2Шастир 30
30
Алгасалыг тэмдэглэв
1Хезекиа бүх Израиль, Иуда уруу хүн илгээж мөн Ефраим ба Манассе уруу захидал бичиж, Израилийн Бурхан ЭЗЭНд Алгасалыг тэмдэглэхээр Иерусалим дахь ЭЗЭНий өргөөнөө ирэхийг тэднээс хүсэв. 2Хаан, түүний ноёд болон Иерусалим дахь бүх чуулган, Алгасалыг хоёрдугаар сард тэмдэглэхээр шийдсэний шалтгаан нь#Тоо 9:9–11 3өөрсдийгөө ариусгасан тахилч нар хүрэлцэхүйц тоогоор байгаагүй мөн Иерусалимд хүмүүс ч цуглараагүй зэрэг байлаа. Үүнээс болж тэд тохиосон үед нь түүнийг тэмдэглэж чадаагүй юм. 4Ингэх нь хаан болон бүх чуулганы нүдэнд зөв байв. 5Иймээс тэд Израилийн Бурхан ЭЗЭНд Алгасалыг тэмдэглэхээр Иерусалимд тэднийг ирүүлэх тунхгийг Беершебагаас Дан хүртэлх бүх Израиль даяар тараах зарлиг гаргав. Учир нь тэд энэ баярыг зааврын дагуу ингэж тэмдэглээгүй удсан байжээ. 6Зарлагууд хааны тушаалын дагуу хаан хийгээд түүний ноёдын гараас авсан захидалтай, бүх Израиль, Иуда даяар явж, “Өө, Израилийн хөвгүүд ээ, Абрахам, Исаак, Израилийн Бурхан болох ЭЗЭН өөд эргэгтүн. Ингэх аваас Тэр Ассирийн хаадын хүчирхийллээс үлдсэн та нарын зүг эргэх болно. 7Эцэг өвгөдийнхөө Бурхан ЭЗЭНд үнэнч бус байсан эцгүүд болон ах нар шигээ бүү байгтун. Тэр тэднийг хэрхэн аймшигтай болгосныг та нар бэлхнээ харсан билээ. 8Эцгүүдийнхээ адил бүү бүдүүн хүзүүл! ЭЗЭНд гараа өгч, Түүний мөнхөд ариусгасан Түүний ариун газарт орж, Түүний дүрэлзсэн хилэн та нараас эргэхийн тулд ЭЗЭН Бурхандаа үйлчлэгтүн! 9Та нар ийнхүү ЭЗЭН өөд эргэснээр, та нарын ах дүүс болон хүүхдүүд өөрсдийг нь олзлон явсан хүмүүсийн өмнө өршөөл олж, энэ нутагт буцаж ирэх болно. Учир нь та нарын Бурхан ЭЗЭН нигүүлсэнгүй, өршөөнгүй бөгөөд та нар Түүн уруу эргэвэл та нараас нүүрээ Тэр буруулахгүй” гэж тунхаглав. 10Зарлагууд Ефраим болон Манассегийн нутаг даяар, Зебулуны чанад хүртэл хотоос хот дамжин явж байхад хүмүүс харин тэднийг зэвүүцэн, инээлдэж доромжилж байв. 11Хэдий тийм боловч Ашер, Манассе, Зебулуны зарим хүмүүс өөрсдийгөө даруу болгон Иерусалимд ирцгээв. 12ЭЗЭНий үгээр хаан хийгээд ноёдын тушаасныг гүйцэтгэх нэг зүрх сэтгэлийг тэдэнд өгөхийн тулд Бурханы мутар Иудагийн дээр бас байсаар байв.
