YouVersion Logo
Search Icon

Дэд хууль 13

13
1Эш үзүүлэгч эсвэл зүүдээр мэргэлэгч та нар дундаас гарч, чамд тэмдэг, гайхамшгийг таниулаад, 2чамд урьдчилан хэлсэн тэрхүү тэмдэг, гайхамшиг нь биелж тэрээр “Чиний мэддэггүй байсан өөр бурхдыг цөмөөрөө даган тэдэнд зарагдацгаая” гэж хэлсэн ч 3чи тэр эш үзүүлэгч эсвэл зүүдээр мэргэлэгчийн үгийг бүү сонс. Учир нь бүх зүрх, бүх сэтгэлээрээ ЭЗЭН Бурхандаа хайртай эсэхийг чинь ЭЗЭН Бурхан чинь шалган үзэж байгаа юм. 4Та нар ЭЗЭН Бурханыхаа хойноос дагаж, Түүнээс айн эмээж, Түүний тушаалыг мөрдөж, Түүний дуу хоолойг сонсон дагаж, Түүнд зарагдаж, Түүнээс зуур. 5Харин Египет нутгаас авчирсан, боолчлолын гэрээс гаргаж авсан ЭЗЭН Бурханаас чинь та нарыг урвуулж, ЭЗЭН Бурханы чинь чамд яв гэж тушаасан замаас гаргах гэж ятгасан учир тэр эш үзүүлэгч эсвэл зүүдээр мэргэлэгчийг алах ёстой. Та нар дундаасаа ёрын мууг ийнхүү арилган зайлуулах ёстой.
6Хэрэв эхийн чинь үр болох ах дүү чинь эсвэл хүү, охин чинь эсвэл өвөр дэх эхнэр чинь эсвэл амь шигээ хайрладаг дотнын нөхөр чинь чамайг сэмхэн ятгаж “Явж өөр бурхдад мөргөе” хэмээн чи ч, эцэг өвгөд чинь ч мэддэггүй 7харин чиний эргэн тойрны, хол ойрын, газрын нэг хязгаараас нөгөө хязгаар хүртэлх ард түмнүүдийн бурхдыг яривал 8чи түүнтэй бүү санаа нэгд, түүнийг бүү дага, бүү өрөвд, бүү хэлтрүүл, бүү халхал. 9Харин чи түүнийг заавал ал. Алахдаа эхлээд чи түүнд гар хүрч, дараа нь бусад хүмүүс гар хүрэх ёстой. 10Египет нутгаас, боолчлолын гэрээс чамайг гаргаж авсан ЭЗЭН Бурханаас чинь тэр чамайг урвуулахыг завдсан тул чи түүнийг чулуугаар шидэж алах ёстой. 11Тэгвэл бүх Израиль үүнийг сонсоод, айж, дахин хэзээ ч тийм ёрын муу юм та нар дунд хийхгүй.
12Чамайг амьдруулахаар Бурхан ЭЗЭНээс чинь чамд өгч буй аль нэгэн хотод, 13та нар дундаас үл бүтэх хэсэг хүмүүс гарч ирээд, хотынхоо оршин суугчдыг уруу татан, “Явж, та нарын мэддэггүй байсан өөр бурхдад зарагдъя” гэж хэлэхийг чи сонсвол, 14чи үүнийг сураглаж, эрж, сайтар асуугаад, тийм жигшүүрт юм та нар дунд гарсан нь үнэн байвал 15чи тэр хотын оршин суугчдыг илдний ирээр хиар цохиж, тэр хот болон түүний доторх бүгдийг мал сүрэгтэй нь хамт илдний ирээр хүйс тэмтэр. 16Бас тэндээс булааж авсан бүхнээ хотын төв талбайд цуглуулаад, тэр хотыг булаан авсан бүх зүйлтэйгээ ЭЗЭН Бурхандаа шатаалт тахил болгон шатаа. Тэр хот үүрд балгас болж, дахин хэзээ ч баригдах ёсгүй. 17Хориг цээртэй юмнаас юунд нь ч бүү гар хүр. Тэгвэл ЭЗЭНий уур хилэн намдаж, чамд өршөөл үзүүлэн энэрч, чиний эцэг өвгөдөд тангарагласан ёсоороо чамайг олшруулна. 18Хэрвээ чи ЭЗЭН Бурханыхаа дуу хоолойг сонсоод, өнөөдөр миний чамд тушааж буй бүх тушаалыг дагаж, ЭЗЭН Бурханыхаа мэлмийд зөв зүйтэйг үйлдвэл тийм байх болно.

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in