Амос 5
5
Израилийн нүглийн улмаас гашуудав
1Израилийн гэр ээ, та нарт гашуудлын дуу болгон өргөж буй үгийг минь сонс.
2Онгон Израиль унаад, дахин үл босно.
Тэр нутагтаа хаягдсан.
Түүнийг босгох хэн ч алга.
3Учир нь Эзэн БУРХАН айлдаж байна.
“Израилийн гэрт мянгатыг гаргагч хот нь зуутай үлдэнэ.
Зуутыг гаргагч нь аравттай л үлдэнэ”
4Учир нь Израилийн гэрийг
ЭЗЭН ийнхүү айлдаж байна.
“Хай Намайг, тэгвэл амьд үлдэнэ.
5Харин Бетелийг бүү хай,
Гилгал уруу бүү оч,
Беершебагаар бүү дайр.
Учир нь Гилгал заавал олзлогдон явж,
Бетелд золгүй явдал учирна
6Хай ЭЗЭНийг, тэгвэл амьд үлдэнэ.
Эс тэгвэл Иосефын гэрт
Тэр гал мэт гарч, цөлмөх болно.
Бетелд түүнийг унтраах хэн ч үгүй.
7Шүүхийг шарилж болгож,
Зөвт байдлыг та нар газар хаядаг”
8Тэр долоон бурхан, мичдийг бүтээсэн,
Үхлийн харанхуйг ч өглөөгөөр сольдог.
Мөн өдрийг шөнө болгон харанхуйлуулж,
Тэнгисийн усыг дуудан
Газрын гадаргуу дээр асгадаг
Түүний нэр ЭЗЭН.#Иов 9:9, 38:31
9Хүчтэн дээр сүйрлийг цахилуулж,
Бэхлэлтэд сүйрлийг ирүүлэгч нь Тэр юм.
10Дааман хаалган дээр зэмлэдэг хүнийг тэд үзэн яддаг,
Чигч шударгаар ярьдаг хүнийг тэд зэвүүцдэг.
11Та нар ядуу хүнд татвар ногдуулж,
Тэднээс тарианы алба гувчуур авдаг тул
Та нар зассан чулуугаар байшингууд барьсан ч
Тэндээ амьдрахгүй.
Та нар тааламжит усан үзмийн төглүүдийг тарьсан ч
Дарснаас нь уухгүй.
12Учир нь та нарын гэмт үйлдлүүд,
Үлэмж нүглийг чинь Би мэднэ.
Зөвтийг шахаж, хахууль авч,
Ядууг дааман хаалган дээр хилсдүүлэхэд
13Хашир нь дуугаа хураадаг энэ үе
Юутай ёрын муу цаг вэ!
14Хай, ёрын мууг бус, сайныг хай,
Тэгвэл амьд үлдэнэ.
Та нарын хэлсэн ёсоор түг түмдийн Бурхан ЭЗЭН
Тийнхүү та нартай хамт байх болтугай.
15Мууг үзэн яд, сайныг хайрла
Дааман хаалган дээр шүүхийг тогтоо.
Тэгвэл түг түмдийн Бурхан ЭЗЭН
Иосефын үлдэгсдэд нигүүлсэнгүй хандаж магад.
16Иймд түг түмдийн Бурхан ЭЗЭН
Эзэн ийнхүү айлдаж байна.
“Талбай бүрд орилох дуу сонсогдож,
Гудамж бүрд «Аа-аа, аа-аа» гэцгээнэ.
Тэд бас тариачдыг гашуудахаар дуудаж,
Мэргэжсэн гашуудагсдыг эмгэнэлд дуудна.
17Усан үзмийн цэцэрлэг бүрд орь дуу гарна.
Учир нь Би дундуур чинь өнгөрөх болно” гэж
ЭЗЭН айлдаж байна.
ЭЗЭНий өдөр-харанхуй өдөр
18ЭЗЭНий өдрийг хүсэмжлэгч та нар хөөрхий еэ.
ЭЗЭНий өдөр нь та нарт ямар хэрэгтэй вэ?
Тэр нь гэрэл биш, харанхуй байх болно.
19Хүн чонын амнаас гарч барын аманд орох,
Гэртээ хариад, гараараа хана түшин могойд хатгуулах мэт буюу.
20ЭЗЭНий өдөр нь гэрэл бус харанхуй байх биш үү?
Гэгээ үгүй түнэр харанхуй бус уу?
21“Найр наадмуудыг чинь үзэн ядав,
Би тэднээс татгалзав.
Тусгай чуулаануудыг чинь Би эс таалав#Иса 1:11–14
22Шатаалт тахил,
Идээн өргөлүүдийг Надад өргөсөн ч
Би эс хүлээн авна.
Эвийн тахилын тарган мал уруу чинь ч хүртэл
Эс харна, Би.
23Дуунуудынхаа чимээг Надаас зайлуул.
Ятгын эгшгийг чинь ч эс сонсоно, Би.
24Харин шүүлт ус мэт,
Зөвт байдал мөнх урсах урсгал мэт хуйлран бууг.
25Израилийн гэр ээ, та нар цөлд дөчин жилийн туршид Надад тахил, идээн өргөлийг өргөн барьсан бил үү?#Үйл 7:42–43 26Та нар бас өөрсдөдөө хийсэн Сиккут хааныгаа, Кийун хөргүүдээ, бурхдынхаа одыг авч явсан. 27Тиймд Би та нарыг Дамаскийн чанадад цөллөгт явуулна” гэж ЭЗЭН айлдаж байна. Түүний нэр бол түг түмдийн Бурхан.
Currently Selected:
Амос 5: АБ2013
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.