Гэтлэл 28
28
Тахилчийн өмсгөл
(Гэт 39:1–7)
1Надад Израилийн хөвгүүдийн дундаас Аарон ахыгаа мөн түүний хөвгүүд Надаб, Абиху, Елеазар, Итамар нарыг тахилчийн албанд өөртөө авагтун.
2Ах Аароныхаа алдар, сүр жавхланд зориулан ариун хувцас хий. 3Надад тахилчийн албанд үйлчлүүлэхийн тулд Аароныг ариусгахаар түүнд хувцас хийхийг мэргэн ухааны сүнсээр Миний дүүргэсэн ур авьяаст хүн бүхэнд хэлэгтүн. 4Тэдний хийх хувцас нь цээживч, ефод, нөмрөг, нэхмэл дотуур дээл, толгойн ороолт, бүс болно. Аарон нь Надад тахилчийн албанд үйлчлэхийн тулд тэд ахад чинь болон хөвгүүдэд нь ариун хувцас хийг. 5Тэд алт ба хөх ягаан, час улаан даавуу, нарийн нэхсэн маалингыг аваг.
Ефод
6Тэгээд алт, хөх ягаан, час улаан даавуу, нарийн нэхсэн маалингаар уран хүний урлал болох ефод хийг. 7Холбогдсон байхын тулд хоёр үзүүртэй нь холбоотой хоёр мөрөвч байх ёстой. 8Ефодын дээрх уран гоёмсог бүс нь алт, хөх, ягаан, час улаан даавуу, нарийн нэхсэн маалингаар ефодтой ижил хийгдсэн байх ёстой. 9Чи хоёр судалт гартаам чулууг авч, дээр нь Израилийн хөвгүүдийн нэрсийг сийлэгтүн. 10Тэдний төрсөн дарааллаар нэг чулуун дээр зургаан нэр, нөгөө чулуун дээр үлдсэн зургаан нэр байна. 11Үнэт чулуу засагчийн урлалаар чи Израилийн хөвгүүдийн нэрсийг хоёр чулуунд тамган сийлээсээр сийлэн, алтан сууринд суулгагтун. 12Чи хоёр чулууг Израилийн хөвгүүдийн төлөөх дурсгалын чулуу болгон ефодын мөрөвч дээр тогтоох бөгөөд Аарон тэдний нэрсийг ЭЗЭНий өмнө хоёр мөрөн дээрээ дурсгал болгон тээнэ. 13Чи алтан суурь хий. 14Мөн шижир алтан хоёр гинжийг сүлжмэл олс шиг урлан хийж, суурин дээр тогтоо.
Шүүхийн цээживч
(Гэт 39:8–21)
15Чи уран хүний урлал болох шүүхийн цээживчийг хий. Үүнийг чи ефодыг урласны адилаар хий. Чи алт, хөх, ягаан, час улаан өнгийн даавуугаар болон нарийн нэхсэн маалингаар үүнийг үйлдэгтүн. 16Тэр нь дөрвөлжин, давхарласан бөгөөд урт нь нэг сөөм, өргөн нь нэг сөөм байна. 17Түүний дээр чи дөрвөн эгнээ чулуу шигтгэ. Бадмаараг, молор, маргадтай эгнээ нь эхний эгнээ, 18хоёр дахь эгнээ нь оюу, индранил, очир алмаас, 19гурав дахь эгнээ нь нал, гартаам, ягаан болор, 20дөрөв дэх эгнээ нь биндэръяа, судалт гартаам, хаш байна. Эдгээрийг алтан хүрээнд нь суулгах ёстой. 21Чулуунууд нь Израилийн хөвгүүдийн нэрсийн дагуу, арван хоёр нэрс бүхий байх бөгөөд тусбүр дээр нь арван хоёр овгийн нэрсийг нэг нэгээр нь тамган сийлээсээр сийлсэн байх ёстой. 22Чи цээживчин дээр шижир алтаар сүлжмэл олс шиг урласан гинжүүд хий. 23Цээживчин дээр хоёр алтан гархи хийж, хоёр алтан гархиа цээживчний хоёр үзүүрт холбогтун. 24Хоёр алтан оосрыг цээживчний үзүүрүүдэд байх хоёр гархинд холбо. 25Хоёр оосрын хоёр үзүүрийг хоёр алтан сууринд холбож, ефодын урд талд мөрөвчтэй нь холбо. 26Чи хоёр алтан гархи хийж, цээживчний хоёр үзүүрт, ефод уруу харсан дотоод ирмэгт нь хад. 27Чи мөн хоёр алтан гархи хийж, ефодын урд доод талд, мөрөвчнийх нь залгаасны ойролцоо, ефодын уран гоёмсог бүсний дээд талд хад. 28Тэд цээживчний гархинуудыг ефодын гархинуудтай хөх оосроор холбог. Ингэснээр цээживч нь ефодын уран гоёмсог бүсний дээр байж, ефодоос салахгүй юм. 29Аарон ариун газарт орохдоо ЭЗЭНий өмнө байнга дурсгал болгон Израилийн хөвгүүдийн нэрсийг шүүхийн цээживчинд зүрхэн тушаа авч явна.