13Хоёрдугаар сард, Исгээгүй талхны баярыг тэмдэглэхээр, олон хүн буюу асар том чуулган Иерусалимд цугларчээ. 14Тэд босоод, Иерусалимд байсан тахилын ширээнүүдийг зайлуулжээ. Тэд бас утлагат тахилын ширээнүүдийг холдуулан Кидрон гуунд хаяв. 15Тэгээд хоёрдугаар сарын арван дөрвөнд тэд Алгасалын хургануудыг нядаллаа. Тахилч нар болон левичүүд өөрсдөөсөө ичиж, өөрсдийгөө ариусгаад, ЭЗЭНий өргөөнд шатаалт тахилуудыг авчрав. 16Тэд Бурханы хүн Мосегийн хуулийн дагуу өөрсдийн журмаар байр байрандаа зогсоцгоов. Тахилч нар левичүүдийн гараас хүлээн авсан цусыг цацжээ. 17Тэнд чуулганы дунд өөрсдийгөө ариусгаагүй олон хүн байсан учраас тэднийг ЭЗЭНд ариусгахын тулд бузар байсан хүн нэгбүрийн төлөө левичүүд Алгасалын тахилын нядалгааг гүйцэтгэв. 18Ард түмний нэлээд нь буюу Ефраим, Манассе, Иссахар болон Зебулунаас ирсэн олон хүн өөрсдийгөө цэвэршүүлээгүй боловч Алгасалын зоогийг заавраас гадуур идэцгээж байв. Хезекиа тэдний төлөө залбиран
—Сайн ЭЗЭН хүн бүрийг уучлаг. 19Хэдийгээр ариун газрын цэвэршлийн журмын дагуу биш ч гэлээ эцэг өвгөдийнхөө Бурхан ЭЗЭН болох ЭЗЭНийг эрэлхийлэхээр өөрийн зүрх сэтгэлийг бэлдэгч хүн бүрийг уучлаг гэв. 20Иймээс ЭЗЭН Хезекиаг сонсоод, ард түмнийг эдгээв. 21Иерусалимд байсан Израилийн хөвгүүд Исгээгүй талхны баярыг долоо хоногийн турш маш их баяр хөөртэйгөөр тэмдэглэсэн бөгөөд левичүүд болон тахилч нар ЭЗЭНд зориулан чанга хөгжмөөр тоглож, ЭЗЭНийг өдрөөс өдөрт#30:21 эсвэл бүх хүчээрээ Еврейд нь агуу зэмсгүүдээр магтав. 22ЭЗЭНий үйлчлэлд сайн чадвар бүхий бүх леви хүнд Хезекиа урмын үгсийг хэлжээ. Ингээд тэд эвийн тахилуудыг тахин, эцэг өвгөдийнхөө Бурхан ЭЗЭНд талархан товлосон долоон өдрийн турш идэцгээв. 23Тэгээд чуулган бүхэлдээ баярыг дахин долоо хоног тэмдэглэхээр шийдсэнээр тэд баяр хөөртэйгөөр дахин долоо хоног тэмдэглэцгээв. 24Учир нь Иудагийн хаан Хезекиа чуулганд зориулан мянган бух, долоон мянган хонийг хандивласан бөгөөд ноёд ч чуулганд зориулан мянган бух, арван мянган хонийг хандивласан билээ. Мөн маш олон тооны тахилч нар өөрсдийгөө ариусгав. 25Иудагийн бүх чуулган, тахилч нар, левичүүд болон Израилиас ирсэн бүх чуулганы хамт мөн Израиль газраас ирсэн болон Иудад амьдардаг ирмэл хүмүүсийн аль алинтай нь хамт баярлан хөөрцгөөжээ. 26Давидын хүү Израилийн хаан Соломоны өдрүүдээс хойш Иерусалимд үүнтэй адил юм болж байгаагүй учраас Иерусалимд асар их баяр хөөр болж байлаа. 27Дараа нь Левийн тахилч нар босож, ард түмнийг ерөөв. Тэдний дуу ЭЗЭНд сонсогдож, тэдний залбирал Түүний ариун оршихуй болох тэнгэрт хүрсэн ажээ.
Currently Selected:
2Шастир 30: АБ2013
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.