Естер 5
5
Естерийн найр
1Гурав дахь өдөр нь Естер хатныхаа хувцсыг өмсөн, хааны өргөөний дотоод ордонд хааны танхимын өмнө зогсоход, өргөөний үүд өөд харсан хааны танхимд хаан сэнтийдээ залран байв. 2Естер хатныг ордон дотор зогсож байгааг хаан харсан бөгөөд Естер хааны нүдний өмнө тааллыг олжээ. Хаан гартаа барьсан алтан очирт таягаа Естер уруу сунгахад Естер ойртон очиж, очирт таягийн үзүүрт хүрэв. 3Тэгээд хаан түүнд
—Хатан Естер юу болов? Чи юу хүсээ вэ? Хаант улсын тал ч байсан чамд өгөгдөнө гэв. 4Тэгэхэд Естер
—Хэрэв хаан үүнийг таалбал, өөрт нь бэлтгэсэн найранд маань хаан Хаман нар энэ өдөр ирэг гэв. 5Хаан
—Естерийн хэлсний дагуу үйлдэхийн тулд Хаманыг түргэлүүл гэжээ. Тэгээд хаан болон Хаман, Естерийн бэлдсэн найранд ирэв. 6Тэд дарс ууж байх үед хаан Естерт
—Чиний гуйлт юу вэ? Түүнийг чинь өгөх болно. Чи юу хүсээ вэ? Хаант улсын тал ч байсан гүйцэлдүүлэх болно гэж хэлэв. 7Естер хариуд нь
—Миний гуйлт ба хүсэлт бол, 8хэрэв би хааны нүдний өмнө тааллыг олсон бөгөөд хэрэв хаан миний гуйсныг өгч, миний хүссэнийг хийхийг таалбал, хаан Хаман нар миний тэдэнд бэлдэх найранд ирэг! Маргааш би хааны айлдсаныг хийнэ гэв.
Мордехаиг дүүжлэхээр Хаман төлөвлөв
9Ингээд Хаман тэр өдөр баяр хөөртэй, өндөр сэтгэлтэй гарч явлаа. Харин хааны дааман хаалганы дэргэд Мордехаи өөрийнх нь өмнө босох ч үгүй, сүрдэн чичрэх ч үгүй байгааг хараад Хаман, Мордехаид ихэд хилэгнэв. 10Гэсэн ч Хаман биеэ барьж, гэртээ ирээд анд нөхөд болон эхнэр Зерешээ дуудуулахаар илгээв. 11Тэгээд Хаман тэдэнд эд баялгийнхаа сүр жавхланг, хөвгүүдийнхээ өнөр олныг, өөрийг нь хаан хүндлэн өргөмжилсөнийг мөн өөрийг нь ноёд болон түшмэдээс дээгүүр дэвшүүлснийг тоочив. 12Хаман мөн
—Тийм ээ, Естер хатан хүртэл бэлдсэн найрандаа хаантай хамт надаас өөр хэнийг ч ирүүлээгүй бөгөөд маргааш ч бас намайг хааны хамт урьж дуудсан. 13Гэвч иудей Мордехаи хааны дааман хаалганы дэргэд суугааг харах бүрд надад энэ бүхэн онцгүй байна гэв. 14Тэгтэл түүний эхнэр Зереш болон бүх анд нөхөр нь түүнд
—Тавин тохой өндөр дүүжлүүр хийлгээд, Мордехаиг түүн дээр дүүжлэхийг хаанаас өглөө гуй. Тэгээд хаантай хамт найранд санаа амар оч! гэж хэлэхэд энэ үг Хаманд таалагдаж, тэрээр дүүжлүүр хийлгэв.
Currently Selected:
Естер 5: АБ2013
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.