30Шүүхийн цээживчин дотор Урим ба Туммимийг#28:30 Урим ба Туммим: Бурханы хүслийг мэдэхийн тулд хэрэглэдэг хоёр зүйл. Яг яаж хэрэглэдэг байсан нь тодорхойгүй. хий.#Тоо 27:21; Дх 33:8; Езр 2:63; Нех 7:65 Аароныг ЭЗЭНий өмнө ороход тэдгээр нь түүний зүрхэн тушаа байна. Израилийн хөвгүүдийн шүүлтийг Аарон ЭЗЭНий өмнө байнга зүрхнээ тээж явах болно.
Тахилчийн бусад өмсгөл
(Гэт 39:22–31)
31Чи ефодын нөмрөгийг бүхэлд нь хөх өнгөөр үйлд. 32Оройн хэсгийнх нь голд амсар гарга. Амсар нь урагдахгүйн тулд хөө хуягны амсар шиг амсрыг тойруулан нэхмэл урлалаар захал. 33Хормойг нь тойруулан хөх, ягаан, час улаан даавуугаар анаруудыг мөн завсар нь алтан хонхнуудыг тойруулан хий. 34Нөмрөгийн хормойг тойруулан алтан хонх ба анар, алтан хонх ба анар гэж байхаар хийгтүн. 35Аароныг үйлчлэх үед үүнийг өмсгөсөн байх бөгөөд тэр үхэхгүйн тулд ЭЗЭНий өмнө ариун газарт орж гарахад хонхны жингэнэх нь сонсогдоно.
36Чи бас шижир алтаар пайз хий. Пайзан дээр тамган сийлээсээр “ЭЗЭНд ариун” гэж сийлэгтүн. 37Үүнийгээ хөх уяагаар толгойн ороолтонд бэхлэх бөгөөд энэ нь толгойн ороолтны урд талд байх ёстой. 38Энэ нь Аароны духан дээр байж, Израилийн хөвгүүдийн ариун хандив болгож зориулсан ариун юмсын гэм согогийг Аарон өөртөө тохон, тэд Эзэний өмнө хүлээн авагдахын тулд энэ нь ямагт түүний духан дээр байг.
39Чи нарийн маалингаар дотуур дээл нэхэж, нарийн маалингаар толгойн ороолт хий. Чи нэхмэлчний урлал болох бүсийг хий. 40Аароны хөвгүүдийн алдар, сүр жавхланд зориулан тэдэнд дотуур дээл, бүс болон толгойн боолтууд хийгтүн. 41Тэгээд чи ах Аарондаа бас хөвгүүдэд нь тэдгээрийг өмсгөн Надад тахилчийн албанд үйлчлүүлэхийн тулд тэднийг тослон тэдэнд сахил хүртээн ариусгагтун. 42Нүцгэн биеийг нь халхлах маалинган дотуур өмдийг тэдэнд хий. Тэр нь бэлхүүснээс гуя хүрэх ёстой. 43Аарон болон хөвгүүд нь уулзалтын майханд орохдоо эсвэл ариун газарт үйлчлэхээр тахилын ширээнд ойртохдоо хилэнцээ тээж үхэхгүйн тулд тэдгээрийг өмсөх ёстой. Энэ нь түүнд болон түүний дараах үр удамд нь үүрд мөнхийн зарлиг болой.
Currently Selected:
Гэтлэл 28: АБ2013
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.