдийн дарангуйллыг ч Би харлаа. 10Тиймээс одоо явагтун, Би чамайг Фараон уруу илгээж, чамаар Өөрийн ард түмэн болох Израилийн хөвгүүдийг Египетээс авчруулъя гэв. 11Гэвч Мосе, Бурханд
—Фараон уруу очиж, Израилийн хөвгүүдийг Египетээс гаргах гэдэг би хэн юм бэ? гэж хэлэв.
12Тэгэхэд Тэр
—Би чамтай заавал хамт байна. Чи ард түмнийг Египетээс гарган авчирч, та нар энэ ууланд Бурханд мөргөх болно. Энэ нь чамд Би чамайг илгээсний тэмдэг болно гэж айлдав.
ЭЗЭН нэрээ мэдүүлэв
13Тэгэхэд Мосе, Бурханд
—Хараач, би Израилийн хөвгүүд дээр очиж, тэдэнд “Эцэг өвгөдийн чинь Бурхан намайг та нар уруу илгээв” гэж хэлэхэд тэд надаас “Түүний нэр хэн бэ?” гэж асуувал би тэдэнд юу гэж хэлэх вэ?#Гэт 6:2–3 гэв. 14Бурхан, Мосед
—Би бол «Би байгаа»#3:14 эсвэл Би бол Би. Энэ нь еврей хэлнээ ЯАВЭ, англи хэлнээ Ехова гэж буулгасан үг юм. юм гэв. Тэгээд Тэр
—Израилийн хөвгүүдэд чи “«Би байгаа» намайг та нар уруу илгээв” гэж хэл гэв.#Илч 1:4,8 15Цааш нь Бурхан, Мосед
—Израилийн хөвгүүдэд чи “Эцэг өвгөдийн чинь Бурхан, Абрахамын Бурхан, Исаакийн Бурхан, Иаковын Бурхан ЭЗЭН намайг та нар уруу илгээв” гэж хэл. Энэ нь мөнхөд Миний нэр бөгөөд үеийн үед Миний дурсгалт нэр юм. 16Явж, Израилийн ахмадуудыг хамтад нь цуглуулан “Эцэг өвгөдийн чинь Бурхан, Абрахам, Исаак, Иаковын Бурхан ЭЗЭН надад үзэгдэн «Би та нарыг үнэхээр анхаарч, Египетэд та нарт юу тохиолдсоныг харав. 17Тиймээс та нарыг Египетийн зовлон зүдүүрээс гаргаж сүү бал урссан нутаг болох канаан, хит, амори, периз, хиви, иебусчуудын нутагт аваачна гэж Би амлав» хэмээсэн” гэж хэл. 18Тэд дуу хоолойг чинь сонсоно. Чи Израилийн ахмадуудтай хамт Египетийн хаанд очоод, “Еврейчүүдийн Бурхан ЭЗЭН бидэнтэй уулзсан. Тиймээс одоо бид Бурхан ЭЗЭНдээ тахил өргөхийн тулд цөл уруу гурван өдрийн аянд явахыг бидэнд зөвшөөрөөч!” гэж хэл. 19Харин хүчит мутраар цохихоос нааш Египетийн хаан явахыг чинь зөвшөөрөхгүйг Би мэдэж байна. 20Тийм учраас Би мутраа сунгаж, тэдний дунд үйлдэх бүхий л гайхамшгуудаараа Египетийг цохино. Үүний дараа тэр та нарыг явуулна. 21Би египетчүүдийн нүдэн дээр энэ ард түмэнд тааллыг соёрхох болно. Та нар явахдаа гар хоосон явахгүй.#Гэт 12:35–36 22Харин эмэгтэй хүн бүр хөршөөсөө мөн амьдарч буй гэрийнхээ эмэгтэйгээс алт мөнгөн эдлэл ба хувцас нэхэж аваад, хөвгүүд охиддоо өмсгөж зүүлгэ. Ингэж та нар египетчүүдийг цөлмөх болно гэв.

Currently Selected:

Гэтлэл 3: АБ2013

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in